“Samsung Electronics” концерн Хятадын Шаньси мужид флашийн үйлдвэр барихаар долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх болсон тухай концернийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Хэвлэлийн төлөөлөгч Кен Но хэлэхдээ концернийн захирлуудын зөвлөлөөс эхний ээлжинд үйлдвэрийн барилгад 2,3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон гэжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Samsung Electronics концерн Хятадад флашийн зах зээл дэх эрэлт өсөн нэмэгдэж байгаа учир тус улсад флашийн үйлдвэр барихаар шийдвэрлэснээ зарлаж байсан юм.
Samsung Electronics концерн нь АНУ-ын Техас мужид гар утасны процессор болон iPad планшетийн эд анги хийдэг үйлдвэртэй юм. Энэ нь концернийн хилийн чанад дахь ганц үйлдвэр гэнэ. Өмнөд Солонгосын энэ үйлдвэрт Apple компани iPad-ийн эд анги захиалдаг бөгөөд өнгөрсөн онд 7,8 тэрбум ам.долларын захиалга өгсөн байна.
Samsung 2010-2015 оны зах зээлийн эрэлт хэрэгцээг тооцоолсны үндсэн дээр флашийн үйлдвэрээ барих шийдвэр гаргасан гэж Bloomberg тэмдэглэжээ.
Н.Тунгалаг