Монголд авлигад идэгдсэн орны шинж төгс бүрджээ

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Монголд авлигад идэгдсэн орны шинж төгс бүрджээ

Монголд сүүлийн үед “тансаг зэрэглэлийн” бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд эрс олширчээ. Товчхондоо Монгол Улсад баячууд олноороо төрөн гарч. Гэвч харамсалтай нь, эдгээр баячууд мөнгөө илээр гаргаж, зарлаж чаддаггүй. Шударга бус аргаар олсон мөнгө учир ингэдэг байх магаддал өндөр. “Баячууд авлигачид” гэж баталгаагүй хэлэх нь нэг талаар өрөөсгөл, нөгөө талаар хуулиар хориотой. Гэвч улс орон авлигад идэгдсэнийг илтгэдэг шинжуүд байдаг аж. 100 хувь баталгаатай гэж хэлж болох энэ хэв пшнжүүд Монголд аль хэдийнэ бий болжээ.

Тансаг хэрэглээ цадигаа алдаж байна

“Тансаг хэрэглээний хаан” Бернар Арно нэгэнтээ “олсноо багтааж ядсан баячуудаас мөнгө салгах хамгийн амархан арга бол өндөр үнэ хэлэх” гэж хэлсэн гэдэг. Тэгвэл түүний энэ үгийг бизнесмэнүүд Монголд хэрэгжүүлж байна. Монголын хэрэглээний үнэ АНУ-аас ч давж гарчээ.

Монгол Улс “дундаж болон доогуур орлоготой иргэддээ” 60 m2 орон сууцыг 90 сая төгрөгөөр авахыг санал болгож байна. “Тансаг” гэгдэж байгаа хүмүүст зориулсан байр бол бүр түүнээс үнэтэй. Үндэсний хөрөнгө оруулалттай “Цэцэнс даймонд” компани барьсан байрныхаа 1м2-ын үнийг 3500 ам.доллараар тогтоосон байна. Тэгвэл АНУ-д та 90 000 ам.доллараар 385 m2 талбайтай, 3 унтлагъш, 2 угаалгын өрөөтэй, 1500 m2 ландшафт бүхий хувийн орон сууц худалдаж авч чадна. Энэ хаягаар ороод биднээс дахин өндөр цалин авдаг АНУ-д орон сууцны үнэ ямар байгааг сонирхоорой http://www.house-hunt.com/homes/forsale/CA/. Монголд орон сууц үнэтэй байгаагийн бурууг компани, эрэлт нийлүүлэлтийн хуульд тохохоос гадна авлига байгаагаас гэж ойлгохоос өөр аргагүйд хүрч байна. Тансаг брэндүүд ээлж дараалан дэлгүүрээ нээж байгаа нь Монгол далд эдийн засаг оршин байгаагийн илэрхийлэл. Жишээ нь Луи Вуиттоны дэлгүүрт байгаа нэг цүнхийг худалдаж авахын тулд дундаж далинтай хүн жил ажиллах болж байна.
 
Улс төрчдийн харилцаа, хясан боолт

Авлигын гэмт хэргийг тодорхойлохдоо эрх мэдэлтнүүдийн оролцсон гэмт хэргүүд хучирхийлэл, далайлган сүрдуулэх, хясан боогдуулах аргаар үйлдэгддэг гэж тодорхойлжээ. Төрийн өндөр албан тушаалтнууд эхний хоёрыг нь байг гэхэд сүүлийн аливаа асуудлыг “хясан боох” гэдэг аргыг нь хангалттай хэрэгжүүлж байгааг бид харж байна. Хоёр утгатай “салаа хууль” батлах юм уу, нэг хуулийн заалтыг нөгөөгөөр нь үгүйсгэчихээд “хясан боож” суух нь өнөөгийн төрийн өвдөр албан тушаалтнуудын нийтлэг хэв шинж. Энэ маань цаагуураа “авлига байгаа” гэдгийг батлаад байгаа юм. Банкны дампуурал, мөнгө угаах гэмт хэрэг нь авлигын гэмт хэргээс ангид явагдах бараг боломжгүй гэж Олон улсын Авлигын эсрэг байгууллагаас гаргасан тодорхойлолтод бичсэн байна. Манай улсад Хадгаламж зээлийн хоршоодыг дампууруулсан хэргээс эхлээд “сэжигтэй” олон дампуурал, “мөнгө угаалт” гарсан. Үүний цаана авлига байгаа гэж үзэх бүрэн үндэстэй. Гэмт этгээдүүд буруу аргаар олсон орлогынхоо бараг талыг өөрсдийнхөө аюулгүй байддыг хангах, байр суурийг бэхжүүлэх, өргөжүүлэхэд зориулдаг, ингэхдээ мөн л авилгын замаар хэрэгжүүлдэг аж. Үүнийг авлига авсан нэг хүн илэрвэл цаана нь 10-20 хүн байдаг гэж ойлгохоос өөр аргагүй.
 
Шууд худалдааны байгууллагын өсөн дэвжилт

Монгол Улсад шууд худалдааны байгууллага гэгч хүчээ аваад 10 гаруй жил болж байна. Одоо бүр хүчээ авчээ. Эдгээр байгууллага нь байнга нэрээ сольж байдаг бөгөөд ихэнхдээ хууль бусаар ажилладаг. Гэхдээ хуулийн дагуу ажилладаг нь ч байна. Үйл ажиллагааны гол онцлог нь хууль бус аргаар мөнгө олсон хүмүүст олонд мэдэгдэлгүй тансаг хэрэглээгээ хангахад нь туслах явдал. 3000-4000 ам.долларын үнэтэй эмэгтэй хүний дотуур хувцас, 5-7 сая төгрөгийн үнэтэй тоос сорогч, Дорнын эм эмчилгээний болон гоо сайхны бүтээгдэхүүнийг эдгээр байгууллагууд санал болгодог. БНХАУ-д төвтэй нэгэн шууд худалдааны байгууллага жинхэнэ хүр хорхойн шүлсээр нэхсэн торгон дотуур хувцас худалдаалдаг бөгөөд үнэ нь дээр хэлсэнчлэн 3000-6000 ам.доллар байдаг. Тус байгууллагад ажилладаг монгол хүний сарын цалин 500 ам.доллар гээд бод. Тэр бүсгүй бараа нь их гүйлгээтэй байдаг бөгөөд төрийн албан тушаалтнуудын эхнэрүүд үйлчлүүлдэг гэсэн юм. Гэхдээ нэрийг нь хэлэхээс энэ удаа түдгэлзлээ.

Ийм байгууллагууд борооны дараахь мөөг шиг олширсоор байна. Эдгээр байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа орондоо байхгүй байх нь элбэг. Мөн хүний хүсэл дээр тулгуурлан брэндийн нэрийг өөрчлөх замаар нэг бүтээгдэхүүний хэд дахин  өндөр үнээр дамлан ашиг олдог. Үйлдвэрээсээ 10 ам.доллараар гардаг бүтээгдэхүүнийг хуурамч шошго наагаад 1000-аар зарж байхаасаа ч сийхгүй. Онц хэрэгцээгүй боловч үнэтэй байдаг нь шууд худалдааны байгууллагын онцлог. Гэвч худалдан авсан хүн нь ихэвчлэн орлогоо нууж байгаа хүн байдаг тул завшаад өнгөрөх магадлал өндөр. Авлига авсан монголчууд ийм байдлаар гадныханд шулуулж байдаг байна. Монголд далд эдийн засаг 30-40 хувьтай байна, 20-30 хувьтай байна гэх мэтээр олон янзын тоо хэлдэг. Аль нь ч байлаа гэсэн энэ бол өндөр үзүүлэлт юм. Гэвч баяжсан нэгнээ авлига авч байгааг нь мэдсээр хэрнээ дуугүй суусаар байгаа ядуусыг “цайлган” гэх үү, тэнэг гэх үү…
 

Х.САЙХАН
Зохиогчийн эрх: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж