“Future Mongoliа” үзэсгэлэнгийн бэлтгэл бүрэн хангагдлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

“Future Mongoliа” үзэсгэлэнгийн бэлтгэл бүрэн хангагдлаа

Ирэх
сарын 16-19-ний хооронд Улаанбаатар хотод болох “Future Mongolia 2012”
олон улсын үзэсгэлэн худалдааны бэлтгэл ажил бүрэн хангагджээ. Аливаад
нягт нямбай хандаж, төгс хийдэг германчууд зохион байгуулж байгаа учраас
энэ үзэсгэлэн бусад арга хэмжээнээс өвөрмөц, өндөр түвшинд болох байх
гэсэн хүлээлт салбарын бизнес эрхлэгчдэд бий. “Future Mongolia”
үзэсгэлэнгийн Монгол дахь зохион байгуулагч “Аммак MGL” ХХК-ийн
Гүйцэтгэх захирал Карстен Кёпке болон “Аммак” компанийн Орлогч захирал
Марий Готтшалк нартай MMJ сэтгүүлийн Э.Хосцэцэг ярилцлаа.

Манай сэтгүүлийн урилгыг авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Юуны өмнө манай уншигчдад өөрсдийгөө танилцуулна уу?

Карстен Кёпке:
Намайг Карстен Кёпке гэдэг. “Аммак MGL” компанийн Гүйцэтгэх захирлаар
ажилладаг. 2009 оноос Монголд амьдарч байна. Анх 2008 оны дөрөвдүгээр
сард Монголд ирж байлаа. “Аммак MGL” компани нь 2-3 салбарт бизнес
эрхэлдэг.

Марий Готшалк: Намайг Марий Готшалк гэдэг.
“Аммак ХХК”-ийн Орлогч захирлын албыг хашдаг. Манайх ХБНГУ-ын компани.
10 орчим жилийн өмнөөс ХАА-н машин, тоног төхөөрөмжийн чиглэлээр үйл
ажиллагаа явуулж эхэлсэн. ОХУ болон Дорнод Европын орнуудад хөдөө аж
ахуйн машин техник нийлүүлдэг. Би анх удаагаа Монголд ирж байна. Хамтран
ажилладаг хүмүүс маань өмнө нь Монголд ирж байсан болохоор тэднээс
Монгол орны талаар ихийг сонсож, ирж үзэхсэн гэж хүсдэг байлаа. Ирээд
төрсөн сэтгэгдэл маань их сайхан байна. Ирснээсээ хойш их юм үзэж
харлаа. Хөдөө явсан. Үнэхээр гайхалтай санагдсан. Улаанбаатар хот ч
гэсэн их таалагдаж байна.

“Future Mongolia”-г олон улсад
үзэсгэлэн зохион байгуулах арвин туршлагатай “FV Messe” агентлаг зохион
байгуулж байгаа. Танай компани энэ арга хэмжээнд ямар үүрэгтэй оролцож
байна вэ?

Карстен Кёпке: Манай компани энэ арга
хэмжээг зохион байгуулахад орон нутгийн түншээр ажиллаж байна. Өөрөөр
хэлбэл бид холбогдох яам тамгын газрууд, Улаанбаатар хотын удирдлага,
үзэсгэлэн яармагт бүтээгдэхүүнээ сурталчлахаар оролцох Монголын
компаниудтай харилцаа тогтоох, холбогдох хүмүүстэй нь уулзаж ярилцах
зэргээр зохион байгуулалтын бүхий л ажлуудыг гүйцэтгэх үүрэгтэйгээр
оролцож байна. Энэ чиглэлд ICG компанитай хамтран ажиллаж байна.Түүнчлэн
манай компани “Future Mongolia” үзэсгэлэнгийн маркетингийг давхар
хэрэгжүүлж байгаа.

Энэ оны нэгдүгээр сард бид “Чингис хаан”
зочид буудалд нээлтийн арга хэмжээгээ зохион байгуулж, Монголд явуулах
арга хэмжээний хүрээнд зохицуулах ажлуудаа тодорхой болгосон. Одоогийн
нөхцөл байдал, үзэсгэлэн яармагт оролцогчдын тоонд бид сэтгэл хангалуун
байгаа. Ерөнхийд нь тоймлож хэлбэл “Future Mongolia” үзэсгэлэнгийн ажил
урагштай байна. Германд байгаа гол зохион байгуулагч ч гэсэн маш олон
компани оролцохоор бүртгүүлсэнд ихээхэн өндөр сэтгэгдэлтэй байгаа. 

Томоохон
үзэсгэлэн, хурлыг зохион байгуулахад танхим, унаа, буудал, орчуулагч
гээд шийдвэрлэх асуудал их гардаг. Энэ бүхнийг хэрхэн зохицуулж  байна
вэ?

Карстен Кёпке: Юуны өмнө “Буянт-Ухаа” спортын
ордны удирдлагууд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хамтран ажиллаж ирсэнд
гүнээ талархаж байна. Манай арга хэмжээ “Буянт-Ухаа” спортын ордонд
болох юм. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, холбогдох яам,
тамгын газруудад талархаж буйгаа илэрхийлье. Зарлалын чанартай зүйл
хэлэхэд хамтран ажиллах сонирхолтой герман хэлний орчуулагч, хэлмэрч
нарыг талархалтайгаар хүлээн авах болно. Бид энэ чиглэлээр ХБНГУ-ын их,
дээд сургууль төгссөн залуусын байгуулсан “Монгол-Германы гүүр” ТББ-тай
хамтран ажиллах талаар ярилцаж байна.

Үзэсгэлэн яармагийг үзэж
сонирхохоор ирэх иргэдэд зориулж, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэхээр
төлөвлөн, холбогдох нийтийн тээврийн компаниудтай яриа хэлэлцээ хийсэн.
Үзэсгэлэн яармагт оролцох гадаадын зочдыг “Кемпински”, “Рамада” зочид
буудлуудад байрлуулах бодолтой байна. Өөрөөр хэлбэл Герман дахь гол
зохион байгуулагч маань тэндэхийн аялал жуулчлалын товчооны шугамаар
Улаанбаатар дахь буудлуудад захиалга өгсөн. Нэр дурдсан зочид буудлууд
“Future Mongolia” үзэсгэлэнгийн түншлэгчээр оролцож, биднийг дэмжин
ажиллах сонирхлоо илэрхийлсэнд ихээхэн баяртай байна.

Таны бодлоор энэ үзэсгэлэн худалдаа Монголд юу авчрах вэ?

Карстен Кёпке:
“Future Mongolia” үзэсгэлэн яармаг Монгол улсын хөгжилд ихээхэн хувь
нэмэр оруулна гэдэгт би итгэлтэй байна. Монголд жинхэнэ утгаараа олон
улсын үзэсгэлэн яармагийн хэмжээнд анх удаагаа зохиогдож байгаа гадаадын
олон компани хамруулсан томоохон арга хэмжээ гэж ойлгож байгаа.
Ялангуяа ХБНГУ-ын компаниуд идэвхтэй оролцоно. “Future Mongolia”-г
зохион байгуулж байгаа байгууллагууд болон оролцож байгаа компаниуд энэ
завшааныг Монголын компаниудад бүтээгдэхүүнээ сурталчлах талбар болгон
ашиглана гэж найдаж байна. Зөвхөн уул уурхайгаар зогсохгүй хөдөө аж
ахуй, барилга гэх мэт бүх л салбарын тоног төхөөрөмжүүд үзэсгэлэн дээр
дэлгэгдэх учир худалдан авагч, нийлүүлэгчидийн уулзах цэг нь “Future
Mongolia” болох юм. Энэ арга хэмжээ Монгол орны цаашдын хөгжилд чухал
хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Марий Готшалк:
Бид “Future Mongolia”-гаас их зүйл хүлээж байгаа. Энэ арга хэмжээ нь
Монголын хувьд бараг анхных гэж хэлж болох олон улсын томоохон үзэсгэлэн
яармаг. Энэ ажлын хүрээнд өөрийн компаниа танилцуулах боломж олдож
байгаад бид баяртай байгаа. Мөн Германы ХАА-н машин техник үйлдвэрлэгчид
өөрсдийн бүтээгдэхүүнүүдээ Монголын бизнес эрхлэгчдэд танилцуулахаар
энд хүрэлцэн ирнэ. Хамгийн сайн технологийг танилцуулах учраас энэ нь
монголчуудад хол явахгүйгээр хэрэгцээт тоног төхөөрөмжийг олж авах
боломжийг олгох юм. 

Олон компанийн сайн технологиудыг
танилцуулна гэлээ. Жишээ нь танай компани “Future Mongolia”-д ямар
компанийн бүтээгдэхүүнийг танилцуулах вэ?

Марий Готшалк:
Бид Германы ХАА-н машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн
бүтээгдэхүүнийг танилцуулж борлуулдаг. Үүнд CLAAS, LEMKEN, WM
Kartoffeltechnik, төмс хураах техник үйлдвэрлэгч Beinlich, усалгааны
тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, ХАА-н чиглэлээр зөвлөгөө өгдөг IAK Agrar
Consulting зэрэг компани орно. Бид ихэвчлэн ХАА-н машин, техник
үйлдвэрлэгчдийг төлөөлдөг. Дээр нэрлэсэн компаниуд нь Германдаа ХАА-н
машин техникийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг нэртэй компаниуд юм. Бидний
зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаанд эдгээр компани оролцох болно.

Та бүхэн Монгол улсын цаашдын хөгжлийг хэрхэн харж байна вэ?

Карстен
Кёпке: Монгол орны эдийн засгийн болон ерөнхий хөгжлийг бид эерэгээр
харж байгаа. Өнгөрсөн 4 жилд Монгол орон ямар хурдацтай хөгжиж байгааг
харлаа. Ялангуяа барилгын салбарт хөгжил ид өрнөж байгаа нь мэдрэгддэг.
Шинээр маш олон тооны оффисийн болон орон сууцны зориулалттай барилга
байгууламж баригдаж байна. Бидний бизнес эрхэлж байгаа ХАА-н салбарын
хөгжил ч хурдацтай яваа нь анзаарагддаг. Монголын компаниуд ХАА-г
ашигтай бизнесийн талбар гэж харж, хөрөнгө оруулалт хийхийг хүсч байгаа
нь ажиглагдлаа.

Сүүлийн жилүүдэд Герман Монголын хамтын
ажиллагаанд, ялангуяа өнгөрсөн онд ашигт малтмалын хэлцэл байгуулагдсаны
дараах байдлаас харахад энэ салбарт ч гэсэн нааштай төлөв ажиглагдсан.
Өөрөөр хэлбэл Германы хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож байна.
Монголын компаниуд Германы уул уурхайн болон ашигт малтмал боловсруулдаг
машин, тоног төхөөрөмжийг худалдаж авах сонирхолтой байна. Сүүлийн
жилүүдэд улам бүр нэмэгдсээр байгаа ашигт малтмалын төслүүдийн ачаар
Монгол орон зөвхөн Азийн төдийгүй нийт дэлхий дахины хөрөнгө оруулагчдын
сонирхлыг татаж байгаа, цаашид ч улам ихээр татах болно. “Future
Mongolia” үзэсгэлэн худалдаа 2013 онд дахин зохион байгуулагдна. Өөрөөр
хэлбэл “Future Mongolia 2012” дуусмагц бид” Future Mongolia 2013”-ын
бэлтгэл ажилд орох болно.

Цаг зав гаргаж ярилцсан Та бүхэнд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж