ЗТБХБ-ын сайд Авто тээврийн газарт чиглэл өглөө

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

ЗТБХБ-ын сайд Авто тээврийн газарт чиглэл өглөө

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж өнөөдөр Авто тээврийн газарт ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Сайдад хаягласан, тус газартай холбоотой санал, гомдол ихээр ирсэн учир ийнхүү Авто тээврийн газарт ажиллах болсон байна.

Авто тээврийн газрын тухайд, тус салбарын хууль эрх зүйн орчныг амьдралд ойртуулах, тээвэрлэлтийн зохион байгуулалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, улсын дугаартай холбоотой асуудлыг шийдэх, бүртгэл дээрх давхардал, эмх цэгцгүй байдлыг цэгцлэх цаг нь болсон тухай сайд онцолж байлаа.  Түүнчлэн авто тээврийн салбарт зохих өөрчлөлт, шинэчлэл хийж байгаа ч шийдвэрлэх асуудал, төлөвлөх хэрэгцээт ажлууд их байгаа гэнэ. Энэ талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд Авто тээврийн газар болон Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт зохицуулалтын албаны уялдаа холбоог сайжруулах шаардлага нэн чухал ба тээвэрлэлтийн зохион байгуулалт, хөдөлгөөний аюулгүй байдал хангалтгүйгээс зам тээврийн осол буурахгүй байгаад анхаарал хандуулах ёстой тухай онцолж байсан. Эрдэнэт хүний амь нас эрсдэх, олон тооны зорчигч эрүүл мэндээрээ хохирсон зэрэг нийгмийг цочроосон таагүй мэдээллийг багасгах нь цагдаагийн байгууллагын зүгээс авто тээврийн салбарт хийх ажил гэдгийг хэлээд, тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олгох асуудлыг багасгах зэрэг хэд хэдэн ажилд анхаарлаа хандуулахыг сайд Авто тээврийн газарт үүрэг болгосон юм.

Энэ тухай Авто тээврийн газрын дарга Н.Дэлгэрнарангаас тодрууллаа.

-Авто машины бүртгэлийн дугаарын давхардал, зөрчлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Бодлого зохицуулалтын тухайд, хувь хүмүүс хоорондоо машиныхаа дугаарыг сольж наймаалцах асуудлыг эхний ээлжинд шийдэх хэрэгтэй байна. Ер нь машины дугаарын дөрвөн оронг ижилссэн болон дараалсан байлгавал нэр хүндийн хэрэг гэдгээр их ойлгоод байгаа. Тиймээс дугаарын хувьд үнэтэй, үнэгүй гэх байдлаар ханддаг, улмаар үүнтэй холбогдох далд наймаатай тэмцэх хэрэгтэй байгаа.

-Улс, хот хоорондын тээврийн аюулгүй байдлыг хангахын тулд нэн түрүүнд ямар алхам хийх шаардлагатай байна вэ?

-2011 онд Монгол Улсын хэмжээнд зам, тээврийн осол зөрчил 2000 удаа гарч, 362 хүн нас барсан, 1000 гаруй зорчигч гэмтсэн гэх албан мэдээ байна. Эдгээр нь жолоочийн болон зорчигчийн хариуцлагагүй байдал буюу согтуугаар замын хөдөлгөөнд оролцох, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлээгүйн улмаас гарсан гэж байна. Одоогоор улсын хэмжээнд нийт 2200 гаруй мэргэшсэн жолооч бий. Эхний ээлжинд том оврын, жижиг тэргийн хувьд ч машины техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах нэн тэргүүний шаардлага бий. Түүний дараагаар мэдээж, боловсон хүчнийг чадавхжуулах, хариуцлагын тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Ингэхдээ шат дараатайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм.  

-Замын осолд олон жил ашигласан, хуучирсан нийтийн тээврийн хэрэгслийн үзүүлэх нөлөө их бий гэдэг?

-Энэ асуудалд яах аргагүй нийтийн тээврийн хэрэгслийн насжилтын асуудал яригдаж байгаа юм. Ерөнхийдөө 2000 оноос өмнө үйлдвэрлэсэн автомашин, тээврийн хэрэгслийг хориглох бодлого байна. Гэхдээ ард иргэдийнхээ шинэ машин унах, үгүй талаарх боломж бололцоог бодолцох хэрэгтэй юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж