-Ноолуурын улирал эхэллээ. Энэ жил нэг килограмм ноолуур 100 мянган төгрөгт хүрнэ гэсэн яриа байна. Энэ үнэн үү. Ийм үнэд хүрвэл малчид маань башийх нь ээ?
-Энэ яриа худлаа. Хөдөөгүүр ийм яриа гарсан байна лээ. Малчид ч ноолуур 100 мянгад хүрнэ гэсэн хүлээлтэд автчихсан байна. Ноолуураа өндөр үнэ хүргэж зарна гээд өөрсдөө хохирч магадгүй юм. Өнгөрсөн хавартай харьцуулахад ноолуурын үнэ нэг их өсөхгүй. Учир нь дэлхийн зах зээлд өнгөрсөн жил самнасан ноолуур нэг килограмм нь 120-150 ам.долларын үнэтэй байсан. Харин өнөөдөр 100 ам.доллар болтлоо буурчихаад байна. Тэгэхээр бохир ноолуурын үнэ түүнээс бага байх нь тодорхой. Бидний тооцоолж байгаагаар энэ жил ноолуурын үнэ 50-55 орчим мянган төгрөг байх болов уу. Ноолуурын үнэ алт, зэс шиг дэлхийн зах зээлээс шууд хамааралтай байдаг. Дэлхий зах зээлд ноолуурын уналтын үе эхэлчихсэн. Энэ уналт ерөнхийдөө 4-5 жил үргэлжлэх байх. Тэгээд буцаад сэргэдэг.
-Яагаад ноолуурын үнийн уналт 4-5 жил үргэлжилнэ гэж?
-Дэлхийн зах зээлд ноолуурын үнийн өсөлт, бууралттай холбоотой нэг цикл байдаг юм. Дөрөв, таван жил үнэ нь буураад, дараагийн дөрөв таван жилд үнэ нь өсдөг. Энэ хавраас ноолуурын үнийн уналтын жилүүд эхэлж байна.
-Хятад ченжүүд Монголын малчдаас ноолуурыг нь үнээр зодож авдаг. Тэдний хөлд үндэсний үйлдвэрүүд чирэгдсээр ирсэн. Энэ жил хятадууд ноолуурын салбарт ямар тоглолт хийх бол. Малчид ч хятад ченжүүдэд ноолуураа өндөр үнээр зарах сонирхолтой байдаг шүү дээ?
-Энэ жил ноолуурын салбарт хятадууд тоглолт хийж чадахгүй л болов уу. Тэдэнд малчдаас ноолуурыг үнээр зодож авахад нь нэлээд хэд хэдэн шалтгаантай хүндрэл учраад байгаа бололтой юм билээ. Өнгөрсөн жил хятадууд шууд л нэг килограмм ноолуурыг 70 мянган төгрөгөөр худалдаж авсан. Хятадуудын хөлд манай үйлдвэрлэгчид чирэгддэг нь үнэн ч гэлээ энэ хавар тийм явдал гарахгүй байх. Яагаад гэвэл, хятадууд өнгөрсөн жил манайхаас өндөр үнээр ноолуур худалдаж аваад багагүй шатсан байсан. Нөгөөтэйгүүр Хятадын Засгийн газар ноолуурын салбартаа чамгүй хөрөнгө оруулдаг байснаа зогсоосон. Өнгөрсөн оноос эхлээд Хятадын Засгийн газар ноолуурын салбарынханд үзүүлдэг дэмжлэгээ зогсоосон байна лээ.
-Өнгөрсөн жил Монгол Улсын Засгийн газраас үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж, 100 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Уг бонд үндэсний үйлдвэрүүдэд хэр дэмжлэг болж чадсан бол. Уг бондын дийлэнхийг монополиуд хүртэж, жижиг дунд үйлдвэрүүд хоосон хоцорсон гэх юм, энэ үнэн үү?
-Монгол Улсын Засгийн газар үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж, 100 тэрбум төгрөгийн бонд гаргахаар шийдвэрлэсэн ч харамсалтай нь УИХ дээр багагүй цаг алдсан. Үйлдвэрлэгчид бүр он дуусахын алдад уг мөнгөө авсан шүү дээ. Мэдээж, Засгийн газрын хөрөнгө оруулалт үйлдвэрлэгчдэд маш том дэмжлэг болсон. Томчуул нь гэхээсээ жижиг дунд үйлдвэрүүд уг санхүүжилтээс түлхүү хүртсэн. Жижиг дунд үйлдвэрүүдийн үйлдвэрлэл өнгөрсөн 2011 онд 40-50 хувиар өссөн байна лээ. Ер нь Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрүүдэд багагүй анхаарал тавьж байна. Тэр хэрээр ч үйлдвэрлэл өргөжин тэлж буй нь эхнээсээ л мэдрэгдэж байна шүү дээ. Өнгөрсөн жил гэхэд манай ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэрүүд гаднаас захиалга багагүй авсан. Энэ бол боловсруулах үйлдвэрийн салбарт гарч байгаа ахиц дэвшил гэж бодож байна. 2012 онд багтаж бас хэд хэдэн жижиг дунд үйлдвэр ашиглалтад орох юм билээ.
Тиймээс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид энэ хавар хятадуудын хөлд чирэгдээд байхааргүй үнэ хаялцах боломжтой болсон. Хятадууд ч амандаа орсон тоогоо хэлдэг цаг өнгөрсөн байх. Тэд өнгөрсөн жилээс багагүй сургамж авсан болов уу. Тэгээд ч Хятадын ноолуурын борлуулалт дэлхийн зах зээлд муудсан. Америк, Европ Хятадаас ноолуур авах дургүй болсон гэсэн. Учир нь Хятадын ноолуур хольцтой, найдваргүй гэдгийг гадныхан олоод харчихсан бололтой юм.
-Өнгөрсөн жилийн ноолуурын экспорт буурсан үзүүлэлттэй байсан. Хятадууд өндөр үнээр ноолуур худалдаж авсан байтал яагаад экспортын орлого буурсан юм бол. Энэ хавар хичнээн тонн ноолуур бэлтгэх урьдчилсан тооцоотой байгаа вэ ?
-Нэг хэсэг ямааны тоо толгой буурсан шүү дээ. Тэр хэрээр ч нийлүүлэлт багассан. Тиймээс Хятад руу гаргасан ноолуурын экспорт буурсан байна лээ. Мөн ноолуур бэлтгэдэг үйлдвэрүүдэд үлдэгдэл ноолуур багагүй байгаа гэсэн. Харин энэ жил ямааны тоо толгой нэлээд өссөн. Тэгэхээр 5000 орчим тонн ноолуур бэлтгэх болов уу. Үүний 3000 орчим тонныг нь манай үндэсний үйлдвэрлэгчид худалдан авах байх гэсэн тооцоо гаргасан. Үлдсэн нь Хятадын зах зээлд гарна гэсэн үг. Ер нь Монгол Улс жилдээ 4-6 мянган тонн ноолуур бэлтгэдэг. Ихэнх нь Хятад руу гаргадаг байсан бол энэ жилээс жижиг дунд үйлдвэрүүд өргөжин тэлж, санхүүгийн чадамж нь сайжирсан болохоор үндэсний үйлдвэрлэгчдийн худалдан авалт нэмэгдэх байх.
-Малчид ноолуураа өндөр үнээр зарна гээд гэдийчихвэл үндэсний үйлдвэрүүд хэлсэн үнээр л авахаас өөр аргагүй болох байх. Ингэхэд Монголын ноолуур хэр чанартай вэ?
-Ноолуур алт, зэстэй адилхан дэлхийн зах зээл дэх үнээр л тодорхойлогддог. Малчид хичнээн өндөр үнэ хэллээ гээд түүнийг нь худалдан авах хүнгүй бол хэцүүднэ шүү дээ. Монголын ноолуур бүдүүн ширхэгтэй, хялгас ихтэй. Манай малчид хар цагаанаар нь ялгахаас бус нарийн бүдүүнээр нь ялгаж чаддаггүй. Уг нь борлон гээд бага насны ямааны ноолуураа тусад нь самнаж, зарвал илүү үнэд хүрнэ. Малчид нас бие гүйцсэн ямаанаас гарах ноолуурын гарцыг нь бодохоос биш борлонгийн ноолуурын ширхэг нь нарийн учраас илүү үнэтэй гэдгийг ойлгодоггүй. Хятадын бэлтгэлийн ноо¬луурын үнэ дэлхийн зах зээлд Монголынхоос өндөр байгаа нь үнэн. Учир нь ноолуур 15 мик¬рон болоод нарийсаад ирэхээрээ өндөр үнэтэй бүтээгдэхүүн хийхэд маш тохиромжтой байдаг Гэтэл манай ноолуурын ширхэг нь бүдүүн, 16-16.5 микрон болчихоор сайн бүтээгдэхүүн хийх боломж хумигддаг юм билээ. Тиймээс малчиддаа зөвлөхөд борлонгийнхоо ноолуурыг тусад нь самнаад худалдах хэрэгтэй. Дээрээс нь ноолуурынхаа жинг нэмэх гээд элдэв шороо энэ тэртэй хутгах хэрэггүй. Тэр хэрээр Монголын ноолуурын чанар гологдох болно шүү дээ. Бид сайн чанартай ноолуур бэлтгэж чадах юм бол өндөр үнээр түүнийгээ худалдах гарц нээгдэнэ гэсэн үг. Монгол ноолуурын 80 орчим хувь нь 16.5 микронтой, 35-37 мм-ийн урттай байдаг. Монгол ямааны 10-аас ихгvй хувь нь цагаан, 40 гаруй хувь нь улаан, 50 гаруй хувь нь хар хөх, хөх зvсмийн байгаагаас шалтгаалан ноолуурын дийлэнх нь бараан өнгөтэй байдаг. Энэ бүхэн дэлхийн зах зээлд Монгол ноолуурын үнэ хямдхан байх шалтгаан болдог.
-Малчид ноолуурынхаа жинг нэмэх гээд тэмээний ноос, сарлагийн хөөвөртэй холих нь байдаг?
-Тэр хамгийн хэрэггүй зүйл байгаа юм. Ноолуурынх нь чанар муудана шүү дээ. Малчид тооноос илүү чанарт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Гэхдээ тэмээний ноос, сарлагийн хөөврийг мэдэх хүн нь амархан ялгана л даа. Харахад андашгүй.
-Зүүн зүгийнхэн ямаагаа эрт самнадаг болохоор ноолуураа үнэтэй зардаг. Харин баруун бүсийн малчид ямаагаа самнах үеэр ноолуурын үнэ харьцангүй буурчихдаг. Үүнийг зохицуулах аргагүй юу?
-Зохицуулах боломжгүй ээ. Нутаг нутгийн цаг агаарын онцлогоос болоод ямаагаа, эрт орой самнах нь бий л дээ. Зүүн бүсийнхэн ямаагаа самнах үеэр ноолуурын ид сезоны үе орчихсон байдаг л даа. Ер нь Хэнтий, Сүхбаатар аймгийн ямааны ноолуур харьцангуй чанартай байдаг.
-Монголын ноолуур ямар ч татваргүйгээр гадагшаа гардаг. Ноолуурын экспортод татвар тавьж болохгүй юу?
-Боломжгүй болсон. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон болсон. Тус байгууллагын гишүүн орон болсон улсууд бүтээгдэхүүндээ экспортын татвартавих эрхгүй болчихдог юм байна л даа. Тиймээс ноолуурын экспортод татвар тавих боломжгүй гэсэн үг. Жилдээ 2000-3000 орчим ноолуур татваргүйгээр Хятад руу гарч байна л даа.
-Тэгээд ноолуурын экспортоос ашиг хүртэхийн тулд яах ёстой вэ. Ноолуурын экспортод ямар ч татвар тавих боломжгүй юм бол хятадууд түүхийгээр нь авч гарах нь тодорхой юм байна шүү дээ?
-Хятадууд 2003 оноос Монголоос бохир ноолуур авахаа больсон шүү дээ. Анхан шатны боловсруулалт хийсэн нэртэй Монголд угааж, бохир, хог хаягдлыг нь энд үлдээчихээд л ямар ч гаалийн татваргүйгээр аваад гарчихаж байна. Тэгэхээр хууль батлагчид нэг зүйлд яаралтай анхаарал хандуулах ёстой болов уу. Монголоос угаасан ноолуур гаргахгүй. Самнасан ноолуур гаргана гэвэл харин эдийн засагт үр ашигтай байх юм. Ер нь ноос, ноолуурын салбарт бэрхшээл, хүндрэл байгаа. Засгийн газар хэдийгээр дэмжиж туслахыг хичээдэг ч УИХ асуудалд хойрго ханддаг. Өнгөрсөн хавар гэхэд л түүхий эд ид бэлтгэдэг үеэр Засгийн газар 100 тэрбум төгрөг өгөхөөр болсныг хэрэлдэж, хэлцсээр байгаад хойшлуулсан. Түүнээс нь болоод үндэсний үйлдвэрүүд хятадуудын хөлд чирэгдэн, багагүй алдагдалд орсон.
-Ноосны салбарт Засгийн газар 50 тэрбумын бонд гаргасан нь дэмжлэг болж чадсан болов уу?
-Чадалгүй яахав. Өмнө нь хятадууд бас л дуртай үнээ хэлээд ноос худалдаж авдаг байсан. Өнгөрсөн жил УИХ-аас үндэсний үйлдвэрлэгчдэд ноосоо тушаасан тохиолдолд нэг килограмм ноосонд 2000 төгрөг өгнө гэсэн нь үндэсний үйлдвэрээ дэмжихэд их том хөшүүрэг болсон. Ирэх жилээс үйлдвэрлэгчид дотоодынхоо ноосыг хятадуудад алдахгүйгээр авч чадна гэдэгт итгэлтэй байна лээ. Цаашлаад Хөдөө аж ахуйн биржийн тухай хууль батлагдчихвал ноос, ноолуурын салбарт их өөрчлөлт гарна гэж итгэж байгаа.
-Саяхан ноос, ноолуурын холбооныхон хуралдаж брэнд бүтээгдэхүүн гаргах талаар ярилцсан. Магадгүй дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад маш том хөшүүрэг болох байх, тийм үү?
-Монголын ноос ноолуурын холбооноос Азийн хөгжлийн банктай хамтарч нэг төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд Монголын брэнд бүтээгдэхүүнийг бий болгож, дэлхийн зах зээлд гаргахаар төлөвлөж байна. Одоо бол компаниуд өөр өөрсдийнхөө нэрээр л бүтээгдэхүүнээ экспортолж байгаа. Харин төсөл хэрэгжсэн тохиолдолд ноос, ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг бүх үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг нэтгээд “Монголын тансаг үс” гэсэн нэрийн дор дэл¬хийн зах зээл дээр гаргах бодолтой байна. Компаниуд ч үүнийг дэмжиж байна лээ. Ноос, ноолууран “Монголд үйлдвэрлэв”-ийг дэлхийд гаргаж, худалдан авагчдыг татах нэг санаа. Япончууд ингэвэл танай улсад ашигтай гэдгийг ч зөвлөж байгаа. Брэндийн тэмдгээ удахгүй Нью-Иоркт болох Олон улсын худалдааны байгууллагын хурал дээр танилцуулах юм. Шанель, Сейко, Тоёота гэдэг шиг л Монголын гэсэн брэндтэй болох гэсэн бодлого л доо.