Сая төгрөгийн хувь хишиг хүртэх иргэдийн бүрдүүлбэл зохих материалыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнгээс тодрууллаа.
-Иргэд хэзээнээс мөнгөө авч эхлэх вэ?
-Бидний тооцож буйгаар иргэд энэ сарын 20-ноос эхлэн эхний ээлжийн 330 мянган төгрөгийн хувь хишгээ авч эхэлнэ. Үүнээс өмнө бүрдүүлэх материалаа сум, хороондоо бүрдүүлж өгөх ёстой.
-Хороод дээр материал авч эхлээгүй гэсэн. Хэзээнээс иргэдийн материалыг авах бол?
-Энэ долоо хоногт манайхан семинартай байгаа. Сургалтад сууж байгаа ажилтнууддаа өргөдлийн маягтаа өгч явуулна. Тиймээс ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн сум хорооддоо хандах хэрэгтэй.
-Иргэд ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Өндөр настнууд сум хороод дээр байгаа өргөдлийн маягтыг бөглөн иргэний үнэмлэхний хуулбартай хамтатган өгөх хэрэгтэй. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон акт хоёрыг дээрхи өгөдлийн маягтыг бөглөн өгөхөд л хангалттай байгаа юм. Өөр ямар ч зүйл нэмж бүрдүүлэх шаардлагагүй.
-Хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон актыг хаанаас авах вэ?
-Хаа нэг газраас авахгүй. Хөгжлийн бэрхшээлтэй бүх иргэдийн гар дээр буюу өөрт нь энэхүү акт байх ёстой.