Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Иран цохилт өгөх үү

Иран Персийн булангийн Ормузын хоолойн зүүн хэсэгт тэнгисийн цэргийн бааз байгуулжээ. Үүнийг Тегераны зүгээс хийж байгаа сэтгэл зүйн дарамт гэдэгт шинжээчид санал нэгтэй байна. Гэхдээ бүс нутагт дайн гарч болох эсэхэд АНУ эргэлзэж байгаа. АНУ-ын Конгрессийн Судалгааны алба бэлтгэсэн илтгэлдээ Иранд цохилт өгөх нь үр дүн муутай гэсэн дүгнэлт гаргажээ.

Тэнгисийн цэргийн шинэ баазыг Ормузын хоолойн зүүн хэсэгт байдаг Жаск хотноо байгуулсан байна. Хэрэв Израиль болон АНУ-ын зүгээс цохилт өгөх юм бол дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 40 хувийг зөөдөг стратегийн чухал ач холбогдолтой хоолойг хаана гэдгээ Тегеран нэг биш удаа мэдэгдэж байсан юм.

Контр-адмирал Хабибола Сайярын хэлснээр уг бааз нь бүс нутгийн хамгаалалтын шинэ шугам болж байгаа бөгөөд Ираны зэвсэгт хүчин шаардлагатай нөхцөлд Персийн буланд эсрэг талынхаа хүчнийг ороход нь саад тавьж чадна гэж үзэж байгаа аж.

Гэхдээ барууныхан сөргөлдөөнд орохыг ашиггүй гэж үзэж байна. АНУ-ын Конгрессийн Судалгааны алба шинжээчдийн дүгнэлтийг харьцуулж үзээд Иранд цохилт үзүүлэх нь ямар үр дагавар гаргаж болох талаар илтгэл бэлтгэсэн байна.
Уг илтгэлд “Ираны цөмийн байгууламжууд нь сайтар нууцлагдсан. АНУ ч Израиль ч энэ байгууламжуудын талаар нарийн мэдээлэлгүй байна” хэмээн бичсэнээс иш татан Израилийн “Курсор” агентлаг дамжуулжээ.

Шинжээчдийн дүгнэлтээр цөмийн байгууламжууд нь тус улсын нутагт тархан байрласан учраас нэг цохилтоор устгах аргагүй гэнэ. Иран цөмийн байгууламжуудаа зургаан сарын дотор бүрэн хэмжээгээр нь сэргээн босгох чадвартай гэнэ.

Сүүлийн үед Барууны хэвлэл мэдээллээр Израилийн зүгээс Иранд цохилт өгөх боломжтой эсэх талаар ихээхэн бичиж байгаа. Британийн “The Sunday Times” сонины мэдээгээр, Тель-Авив тусгай албаныхны дайчдаар Ираны цөмийн байгууламжуудын мониторингийг хийлгэх нууц ажиллагааг явуулж, туршуулуудыг Ираны нутаг дэвсгэрт нууцаар оруулж байгаа гэнэ. Сүүлийн үед Тель-Авив болон Бакугийн харилцаа сайжирч байгаад АНУ ихээхэн түгшиж байгаа. Израиль Иранд цохилт өгөхдөө Азербайжаны нутаг дэвсгэрийг ашиглаж болох талтай ажээ.

“Ираны цэргийн боломжийг АНУ болон Израильтай харьцуулах нь инээдэмтэй. Гэхдээ тэнгисийн цэргийн шинэ бааз байгуулсан гэсэн мэдээлэл нь сэтгэл зүйн нөлөөтэйгээс  гадна ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад ба аятолла Хаменеи нарын сөргөлдөөнтэй байгаа дотоодын бодлогод нь чухал үүрэгтэй” хэмээн Москвагийн Карнегийн төвийн шинжлэх ухааны зөвлөлийн гишүүн Алексей Малашенко дүгнэж байна. Шинжээчийн яриагаар АНУ-ын Конгрессийн Судалгааны албаны илтгэлд Иранд цохилт хийхгүй байх зөвлөмж гаргасан нь логик талаасаа зөв гэнэ. “Иранд цохилт хийж огт болохгүй. Учир нь үүнээс үүдэн Ойрхи Дорнодын нөхцөл байдал хүндэрнэ. Одоо тэнд Иран, Сири хоёрын асуудал хангалттай хүндрэл үүсгээд байгаа. Үүн дээр бас нэг мөргөлдөөн гаргах хэрэггүй” хэмээн шинжээч тэмдэглэв.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж