АНУ Сирийн сөрөг хүчинд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэх шийдвэрээ энэ уулзалт дээр танилцуулжээ. Стамбулд болсон "Сирийн найз нөхөд" уулзалтад оролцогчид Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадын дэглэмийн эсрэг шинэ хориг арга хэмжээг боловсруулах ажлын хэсгийг байгуулах шийдвэр гаргасан байна.
Ажлын хэсгийнхэн ойрын өдрүүдэд Парист уулзаж ярилцахаар болжээ. Илүү харгис, хатуу хориг арга хэмжээ авснаар Б.Ассадын улс орон дахь цус асгаруулалтыг зогсоож чадна хэмээн Х.Клинтон мэдэгдсэн байна.
АНУ эдүгээ Сирийн босогчдод зөвхөн санхүүгээр бус, өөр олон зүйлээр тусалж байгаа юм. Тухайлбал, Вашингтон Сирийн сөрөг хүчнийнхнийг харилцаа холбооны хэрэгслээр хангаж үйл ажиллагаагаа удирдан чиглүүлэх, гадаад ертөнцтэй холбогдох боломжоор хангаж байна. "Сирийн найз нөхөд" уулзалтад ОХУ оролцсонгүй.
Энэ уулзалт аливаа улс орны хэрэгт хөндлөнгөөс оролцох хөрс суурийг бэлтгэж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдсэн юм. Кремль мөн Хятадтай хамтран Сирийн эсрэг хориг арга хэмжээ авах НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд хориг тавьсан билээ. Үүнийгээ Сирийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоос зайлсхийсэн хэмээн тайлбарласан аж.
Гэсэн хэдий ч НҮБ болон Арабын лигийн Сири дахь тусгай төлөөлөгч Кофи Аннаны Сирийн хямралыг зохицуулах төлөвлөгөөнд тусламж үзүүлнэ гэдгээ Москва мэдэгдсэн юм. К.Аннан 2012 оны гуравдугаар сард Сирид очсон. Ерөнхийлөгч Башар Ассад гуравдугаар сарын 27-нд Аннаны санал болгосон Сирийн хямралыг зохицуулах энхийн төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн байна.
Энхийн төлөвлөгөөнд гал зогсоох, Сирийн бүх бүс нутагт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломжийг олгох, нөхцөл байдалд хяналт тавих системийг бий болгохыг тусгасан юм. Гэвч Сири дэх зэвсэгт мөргөлдөөн одоо болтол зогсохгүй байна. Засгийн газрын цэргүүд Сирийн хотуудаас гарахгүй хэмээн Дамаскийн Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ.
Тус улсад нөхцөл байдал тогтворгүй хэвээр байна. Жил гаруйн өмнө Сирид Ерөнхийлөгч Башар Ассадын дэглэмийг эсэргүүцсэн бослого дэгдсэнээс хойш есөн мянга орчим хүн амь насаа алдаж байна хэмээн НҮБ үзжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин