
Орцонд мөн адил харанхуй. Лифтний хаалганы өмнө очиж доороос ирж буй гэрлийг ойртохыг хүлээн зогсож байхад хэдэн жилийн өмнө гүйлтийн аварга шалгаруулах залуучуудын тэмцээнд орж байсан нь санагдлаа. Цээжин дотор нь зүрх нь байж ядан булгилаад л, шүүгчийн шүгэл дугарахыг тэсч ядан хүлээгээд л. Бодлыг минь таслан /магадгүй шүгэл дугаран/ өмнө нь хаалга нээгдлээ. Үсрэн орох гэтэл золтой л хүн дээр гишгэчихсэнгүй. Хоёр залуу хүүхдээ дундаа хэвтүүлчихээд орцонд унтаж байв. Олон сар ус цасанд ороогүйгээс нь болоод ч тэр үү өөдөөс нэвширсэн үнэр ханхийх аж. Би ч хэзээ хамгийн сүүлд усанд орсноо санахгүй байна л даа. Гэхдээ арай ч үнэр орчихоор хэмжээнд хүрээгүй байгаа тул тэднээс сэжиглэн хойш ухран буцаад явах гэснээ, “ХҮҮШЭЭ, ЗАЛУУСАА СЭРЭЭРЭЙ. ЦААНА ЧИНЬ ТӨРИЙН ЭРГЭЛТ БОЛЖ БАЙНА” хэмээн тэднийг сэрээчихээд хариуг нь ч сонсолгүй шатаар доош гүйлээ. Доош буухдаа орцны хананд бичсэн танил үгсийг өөрийн эрхгүй уншиж байв. “төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аврая”, “сайхан сонгууль болоосой”, “Болдоо би чамд хайртай”, “Э+Э=loveрхэл”, “хүн алж болохгүй, хятадыг алж болно”, “ЭВтэй байхдаа… за за арайхийн гарч ирлээ. Цугласан олон руу хамаг чадлаараа гүйн очлоо. Төрийн эргэлт хийхэд хангалттай хүмүүс цугласан байв. Залуус урдуур нь эмэгтэйчүүд дундуур нь, ахмад настангууд нь араар нь харагдаж байв. Тэднийг зогсоох гэж цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдал зарласан нь илт байв. Цугласан хүмүүсээс дутахааргүй олон “хар хувцастангууд” тэдний өмнө зогсоцгоох ажээ. Мэдсэнсэн бол /бас утастай байсан бол/ хэдэн найзаа дууддаг байж дээ хэмээн харамсаад, ямар ч гэсэн үхсэн ч хамаагүй чадлаараа тэмцэнэ дээ гэж бодоод урагшиллаа. Хүмүүсийн цус нь хөөрчээ. Бүгд л урагшаа дайрч надад урагш ахих боломж бараг өгөхгүй байлаа. Би ч байдаг чадлаараа дайран “УРАГШАА” хэмээн эрэмгий зоригтойгоор орилсоор урагш түрлээ. Гэтэл хажуунаас “хөөш чи очерлоочээ” хэмээн загнаж гарав. Би андуурчээ. Тэд төрийн эргэлт хийж байгаа биш халамжийнхаа мөнгийг авах гэж цугласан улс байлаа. Гадаа ямар харанхуй байна аа.