УИХ-ын дарга хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал гаргаж захирамж гаргаж 11-н хуулийн жагсаалт гаргасан билээ. Манай сонин жагсаалтад буй эдгээр хуулиудын талаар цуврал мэдээлэл хийж байгаа бөгөөд энэ удаад жагсаалтын гуравт бичигдсэн Инновацийн хуулийн төслийг танилцуулж байна.
-АНУ-ын дэд ерөнхийлөгчийн Монголд хийсэн айлчлалын дараа гадаадын мэдээллийн хэрэгслүүдээр “Жон Баден түүхий эдийн оронд зочиллоо” гэж мэдээлж байсан. Энэ нь юу гэсэн үг билээ гэвэл, түүхий эдээс өөр бүтээгдэхүүн “үйлдвэрлэдэггүй”, өндөр технологи хөгжөөгүй гэх утгыг илэрхийлж буй юм. Бүр тодруулбал, Тэдний хэлж буйгаар монголчууд энгийн хэрэглээний зүйлээ хүртэл гаднаас авч, гадагш нь түүхий эдээ нийлүүлдэг, түүхий эдийн хавсарга орон юм гэнэ. Шинжлэх ухааны дэвшилт гаргасан шинэ бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлж чаддаггүй, туршилт, нээлтүүд зөвхөн академи дээр л хадгалагдаж байдаг байдлыг өөрчлөхийн тулд өндөр технологийг дэмжих бодлого ихээхэн үгүйлэгдэж буй тул энэ тухай хууль санаачлахаар болсон гэдэг. Тэр нь Инновацийн хуулийн төсөл юм.
Инновацийн тухай хоёр хуулийн нэг нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас боловсруулсан төсөл. Нөгөө нь УИХ-ын гишүүдийн өргөн барьсан Технологийн инновацийн тухай хуулийн төсөл. Хоёр төсөл ерөнхийдөө агуулга, зорилго, хүрээ, ач холбогдол, механизмын хувьд зөрчилдөх зүйлгүй аж.
УИХ-ын 2009 оны 56 дугаар тогтоолоор баталсан УИХ-ын 2009 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад “Инновацийн тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэхээр тогтоосон. Үүнээс хойш төслийн талаар УИХ-ын болоод судлаач, олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнөсөөр, хойшлогдсорр ийнхүү хаврын чуулгантай золгож байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад шинжлэх ухааны үйл ажиллагаа, технологи дамжуулалт, оюуны өмчийн эрхийн хамгаалалт зэрэг инновацийн эрх зүйн орчинг бүрдүүлж буй 10 гаруй хууль эрх зүйн баримт бичиг батлагдан мөрдөгдөж байгаа боловч цогц бус, хоорондын уялдаа сул эсвэл тодорхойгүй байгаа нийтлэг дутагдал байсаар байгаа юм.
2010 онд нийт манай экспортод технологийн багтаамжгүй болон нам технологит бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээ 98,34%-ийг эзлэжээ. Өндөр технологийн агууламжтай бүтээгдэхүүн үндсэндээ байхгүй, дундаж технологийн агууламжтай бүтээгдэхүүн 1,61%-ийг эзлэж байна. Эндээс харахад манай экспортын бүтэц үндсэндээ уул уурхайн технологи шингээгүй бүтээгдэхүүнээс хараат болсон байгаа бөгөөд мөн цаашид энэ байдал улам ихсэх хандлагатай байгаа аж. Мөн дэлхий дахины өрсөлдөх чадварын 2006-2011 оны судалгаагаар Монгол Улс 130-аад орноос 99-117 дугаар байранд орж байгаа ба манай улсын хөгжлийг хойш татаж байгаа хамгийн сул үзүүлэлт ч өндөр технологи хөгжүүлэх талаар хуулийн орчин хэрэгтэйг харуулж буй юм.
Энэ хуулийн төслийг хууль санаачлагчид батлагдах байсан цагаасаа хоцорч явна хэмээн тодорхойлсон бол УИХ-ын зарим гишүүдээс харин ч цаг нь болоогүй хэмээн эсэргүүцэл хүлээж, хэлэлцүүлгийг хойшлуулах санал гарч байв. Хамгийн сүүлд л гэхэд оны эхээр хуралдсан УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу уг хуулийг “эртэдсэн, захиалгаар гарах гэж байгаа хууль. Үүнийг хэлэлцэхийн оронд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжих талаар ярих нь илүү чухал болоод байна. Жижиг, дунд бизнес эрхлэгчид Инновацийн хуулийг ашиглаж чадахгүй, Олигархиуд өлгөж аваад сангийн мөнгөөр нь тоглоно шүү” хэмээн анхааруулж байв
Эсэргүүцэж буй гол гишүүдийн нэг нь О.Чулуунбат байсан ба “бизнесийн ерөнхий хууль болох татварын, гаалийн гэх мэт хуулиудаа ягштал биелүүлдэг орнууд Инновацийн хуультай байдаг. Монголд байсхийгээд л татварын өршөөл үзүүлчихдэг, зээл аваад ч үр дүн гардаггүй тул одоогийн нөхцөлд үр дүнгээ өгөхгүй” гэсэн шалтгаанаар хуулийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргаж байлаа. Эсэргүүцэх шалтгаан нь энэ хуулийн хүрээнд байгуулах сан нь шударга ажиллаж чадах эсэх тухай эргэлзээнээс үүдэлтэй байсан бөгөөд өмнө хуулиар байгуулж байсан 32 сангийн үйл ажиллагааны хэрэгжилт хангалтгүй буй үед дахин нэг сан байгуулах шаардлагагүй гэж үзэж байгаа юм.
Энэ хууль нь нэрнээсээ эхлээд л шинэ ойлголт төрүүлж байгаа нь өдийг хүртэл батлагдахгүй явах бас нэгэн шалтгаан болж буй юм. Хууль батлагдсанаар шинэ бүтэц, өмнө нь байгаагүй ойлголтууд бий болох юм. Онцолбол, Их сургууль болоод эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд өөрсдийн бий болгосон технологи, оюуны өмчөө ашиглаад компани байгуулах эрхтэй болохоор байгаа. Баялаг, оюуны өмчийг бий болгоход их сургууль үүрэг гүйцэтгэсэн нь лавтай. Их сургуулийн лаборатори, дэд бүтэц, тоног төхөөрөмжийг ашигласан болохоор ийм зохицуулалт байхаас ч аргагүй. Дэлхийн бусад их сургуулиудад ч бүгд ийм л байдаг аж.
Сургуулийн дэргэд ийм “Start up” /нэгтгэсэн хуулийн төсөлд “гарааны” хэмээн тодорхойлсон/ компаниуд байгуулж, энэ компаниудаас олох ашгийг гурав хуваах талаар хуульд тусгаж өгчээ. Ингээд их сургууль, тухайн технологийг бий болгосон багш, судлаач, технологийг дамжуулж хөрөнгө оруулагчид нийлүүлсэн зуучлагч гуравт хувааж өгөх юм.
Гэхдээ өнөөдрийн Монголын шинжлэх ухааны салбар, байгууллагууд ихэнхдээ төрийн мэдлийнх байгаа. Инноваци хийж байгаа технологи санхүүжилт, лаборитори, хүн хүч бүгд төрийнх. Өнөөдрийн байдлаар хувийн компани шинжлэх ухаанд мөнгө зараад лаборитор байгуулаад байгаа зүйл бараг байхгүй тул дээрх харилцааг хуулиар тодорхой зохицуулах шаардлага буй аж.
Мөн хуулийн төслөөр шууд ба шууд дэмжлэгийн олон хэлбэрийг тусгажээ. Шууд дэмжлэг нь санхүүгийн шууд хөрөнгө оруулалт буюу төслийг нь санхүүжүүлэх хэлбэр байх ба Хөгжлийн банк, Хөрөнгө оруулалт хөгжлийн сан зэргээс дэмжлэг үзүүлж болно. Харин шууд бус дэмжлэг гэдэг нь энэ хуулийг дагаад найман хуульд өөрчлөлт оруулж байгаатай холбоотойгоор бий болж буй юм. Тухайлбал, гаалийн татвараас инновацийн тоног төхөөрөмжийг хөнгөлөх зэрэг асуудлыг хуульд өөрчлөлт оруулснаар шийднэ. Мөн технологийн салбарт ажиллах гадны эрдэмтдийг урт хугацааны виз олгох зэргээр дэмжих болж байна.
Инновацийн хэрэгжүүлэх үүргийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хариуцахаар хуулийн төсөлд тусгажээ. Гэвч Монгол Улсын хөгжлийн бодлогын нэг хэсгийг тодорхойлдог байгууллага нь Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо мөн боловч статусын хувьд жижиг бүтэцтэй. Энэ байгууллагын даргад дурын яамны мэргэжилтэн хүртэл захирагдахгүй гэдэг шүүмжлэл бий. Иймд ийм эрх мэдэл хязгаарлагдмал байгууллагад инновацийн асуудлыг харьяалуулах эсэх нь ч нээлттэй буй сэдэв болж буй бололтой.
Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулийг гаргах ч шаардлага үүсч буй бололтой. Өөрөөр хэлбэл, нэгдсэн бодлогоор удирддаг, төлөвлөдөг, зохион байгуулдаг, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг Бодлого төлөвлөлтийн яам (хуучнаар Төлөвлөгөөний комисс) байгуулах зэрэг асуудал ч удахгүй энэ хуулийг хэлэлцэх үеэр хөндөгдөх биз.
Хаврын чуулганаар эхлээд байгаль орчны багц хууль, дараагаар нь Донорын хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ. Тэгээд л Инноваци. Ийнхүү шинэ мэдлэг, шинэ мэдээлэл, шинэ санаа, оюуны өмч патентыг үйлдвэрлэлд нэвтрүүлж нэмүү өртөг шингээсэн баялаг бүтээх тухай, шинжлэх ухааны баялаг мэдээлэл, архивт тоосонд дарагдсан оюуны өмчийн олон бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах гэх зөв зорилго бүхий хуулийн төслийг буруу зохицуулалтай гаргахгүй батлах үүрэг гишүүдийн өмнө ирээд байна. Шинжлэх ухааны академи жилд 17 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс авдаг ч үйлдвэрлэлд нэвтрүүлсэн бүтээгдэхүүн байдаггүй гэх шүүмжлэл хуулийн орчинг бүрдүүлэх ёстой гэдгийг нотолж байна. Харин хууль батлахдаа худрагагүй л батлах хэрэгтэй.