Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

“Чингис” зочид буудалд Азийн бүс нутгийн улстөрчид цугларч
эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр чуулж байна.
Хоёр өдөр үргэлжлэх “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх арга
замыг тодорхойлох нь” сэдэвт Азийн бүсийн бага хуралд Зүүн умард, Зүүн
өмнөд Азийн орнууд  болох Монгол Улс, БНХАУ, Вьетнам, Индонез, Камбож,
Киргиз, Малайз, Мъянмар, Филлиппин, Тайланд, Бүгд найрамдах ардчилсан
Тимор Лесте зэрэг 11 орны парламентын гишүүд, Засгийн газар, иргэний
нийгмийн төлөөлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ажилтнууд, экспертүүдээс
бүрдсэн 80 гаруй  төлөөлөгч оролцож байгаа юм.

Бүсийн бага хурлын төлөөлөгчид Сонгуульд өрсөлдөх эмэгтэйчүүдэд дэмжлэг
үзүүлэх нь, Эмэгтэйчүүдийг улс төрд татан оролцуулах арга замууд, Төрийн
захиргаан дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэх
асуудал, Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжихэд улс орнуудын авч
буй эрх зүй, тогтолцоо зэрэг сэдвийг сонгон авч сонирхолтой хэлэлцүүлэг
өрнүүлж байна.
Бага хурлын төлөөлөгчдийн яриаг сонсч байхад монголчууд өөрсдийгөө европ
сэтгэлгээтэй, европ боловсрол, хүмүүжилтэй гэдэг ч эмэгтэйчүүдийн улс
төрийн оролцооны байдлаар мусульман шашинтай, Күнзийн сургаальтай
орнуудаас хол хоцорсон байна.

Монголын эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо бүс нутагтаа сүүл мушгих
хэмжээнд байгааг оролцогчид хэллээ. Өнөөдрийн байдлаар зарим орны 
үндэсний парламентад эмэгтэйчүүдийн эзэлдэг хувийг авч үзвэл Балба 33,2,
Афганистан 27,7, Вьетнам 25,8, БНАЛАУ  25,2, Пакистан  22,2, Филиппин 
21,4, Бангладеш 18,6, Тайланд  13,3, Энэтхэг 10,8, Бутан 8,5, Малдив
6,5, Шри Ланка 5,8 хувьтай байгаа бол Монгол Улсын Их Хуралд эмэгтэй
гишүүдийн эзлэх хувь 3,9  байгаа нь бүс нутагтаа “баян ходоод” хавьцаа
үзүүлэлт юм. Эхлээд дээрх орнууд квотоор эмэгтэйчүүдээ улс төрд оруулдаг
байснаа яваандаа бүсгүйчүүд эрчүүдтэй ана мана өрсөлдөөд гараад ирдэг
болжээ. Нийгмийн сэтгэхүй эмэгтэй улстөрчид ихийг хийж чаддагийг
мэдэрдэг болжээ гэсэн үг.

Монголын эмэгтэйчүүд улс төрийн оролцоогоороо дэлхийн 133 орны 124-т
буюу сүүлээсээ есд яваа гэсэн тоон үзүүлэлт байдаг. Парламентдаа
эмэгтэйчүүдийн төлөөлөл хамгийн өндөр орноор Руанда улс тодорчээ.
Тэндхийн парламентын гишүүдийн 51 хувь нь эмэгтэй юм байна. Саяхан
болтол отог омгийн тэмцэлд автаад байсан тус улс Ерөнхийлөгчийнхөө
бодлогын үр дүнд улс төрдөө эмэгтэйчүүдийн төлөөллийг олноор оруулж
тэмцэл зөрчлөө намжааж чаджээ. Киргизийн парламентад 2005 оны байдлаар
ганц ч эмэгтэй гишүүн байсангүй.  Сүүлд эмэгтэй нэр дэвшигчдийн квот
тогтоож өгснөөр өдгөө 20 гаруй эмэгтэй гишүүнтэй болжээ. Бүсгүй
улстөрчгүй байснаа хэдхэн жилийн дараа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болсон
орон бол Киргиз. Квотын хүчинд улс орнуудад эмэгтэй улстөрчдийн тоо
нэмэгдэж Киргизийн Ерөнхийлөгч асан Роза Отунбаева нарын нэртэн
цуутнууд  төрсөөр байна. Одоо дэлхийд 10 орчим орон эмэгтэй
Ерөнхийлөгчтэй , төдий тооны улс эмэгтэй Ерөнхий сайдтай болж аажим
аажмаар энэ тоо ахисаар байгаа юм. Дэлхийн хэмжээгээр эмэгтэйчүүдийн их
улс төрд ид ордог дундаж нас 56 байхад Монголд энэ насныхныг “эмээ”
хэмээн “өргөмжилж” тэтгэвэрт нь суулган “хүүхдийн цэцэрлэгийн эчнээ
эрхлэгч” болгож орхидог. Тухайлбал, АТГ-ын даргын насны доод хязгаар 55.
Тиймээс энэ албанд хэзээ ч эмэгтэй хүн ажиллахгүй гэдгийг УИХ-ын гишүүн
асан Б.Мөнхтуяа нэгэнтээ хэлж байсан юм.

Монголын эрэгтэй улстөрчид энэ байдлаа сайн ухаарахгүй байгаа нь өнөөдөр
ч харагдлаа. Ядахдаа бага хурлын нээлтэд оролцож үг хэлэх байсан
Ерөнхий сайд С.Батболд ирсэнгүй. Танхимынхаа ганц эмэгтэй гишүүн,
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандийг бамбай болгоод үгээ
дайгаад явуулчихаж. Бусад орнуудаас эрэгтэй улстөрчид ирж үгээ хэлж
байхад Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, дор хаяж иргэний
нийгмийн эрчүүдээс ганц нь ч үзэгдсэнгүй.

Нүүдлийн соёл иргэшлийн давуу тал нь эмэгтэйчүүд харьцангуй эрх чөлөөтэй
байдаг. Монголын их, дээд сургуулийн оюутнууд, боловсрол, эрүүл мэнд
гээд олон салбар, засаг захиргааны анхан, дунд шатны ажилтны дийлэнх нь
эмэгтэй. Тиймээс эмэгтэйчүүд улс төрийн оролцоогоо нэмэх гэхээр эрчүүд
“Битгий давар” гэсэн үгээр хариу барьдаг нь нууц биш. Төрийн ордны нутаг
дэвсгэрт хүртэл зөвхөн эрчүүд орж гал түлдэг, зөвхөн эрчүүд тоосыг нь
үргээдэг “Төрийн” гэх нэртэй, эрэгтэй, эмэгтэй ялгалгүй төлсөн төсвийн
хөрөнгөөр тохижуулсан гэр шинэ оны босгон дээр өрхөө татсан байх
жишээтэй. Өрх татагч нь УИХ-ын гишүүн гэдгийг хэн хүнгүй мэдэж буй.

Хэдийгээр хүний нийгэм эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйсээс бүрддэг ч
эмэгтэйчүүд эхлээд хүн гэдгээ хүлээн зөвшөөрүүлэх гэж, дараа нь сонгох
эрхтэй болох гэж, улмаар сонгогдох эрх олж авах гэж олон зуун жилийн
турш тэмцсэн. Одоо шийдвэр гаргах төвшний оролцоогоо нэмэгдүүлж, хүний
эрхээ хэрэгжүүлэх гэж, Монголд бол ядахдаа УИХ-ын сонгуульд нэр
дэвшигчдийн 20 хувийг бүрдүүлэх гэж ихээхэн ажил удаж байж сая
зөвшөөрүүлсэн гэж байгаа. Гэвч энэ бол УИХ-д сонгогдсон гэсэн хэрэг биш.
Тойрогт нэр дэвшиж ялахад, пропорциональ хэсгийн намын жагсаалтад арай
дээгүүр бичүүлэхэд, бүр нэр дэвшихэд алхам тутамд асар их мөнгө шаарддаг
нь ихэнх эмэгтэйчүүдэд хясал болдог.

Тэгэхээр хуулиар заасан квотын тушаа нь санхүүгийн чадамж болчихож буйг
бага хурлын үеэр төлөөлөгчид хэлцгээлээ. “Сайхан сайхан хоолны нэр
хэлваа. Би савхадваа” гэгчээр сайхан квот байлаа ч мөнгөгүй бол явахгүй.
Мөнгөгүй бол намын нэрсийн жагсаалтын төгсгөлд хэдэн хүүхний нэр
зоочихоод “Хорин хувь хүрсэн шүү” гэж хэлэхээсээ харчууд сийхгүй.
Жагсаалтын 10-аас хойш бичигдсэн нэр дэвшигч бол зүгээр л хоосон савх
эргүүлсэнтэй ижил.

Квот байгаад халаас нимгэн бол зүгээр нэр дэвших нь ч давдаггүй даваа
болчихдогийг бага хурлын төлөөлөгчид ч хүлээн зөвшөөрцгөөв. Энэ саадыг
давахын тулд бусад орнуудад хэрэглэдэг олон арга байдаг ажээ. Эмэгтэй
нэр дэвшигчдийг дэмжих сан байгуулах, хөрөнгө босгох сүлжээнд хамруулах,
намын дотоодод сан байгуулах, эмэгтэй нэр дэвшигчдэдээ татаас олгох,
нэр дэвших, сонгуульд өрсөлдөхөд зарцуулах хөрөнгийн дээд хягаарыг
эмэгтэйчүүдэд арай татуу тогтоох, намын санхүүгийн тодорхой хэсгийг
эмэгтэйчүүдэд зарцуулах, иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллах
зэрэг арга байдгийг төлөөлөгчид дурдлаа. Балба, Пакистан зэрэг оронд
эмэгтэйчүүдийн бичил санхүүгийн зээлийн банк байгуулжээ. Зээлийн мөнгийг
ах дүүс, нөхөр нь авч үрдэг байдал эхлээд харагддаг байсныг яваандаа
арилгажээ. Бага хурлын төлөөлөгчдийн яриаг сонсч байхад монголчууд
өөрсдийгөө европ сэтгэлгээтэй, европ боловсрол, хүмүүжилтэй гэдэг ч
эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны байдлаар мусульман шашинтай, Күнзийн
сургаальтай орнуудаас хол хоцорсон байна.

Олон орон парламентын сонгуульд төдийгүй төрийн захиргааны дээд тушаалын
орон тоонд эмэгтэйчүүдийн квот тогтоожээ. Колумбад энэ квот 30 хувь,
Ботсванад 40 хувь Өмнөд Африкт бүр эрэгтэй, эмэгтэй 50:50 хувьтай байх
жишээтэй. Төв Африкийн Уганда улс 17 бүсгүй сайдтай.

Гэтэл Монголд УИХ-ын эмэгтэй гишүүн 1992 онд 3,9, 1996 онд 10,5, 2000
онд 11,8 хувь болж өсч байснаа 2004 онд 6,5, 2008 онд 3,9 хувь болж
эхний гараан дээрээ буцаад буучихсан. Засгийн газарт 15 сайдын нэг нь,
14 дэд сайдын  тав нь эмэгтэй, яамдын ТНБД-д нэг ч эмэгтэй байхгүй,
Засгийн газрын агентлагийн 42 даргаас хоёр нь эмэгтэй, аймаг, нийслэлийн
22 Засаг даргад эмэгтэй байхгүй, сум, дүүргийн Засаг даргын 17,7хувь,
аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогчийн 19,2 хувь нь
эмэгтэй байна. Шийдвэр гаргах эмэгтэйн тоо цөөн, гүйцэтгэх ажилд л
шингэн дуутнуудаа зүтгүүлдэг нь эндээс харагдаж байгаа юм.

Азийн бүсийн бага хурлын төлөөлөгчид эрчүүдийг найз, түншээ гэж үзэж
хамтарч байж эмэгтэйчүүдийг улс төрд хүлээн зөвшөөрүүлдэг гэдгийг онцолж
байлаа. Гэтэл найз, түнш монгол эрчүүд хуралд ирсэнгүй. Хямралтай,
дотооддоо дайн самуунтай улс орнуудад эмэгтэйчүүдийн улс төрд гүйцэтгэх
үүрэг асар их байдгийг бага хурлын төлөөлөгчид хэлцгээсэн юм. Эмэгтэй
хүний мяндсан ухаанаар хямралаас гарах гарцыг бүсгүйчүүд олж чадддаг нь
батлагджээ. Өрх гэрээ өмсөх, идэхээр дутаалгүй аваад явахаа ээжүүд,
гэргий нар мэддэг нь улс оронд ч хэрэг болдог аж.

Мянганы хөгжлийн зорилтуудаар дэлхийн улс орнуудын өмнө Монгол Улсын
хүлээсэн үүрэг бол 2015 он гэхэд УИХ-ын эмэгтэй гишүүдийг 30 хувьд
хүргэх явдал. Өнөөдөр 3,9 хувьтайгаар энэ удаагийн парламентаа
өндөрлүүлж байна. Энэ 2012 оны сонгуулиар эмэгтэй гишүүдийн хувийг өсгөх
үү, аль эсвэл бүр тэглэж сүүл мушгисан үзүүлэлтээсээ ухарч нүүрээ
улайлгах уу гэдгийг хоёр сар гаруйхны дараа шийднэ. Юутай ч гэсэн бүс
нутгийн улстөрчидтэйгээ хамтран хоёр өдрийн турш тулгамдсан асуудлаа
ярилцана. Бага хурал дахин нэг өдөр үргэлжилнэ.

"Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх арга замыг тодорхойлох нь" сэдэвт чуулганд Жендэрийн үндэсний хорооны дэд дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгорын тавьсан илтгэлийг ЭНД дарж үзнэ үү.

                        Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж