Mercedes-Benz тансаг нисдэг тэрэг бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Mercedes-Benz тансаг нисдэг тэрэг бүтээжээ

Чанар чансаа, хурд хүчээрээ алдартай авто үйлдвэрлэгч “Mercedes-Benz” болон салбартаа тэргүүлэгч “Eurocopter” групп хамтран Benz-ийн загвар дээр суурилсан EC145 тансаг ангиллын нисдэг тэрэг бүтээжээ. Бизнесийн болон хувийн аялалд зориулан бүтээсэн уг нисдэг тэрэг нь ганган чамин, тансаг эд зүйлст дуртай хэрэглэгчдэд агаарын замд ч энэ байдлаа хадгалахад тус болох юм. ЕС ангиллын нисдэг тэрэг нь найман хүний суудалтай, кабины дотоод зохион байгуулалт нь Mercedes-Benz-ийн цоо шинэ R-Class автомашиныхтай ижил бөгөөд интерьерийг тус компанийн мэргэжилтнүүд тусгайлан урласан байна. Зорчигчийн болон нисэгчийн бүхээгийн сандлын бүрээсийг дээд зэргийн чанартай материалаар хийсэн ба чамин харагдахуйц модон шал, таазтай ажээ. Мөн онгоцны кабинд аяга таваг, хоол хүнс хадгалах зориулалттай, ширээний зориулалттай, мөн 15-инчийн дэлгэц болон DVD тоглуулагчийг багтаасан гоёмсог загварын гурван хайрцгийг байрлуулсан байна. Нисдэг тэрэгний арын хэсэгт ачаа тээш агуулахад зориулсан зайтай бөгөөд аялал, амралт зугаалгад зориулсан унадаг дугуй, гольфын хэрэгсэл зэргийг хийх боломжтой юм. Зай багтаамж сайтай, олон талын ач холбогдолтой “Eurocopter EC145 Mercedes-Benz Style” нисдэг тэрэг нь хос хөдөлгүүрт турбинтэй, дээд зэргийн чамин тансаг интерьер дизайнтай. Энэхүү нисдэг тэргийг Швейцарийн Женев хотноо үргэлжилж буй Европын агаарын тээврийн бизнесийн чуулга уулзалт, үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан бөгөөд 2011 оны дөрөвдүгээр улирлаас эхлэн худалдаалагдаж эхлэх ажээ. Харин үнийн тухайд одоохондоо тодорхойгүй байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж