Хүчирхийллийн тэлэлт

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Хүчирхийллийн тэлэлт

Телевизэд мэдээний редак­тор хийж байх үедээ гадаад мэдээ­ний орчуулагчтайгаа уул­заад,  “Яагаад дандаа хар мэдээ гараад байгаа юм бэ? Жаахан саармагжуулах гээд үзээч…” гэж зэмлэх, гуйхыг хослуулан зөвлөлдөж байсан цаг хэдхэн жилийн өмнө. Харин дараа нь ингэж хийх түүнд ямар хэцүү байсныг ойлгохын тулд нэг их чармайлт ч ороогүй бөгөөд дэлхий ертөнц ямар их хүчирхийллийн дунд амьдардаг юм бэ гэсэн  айдастай эргэцүүлэлд хүрч билээ. Нөгөө хэдэн жил гээд байгаа маань өнгөрөн одсон боловч нөхцөл байдал огт өөрчлөгдсөнгүй.

Өчигдөр гэхэд АНУ-ын Калифорни мужийн Окланд дахь Ойкосийн их сургуулийн оюутнууд руу зэвсэглэсэн эт­гээд дайран орж долоон оюут­ны амийг хөнөөн, өөр гурван ч оюутанг шархдуулсан бай­на. Аллага үйлдэгч этгээд ба­ригд­­сан бөгөөд мэдээллээс үзвэл солонгос гаралтай, 43 нас­­тай, өмнө нь дээрхи кол­лежийн суралцагч байсан нэгэн аж. Цэргийн өнгөлөн далд­лалтын хувцастай алуур­чин сургуулийн байр луу дайран орж анги танхимд байсан оюутнуудыг чиглүүлэн буудсаар байсан гэж гэрчүүд ярьж байгаа гэнэ. Шашны номлол болон хөгжим зааж, мөн бусдыг асарч халамжлахад сургаж байсан шашны гэх тодотголтой энэ сургуульд суралц­сан тэрээр “чухам яа­гаад “төрөлх” сургуулийнхаа сурагчдыг буудах болов оо” гэдэгт одоогоор тайлбар алга. Алуурчныг энэ сургуулиас хөөсөн, эсвэл хасаж “гомдоосон уу” гэх асуултад тус коллежийг үндэслэн байгуулагч,  пастор Ким Чен хариулахдаа балмагдаж байсан гэхийг үзвэл сургуулийн дотоод зөрчил шалтгаан нь байсан гэх хардлага байгаа аж. Хам­гийн эмгэнэлтэй нь ийм хэрэг “эрх чөлөөний орон” гэх тодотголтой АНУ-д ойр ойрхон гардаг болоод удаж байна. Энэ аймшигт хэргээс ердөө жил гаруйхны өмнө буюу 2011 оны хоёрдугаар сард АНУ-ын Огайо хотын коллежид зэвсэглэсэн этгээд гурван ч хүний амийг буудан хөнөөж, зургаан хүнийг шархдуулсан байдаг. “Оюутны хотхоны аллага” (сampus shootings) хэмээх нэршил хүртэл бий болоход хүргэчихээд байгаа энэ мэт хар хэргийн жагсаалтыг дэлгэж харуулбал :

  • 2010 оны хоёрдугаар сард Алабамагийн их сургуулийн профессор асан Бишоп гэгч  мэргэжил нэгт гурван нөхрөө буудан алж, өөр гурвыг нь шархдуулсан
  • 2008 оны хоёрдугаар сард Умард Иллинойсийн их сургуулийн төгсөгч нэгэн  өөрийн сургуулийн таван оюутанг буудан хөнөөж, 16 хүнийг шархдуулсан
  • 2007 оны дөрөвдүгээр сард Виржинийн техникийн сургуулийн хичээлийн байранд солонгос гаралтай Сён Ю Чо дайран орж 30 хүнийг буудан хө­­­нөө­­­гөөд дараа нь өөрийгөө буудсан
  • 1999 онд Колумбийн сургуу­лийн хоёр сурагч 12 сурагч болон багшийгаа буудан хөнөөж бусад 20 хүнийг шархдуулсан гэх мэтээр чамгүй урт хөврөх ажээ.

(Энэ мэт хар дансанд бүртгэгдсэн хэргүүдийн улмаас монгол хүний эрдэнэт амь  хохирсон харамсалтай баримт ч бий. 2007 арваннэгдүгээр сард АНУ-ын Калифорни мужийн Аламейда хотын цэцэрлэгт хүрээлэнд Халловенийн бая­рын үеэр тэнд сурч байсан монгол охиныг хэсэг танхай этгээд буудан хөнөөсөн байдаг. Алуурчид нь ази гаралтай “тийнэжерүүд” байсан гэх. зох )  

Дэлхий нийт Ойкосийн их сургуульд болсон энэ хэргийг цочирдон хүлээн авсан бөгөөд учир нь арваадхан хоногийн өмнө Францын Тулуз хотноо мөн л олон хүний амийг нэгэн этгээд  буудан хөнөөсөн хэрэг гарсан юм. Үүнээс өмнө нь ч ийм төрлийн, өөрөөр хэлбэл хүмүүсийг олноор нь алж хядсан хэрэг байн байн гарах болсоор удаж байна. Хятадад сургуулийн хүүхдүүдийг хутгалж алсан балмад үйлдэл ээлж дараалан хэд хэд гарсныг та бүхэн санаж байгаа байх. Мөн Англид замаар явж байгаа хүмүүсийг олноор нь буудаж алсан хэрэг мөн л дараалан гарч Словакийн Братислав хотод ч мөн ийм хэрэг гарсан билээ гэх мэт хар жагсаалт нэлээд урт хөвөрнө. Анхаарал татаж байгаа нэг зүйл бол сургууль соёлын газар гэх мэт олон хүнийг нэг дор цуглуулдаг байршлыг аллага үйлдэгчид онилж байгаа нь хэргийн хамгийн аймшигтай тал нь болж байгаа билээ. Мөн дээр дурдагдсан хэргүүдийн нийтлэг шалтгаан, нөхцөл байдлын талаар олон янзын хувилбаруудыг ч гаргаж ирж байгаа юм байна. ( энэ талаар дараагийн нийтлэлдээ дурдах болно. зох)  

“Screen”-ээс
“Scream”-рүү…  
(Дэлгэцээс аймшигт хүрэх зам)

Цаг хугацаа өөрчлөгдөхийн хэрээр нийгмийн үнэлэмж ч мөн өөрчлөгддөг бөгөөд үүнийг олон нийтийн дунд “цаг өөр болжээ” гэж тодорхойлдог. Энэ өөрчлөлт гэдэг нь өмнө нь нийтэд хүлээн зөвшөөрөгдөнө гэж огт төсөөлөгдөж байгаагүй ёс жаяг, харилцааны болон бусад үйлдэл, хэв шинжүүд өдгөө “норма” буюу хүлээн авч болохуйц зүйл болон орчин цагийнхний ухамсарт энгийнээр бууж ирдгийг л хэлж байгаа бололтой. Жишээ нь Европын боловсон ёсонд эмэгтэй хүн морь унахдаа хөлөө давуулалгүй, өрөөлдөж давхидаг цаг үе байсан гэхэд киног нь үзээгүй л бол өнөөдөр зарим нь үнэмшихгүй байж магад. Одоо бол өөрөөр унах арга байхгүй гэж ойлгох төдийгүй өнөөгийн бүсгүйчүүд тэрхүү 18-р зууны боловсон хатагтай шиг мотоциклоо унаад явах юм бол харин ч их “экстрим” буюу эрсдэлтэй спортын онцгой үзүүлбэр үзүүлж байна гэж ойлгогдохоор болсон. Энэ мэт өөрчлөлт ялангуяа ХХ зуунд ээлж дараалан бий болж олон ч “норма” өөрчлөгдсөн байдаг. Сексийн тухай болон гэр бүлийн гээд олон ойлголтуудад хувьсгал гарч, тэр бүхнийг нийгмийн ухамсарт нам суулгаж өгдөг нь урлаг байсаар ирэв. Урлаг урлагийн дотроос кино бол хамгийн хүчтэй зэвсэг байлаа.

Буу зэвсгийг гайхалтай эзэмших урлагийн үзүүлбэрийг эхлээд “вестерн” буюу зэрлэг өрнөдийнхний тухай кинонд түлхүү гаргадаг байв. Дараа нь Рэмбо, сүүл хавиар нь Терминатор гарч ирсэн гээд… Тэгэхдээ нэг “нюанс” бий. Тэр нь тухайн үеийнхээ залуусыг байлдан дагуулж домог болж байсан дээрхи кинонуудад “сайн талын баатар”-ыг илүү товойлгон гаргаж, тэдэнд хүч байгааг харуулахыг зорьдог байсан гэж болно. Гэвч дараа нь киночид энэ бүх цагаан “пи-ар”-аас уйдаж эхэлжээ. “Дайснууд” их хүчтэй болж бас хүчирхийллийн хурц хэлбэрийг киночид сонирхож эхлэв. Тэд янз бүрийн домгийг бүтээсний дотор “сонгодог” цуврал болтлоо хөгжсөн олон кино бий. Тэдний дотор  “Scream” хэмээх кино багтана.

Уг киног 1996 онд бүтээсэн нь тэр дорхноо шуугиан тарьсан билээ. Киноны агуулга нь “high school” буюу дунд сургуулийн ахлах ангийн хөвгүүн үе тэнгийнхнээ утсаар айлган, сэтгэлийн дарамтанд унагаад дараа нь хутгалан алж байгаа тухай аймшгийн төрлийн кино юм. Түүний гарт нэг биш нэлээд олон хохирогч амиа алдаж байгааг энэ кинонд харуулдаг. Кино гарсан даруйдаа олон ч үзэгч цуглуулсан бөгөөд 15-хан сая ам.доллараар бүтээгдсэн энэ кино 170 гаруй энэ сая ам.долларын ашиг олсон байдаг. Мөн багагүй шүүмж, эсэргүүцлийн давалгааг ч олон нийтийн зүгээс хүлээн авсан. Гэвч энэ киног сонирхох давалгаа нь илүү хүчтэй байсан гэж үзээд “Scream 2”-ийг ч бас араас нь хийсэн байна. Мөн яг ийм сэдэвтэй Халловенийн (Halloween) баярын аллагын тухай гэх мэт хүчирхийллийн “өнгөтэй” кинонууд олноор гарч эхэлжээ.

Харамсалтай нь, “Scream” киноны алдар нэр өөр байдлаар ч бас алдаршиж эхэлсэн байна. “Scream” киног гарснаас хоёр жилийн дараа буюу 1998 онд 16 настай Марио Падилла хэмээх америк хүү өөрийн 14 настай найзын хамтаар ээжийгээ хутгалан алсан хэрэг гарав. Тэд хэрэг үйлдсэн талаар байцаалт өгөхдөө “Scream”  цувралыг үзсэн нь нөлөөлсөн гэж хүлээжээ. Дараа жил нь буюу 1999 оны нэгдүгээр сард 13 настай Эшли Мюррей хэмээх америк хөвгүүнийг 14 настай Даниел болон 15 настай Роберто хэмээх хоёр хүү ар нуруу, толгой руу нь хутгалсан бөгөөд хохирогч арай гэж эсэн мэнд үлдсэн байна. Хэрэг үйлдэгчид дайралтаа хийхээсээ өмнө нөгөө л гайтай “Scream” киног үзсэн байсан гэдгээ хүлээсэн байна. Яг энэ хэргийн дараа буюу 1999 оны дөрөвдүгээр сард дээр бичигдсэн “Оюутны хотхоны аллага” жагсаалтын эхлэлийг тавьсан гэмт хэрэг  америкийн дунд сургуульд болсон байдаг. Колумбийн дунд сургуулийн ахлах ангийн сурагчид болох Эрик Харрис, Дилан Клиболт нар 12 сурагч, нэг багшийнхаа аминд хүрээд өөрсдийгөө егүүтгэсэн байна. Сонирхолтой нь Эрик болон Дилан нар тухайн үеийн интернэтийн сүлжээнд өөрсдийн вебсайтыг бүтээж түүндээ нийгмийг хэрхэн үзэж ядаж байгаагаа илэрхийлдэг байсан гэнэ.

Дээрхи бүх хэрэг явдлын дараа Холливудын уран бүтээлийн, тэр дундаа аймшгийн гэгдэх жанрын асуудлыг АНУ-ын  Сенат анхааралдаа аван улмаар залуусын сэдэвтэй киноны маркетингийн талаар­хи мэдээллийг сонсож хэ­лэл­цсэн байна. Мөн галт зэвсгийг эзэмших  эрх болон хүчирхийллийг агуул­сан тоглоом, кино зэрэг бүтээлүүдийг залууст түгээх асуудлаар АНУ-ын хууль тогтоогч нар анхааран ажилласаар байсан ч хүчирхийлэл зогссонгүй. Өнөө цагт сая саяараа борлогдож байгаа хүчирхийллийн агуулгатай кино болон тоглоом зэрэг бүтээлүүд нь нөлөөллийн хувьд өнгөрсөн зууны “өвөг эцгүүд”-ээсээ хэд дахин илүү байгаагийн дээр өнөөгийн залуусын хүмүүнлэгийн нийгмээс өвлөж авсан олон “норма”-г нь бүрэн эвдэх хүч чадлыг хэдийнээ олж авчээ. Тэр тусмаа интернетийн орчинд олон цагаар аялж “түгжигдмэл” амьдрах болсон залуусын хувьд дээрхи хүчирхийллийн бүтээлүүдийн нөлөөлөл яг л битүү орчинд дэлбэлэх бөмбөгний хүч чадал мэт асар хүчтэй бололтой. Ямартаа л сайн кино гэдэгт буу тасхийж, цус үсрэн, хүчирхийллийн гайхалтай зураглалууд үсийг тань өрвийлгөж байх нь хэдийнэ “норма” болон нутагшсан байна. Харин түүнийг сөрөн зогсох хүч чадалтай, хүчирхийллийн эсрэг  ерөндөг болохуйц “норма” хэзээ, хаана, юунаас бий болохыг хэн ч сонирхохгүй байгаа мэт. Энэ нь ч бас орчин цагийн нийгмийн амь бөхтэй бас нэгэн “норма” буюу хэв шинж болсон нь лавтай …. 

Жич: “Норма” (norma) гэдэг нь “өнцөг баригч” хэмээх утга бүхий латин гаралтай үг. Нийгэмд болон тодорхой бүлэг хүмүүсийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн зан үйл, ёс жаягын хэв хэмжээ гэсэн утгаар хэрэглэгдэх тохиолдол бий.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж