Сонгуульд өрсөлдөх эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх нь

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Сонгуульд өрсөлдөх эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх нь

“Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх арга замыг тодорхойлох нь”сэдэвт Азийн бүсийн бага хуралд Жендэрийн Үндэсний хорооны дэд дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх  Бадраагийн Долгорын тавьсан илтгэл
2012.04.03                                                                                Улаанбаатар хот

“Азийн бүс нутагтаа эмэгтэйчүүдийнхээ улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө хуран чуулахаар хүрэлцэн ирсэн бага хурлын төлөөлөгч эрхэмсэг хатагтай, ноёдоо,

Эрхэм зочидоо!

Дэлхийн бөмбөрцгийн хуурай газрын ихээхэн хэсэг болсон АЗИ хэмээх нэгэн тивд амьдарч байгаа Зүүн хойд, Зүүн өмнөд Азийн бүсийн улс орнуудын элч төлөөлөгчид өнөөдөр манай оронд хуран чуулж байгаад туйлын баяртай байна.

Бидний эх оронд ихэнхдээ эрэгтэйчүүд давамгайлсан бодлого хэрэгжиж байгаа ч НҮБ-ын болон олон улсын хамтын хүчин чармайлтаар зарим улс оронд Парламент дахь эмэгтэйчүүдийн тоо хэмжээ эрс нэмэгдэж, 20-иос дээш хувьд хүрсэн, зарим нь гуравны нэгээс дээшгарсан байгаа нь бодит ололт юм. Парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллөөрөө бүсдээ тэргүүлж байгаа Вьетнам, БНХАУ, Филиппинээс энэ хуралд хүрэлцэн ирсэн төлөөлөгчиддөө баяр хүргэе. Та бүхний сайн туршлагыг энэхүү бага хурлын үеэр сонсохдоо таатай байх болно.

Бидний энэ хоёр хоногийн хугацаанд тунгаан хэлэлцэх гэж буй Үндэсний парламент дахь эмэгтэйчүүдийн хувийг нэмэгдүүлэх үйл явц, бодит үр дүн  манай улсын хувьд нэн удаашралтай, зарим талаар ухралттай байна.

Монгол Улсынхөдөлмөрийн насны хүн амын 51.6 хувь нь эмэгтэй ба боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын 70-80 хувь, шүүх, хуулийн байгууллагын ажилтнуудын 60 хувь, их, дээд сургуульд суралцагчдын 60 орчим хувь, эрдмийн зэрэг цол хамгаалагчдын ихэнх, ХАА-н   салбарт ажиллагсдын 46.5 хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн худалдаа, үйлчилгээ, нийгмийн хамгааллын салбарт эмэгтэйчүүд давамгай ажиллаж байгаа юм.

Төрийн албан дахь жендэрийн харьцааг авч үзвэл:  

УИХ-ын эмэгтэй гишүүн  1992 онд3,9 %, 1996 онд 10.5%, 2000 онд11.8%, 2004 онд 6.5 %, 2008 онд3.9 %-ийн үзүүлэлттэй байна.  Засгийн газарт15 сайдын 1 эмэгтэй, 14 дэд сайдын  5 нь эмэгтэй, Яамдын ТНБД нэг ч эмэгтэй байхгүй, Засгийн газрын Агентлагийн 42 даргаас 2 эмэгтэй, Аймаг, Нийслэлийн 22Засаг даргад эмэгтэй байхгүй, Сум, дүүргийн Засаг даргын 17.7 %, Аймаг, Нийслэл, Сум, дүүргийн Засаг даргын орлогчийн 19.2% нь эмэгтэй байна.

Сүүлийн хоёр парламентад эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэх биш харин ихээхэн буурч одоогийн байдлаар парламентын76 гишүүний дөнгөж 3 нь эмэгтэй  байгаа юм.

Бидэнд олон улсын хууль тогтоомж(конвенци), бодлогын баримт бичиг, улс орнуудын өмнөө тавьсан зорилт хангалттай байна. Тэгвэл эмэгтэйчүүдийн энэ абстракт эрхийг хэрэгжүүлэх, бодит зүйл болгоход ихээхэн саад бэрхшээлтэй учирдаг бөгөөд бодит амьдрал дээр маш их цаг хугацаа, сэтгэл зүтгэл шаардагддаг нь нийтлэг юмаа.

Тиймээс эмэгтэйчүүдийн улс төрийн болон засаглалын бодит оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн тодорхой 4 асуудал дээр төвлөрч яръя гэж бодлоо.

1. Юуны өмнө хууль эрхзүйн орчин шийдвэрлэх үүрэгтэй.

Хуулийн зохицуулалт нь аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байж чадаж байна уу, дээрх зорилтууддаа  хүрэхэд эмэгтэйчүүддээ ээлтэй юү, хамгийн чухал нь тухайн улс эмэгтэйчүүдэд зориулсан түр тусгай арга хэмжээг тусгаж уу, тусгасан бол ямар хэлбэртэй, квотын асуудлыг шийдвэрлэсэн үү, квот нь суудал хадгалах уу, нэр дэвших үү, квот тогтоож буй аргачлал хэлбэр нь бодит үр дүнд хүрэхүйц байж чадсан уу?

Эдгээр асуултад бид амархан хариулж чадах боловч, ажиглах байр сууринаас бус идэвхтэй үйл ажиллагаагаараа хэт эрэгтэйчлэгдсэн парламентын бүрэлдэхүүнд нөлөөлөх, ухамсартайгаар дэмжих бүлгийг өргөтгөх явдал чухал. Ингэснээр бид эмэгтэй нэр дэвшигчдэд хууль эрхзүйн дэмжлэг үзүүлдэг.

Энэ хүрээнд хамгийн гол нь суудлын квот тогтоохын төлөө ажиллах нь ойлгомжтой. Манай улсын хувьд парламентад суудлын квот тогтоох асуудлыг хүлээн зөвшөөрөх орчин өнөөдөр байхгүй байна.

2. Нэгэнт суудлын квотгүй улсын хувьд дэмжлэгийн бусад хэлбэрүүд гол үүрэгтэй. Үүнд юуны өмнө улс төрийн намуудын бодлого орно.

Улс төрийн намуудын анхан шатны байгууллагуудад болон гүйцэтгэх албан тушаалд, ялангуяа аливаа сонгуулийн бүхий л үйл явцад эмэгтэйчүүд маш олноороо ажиллаж хүчин зүтгэдэг хэрнээ намын удирдах дээд албан тушаалд маш цөөн байдаг.

Манай улс төрийн намуудын хувьд энэ талаар тодорхой ахиц гарсан. Тухайлбал: Намын удирдах байгууллагадааэмэгтэйчүүдийн тодорхой хувийн болон тооны суудлын квотыг тогтоон мөрдөж байна.  

Харин улс төрийн намуудад эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинднэмэгдүүлэхзаалтуудыг намуудын өөрийн дотоод дүрэм журам, хүний нөөцийн бодлогод тусган хэрэгжүүлэх талаар намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагууд эрчимтэй ажиллаж байна.

3. Эмэгтэйчүүд улс төрд ороход саад болж буй гол хүчин зүйлийн нэг нь хөрөнгө мөнгөний хомсдол гэж ярьдаг.

Энэ хүрээнд сонгуулийн кампанит ажилд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор улс төрийн намууд дотооддоо болон иргэний нийгмийн байгууллагууд эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжих сан болон сүлжээ байгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслийн сүлжээ байгуулснаар мөнгөн бус дэмжлэгийн хүрээнд тэднийг дэмжих, мөн хуулинд кампанит ажлын зардалд дээд хязгаар тогтоох, эмэгтэй нэр дэвшигчид ялалт байгуулсан тохиолдолд төрөөс тухайн намд урамшуулал олгох систем нэвтрүүлэх зэрэг хэлбэрүүдийг нэвтрүүлэхийг зорьж байна.  

Энэ талаар манай хэвлэл мэдээллийн эмэгтэй удирдлагууд нэгдэн, эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх клуб байгуулаад байна. Түүнчлэн манай эмэгтэйчүүдийн ТББ-ууд ихээхэн идэвх санаачлагатай ажилладаг бөгөөд тэд ч мөн эмэгтэйчүүдээ дэмжих эвсэл байгуулаад байна.

4. Эцэст нь саналаа өгөх сонгогчдын хандлага бүхнийг шийдвэрлэх нь мэдээж.

Бид сонгогчдод жендэрийн шударга ёс, төлөөллийн ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэсэн хандлагыг төлөвшүүлэхэд нэлээд ажил хийлээ.

Дээрх 4 хүчин зүйлийг эргэн харахад, эдгээр асуудлуудыг шийдвэрлэх арга зам нь НӨЛӨӨЛӨЛ гэдэгтэй та бүхэн санал нийлнэ бизээ. Бидний ажиллах зорилтот бүлэг өөр өөр нэртэй боловч арга зам нь НӨЛӨӨЛӨЛ. Гагцхүү ямар стратеги ашиглах вэ гэдэгт л ялгаа нь байдаг.

Өнөөгийн техник технологийн эрин зуунд энэ бүх нөлөөллийн ажлыг хүргэх гол зам нь хэвлэл мэдээлэл буюу Social media юм.
Ялангуяа манай эмэгтэй лидерүүд  facebook, twitter –ийн орчинд сонирхлын бүлгүүд байгуулах, тулгамдаж буй асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлэх, саналыг сонсох зэргээр олон нийтэд хүрч ажиллаж байгаа эерэг аргуудыг дэлгэрүүлэх нь зүйтэй юм.

Бид иргэний жендэрийн боловсролыг хэвлэл мэдээллээр дамжуулан тогтмол тасралтгүй явуулснаар тэдний дэмжих хандлага хэрхэн өөрчлөгдөж байгааг нэгэн судалгааны  дүнгээр тайлбарлахыг хүсч байна.

Жендэрийн Үндэсний хороо нь 2009 онд “Хэвлэл мэдээлэл ба жендэрийн тэгш байдал” судалгаагаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй нийт эрэгтэйчүүдийн 56% нь шйидвэр гаргагч дүр төрхөөр гардаг бол нийт эмэгтэйчүүдийн дөнгөж 15% нь шийдвэр гаргагч дүр төрхөөр гардаг гэсэн байсан. Үүнийг бид улам тодруулахын тулд 2010 онд “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар иргэдийн санаа бодол” хэмээх судалгааг хийсэн билээ.

Энэ үеэр Монгол Улсын Их хурлаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль хэлэлцэж, сонгуулийн хуулийн шинэчлэл яригдаж байсан. Уг судалгааны дараа бид сэтгүүлчдийн жендэрийн боловсролыг дээшлүүлэх шаталсан сургалт зохион байгуулж, сэтгүүлчдийн клуб байгуулан, хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчидтай хамтран хэвлэлийн кампанит ажлуудыг тасралтгүй өрнүүлсэн. Үүндээ бид иргэдийн жендэрийн боловсролыг дээшлүүлэх төдийгүй нэр дэвших магадлалтай эмэгтэйчүүдийг олон нийтэд таниулах зорилготой байсан болно.

Түүнчлэн бид Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт гарган тэдэнд зөвлөх, гарын авлага болгох хэлбэрээр ажиллав.

Энэ бүх цогц үйл ажиллагааны дараа яг 1 жилийн дараа энэхүү судалгааг давтан хийхэд эмэгтэй нэр дэвшигчийг дэмжих хандлага ихээхэн өссөн дүн гарсан.

Жендэрийн Үндэсний хороонд эдгээр хэвлэл мэдээллийн судалгаа, сургалт, аян зэргийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Монгол улс дахь НҮБХХ болон  НҮБХАС-гийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

Ийнхүү энэ бүхний үр дүнд Засгийн газраас санаачилсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд парламентаар батлуулж чадсан юм. Энэ хуулиар нийгмийн амьдралын бүхий л түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодитой арга механизмуудыг хуульчлан тогтоож өгсөн. Хуулийн хэрэгжилтийг хангаснаар шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо шууд нэмэгдэхийн хамт парламент дахь хувь  нэмэгдэх  нөхцөл бололцоо өргөн далайцтай  болно гэж үзэж байна.

Уг хуулиар гэр бүлийн хүрээнээс эхлэн соёл боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөрийн харилцаа, түүнчлэн улс төр, төрийн албаны бүхий л салбарт тусгай арга хэрэгслүүдийг тогтоолоо.Өнөөдөр Монголд эрэгтэйчүүдийн боловсрол эмэгтэйчүүдийнхээс доогуур болсон нь гэрлэлтэд сөргөөр нөлөөлөх болсон. Эрүүл мэндийн бодлого, үйлчилгээг хүйсийн ялгаатай явуулах шаардлага тавигдаж байна. Энэ бүхнийг даван туулах аргыг хуульд тусгасан.

Ялангуяа улс төрийн намуудын удирдах бүрэлдхүүнд 25 хувийн, төрийн албаны бүхий л хүрээнд 15-40 хувийн суудлын квот тогтоолоо. Үүний дотор сайд, дэд сайд, бүх шатны засаг дарга, яам, агентлагийн дарга, төрийн албаны бусад албан тушаалыг хамарч байна.

Жендэрийн үзэл хандлагыг төлөвшүүлэх асуудлыг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн агуулгад оруулах зэрэг нь нийгмийн уламжлалт сөрөг хандлагыг эвдэхэд ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна.

Түүнчлэн манай улсад анх удаа Улсын Их хурлын сонгуулийн  хуульд эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг 20 хувиар тусгаад байна. Энэ бол бидэнд квот тогтоосон анхны ололт юм.

Гэхдээ энэхүү квотыг хэрхэн хэрэгжүүлэх, нэр дэвшигчдээ хэрхэн байршуулах талаар хуульд тодорхой зохицуулалт тусгаагүй нь түүнийг үр дүнтэй болгоход бэрхшээл учруулж байна. Иймд энэ талаар намуудад арга зүйн дэмжлэг үзүүлэх, намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагууд саналаа бодитой гаргаж санаачлагатай ажиллах нь үр дүнтэй гэж үзэж байна.

Түүнчлэннэр дэвших эмэгтэйчүүдийг чадавхижуулах, олон нийтэд таниулах, дээр дурдсанаар сонгогчдын хандлагад нөлөөлөх зэрэг асар их ажил бидний өмнө байна.

Эрхэм төлөөлөгчдөө,

Энэхүү бага хурал нь Монгол улс Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуультай болоод удаагүй байгаа, сонгуулийн шинэчлэл хийсэн жил, УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгуулийн жилд манай улсад зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой юм.

Та бид хамтын хүчин чармайлтаа нэгтгэснээр Азийн орнуудын, түүний доторМонголын парламент дахь эмэгтэйчүүдийн хувийг нэмэгдүүлэх асуудлаар ахиц дэвшил гаргана гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Зорьж буй тэр үр дүн бол зөвхөн эмэгтэйчүүдэд хүрэх бус нийт хүмүүн төрөлхтний хөгжлийг хүмүүнлэг болгож, бидний ирээдүй болсон үр хүүхдүүдэд маань ээлтэй нийгмийг бид байгуулах болноо.

Энэ ариун зорилгын төлөөх Та бидний чин сэтгэлийн үйлс улам дэлгэрэх болтугай.

Баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж