”Согтуу монгол 2” эмэгтэйчүүдийг өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

”Согтуу монгол 2” эмэгтэйчүүдийг өөрчилнө

Жавар тачигнасан өвлийн улиралтай уралдан “Мэлмийд тань хувьсал, Оюунд тань хувьсгал” уриатай “Royal HD” Залуусын телевиз үүд хаалгаа нээсэн билээ. Тус телевиз нь хэвлэл мэдээллийн салбар, тэр дундаа телевизийн урлагт Нийгмийн хариуцлагыг ухамсарлагч цорын ганц телевиз болохоо харуулж, асар богино хугацаанд хүч түрэн орж ирсэн юм. “Royal HD“ Залуусын телевизийн уран бүтээлчид “Согтуу Монгол”, “Супер студент”, “Залуу лидер”, “Ялагдаагүй амьдрал” зэрэг нэвтрүүлгүүдээрээ үзэгч олны итгэлийг хүлээгээд байгаа юм. Ингээд уншигч та бүхэндээ “Рояаль HD” Залуусын телевизийн захирал Л.Ганзоригтой ярилцсанаа толилуулъя.

-Танай телевиз Залуусын гэх тодотголтой. Тэгэхээр телевизийнхээ талаар танилцуулах уу?

-Манай телевиз хэвлэл мэдээллийн салбарт “Залуус”-ын гэх тодотголтойгоор орж ирсэн. Залуусын телевиз гэж яагаад нэрлэх болсон юм гэхээр манай орон залуусын орон. Нийт хүн амын 70 хувь нь 25-аас дээш насны залуучууд байдаг. Тийм ч учраас бид Монголын залуус үзэх телевизтэй, өөрийн гэсэн сувагтай боллоо” гэсэн уриатайгаар анхны эфирээ цацсан юм. Манай телевизийн үндсэн уриа бол” Мэлмийд тань хувьсал, Оюунд тань хувьсгал”. Тэгэхээр залуусын телевиз гэхээр интертаймент, цэнгээнт нэвтрүүлгүүд түлхүү гаргадаг телевиз гэж ташаа ойлгож магадгүй юм. Манай телевиз залуусыг соён гэгээрүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл “Royal HD” телевизийг үзэж байгаа үзэгчид тодорхой хэмжээгээр боловсорч, сайн сайхан зүйлийг олж харах ёстой. Манай хамт олон асар богино хугацаанд “Нийгмийн хариуцлагатай телевиз” гэсэн алдрыг үзэгчдээсээ хүртээд байгаадаа маш их баяртай  байгаа.

-Танай телевиз “Согтуу Монгол” нэвтрүүлгээрээ үзэгчдийг байлдан дагуулаад байгаа.

-“Согтуу Монгол” зорилтот шоуг маань үзэгчид маш их дэмжиж, хүлээн авч байгаа. Тус нэвтрүүлэг анхны дугаараасаа эхлэн үзэгчдэд хүрч, тэдний анхаарлыг зүй ёсоор татсан. Энэ нэвтрүүлгийн зорилго нь нийгэмд бугшаад байгаа, нийгмийн тахал болоод байгаа архидалт гэдэг зүйл рүү залуусыг оруулахгүй байхыг уриалах, орсон нэгнийг нь хамтын хүчээр сайн сайхан амьдралд хүргэх юм л даа. Нэвтрүүлгийн маань оролцогчид Нарантуул, Бөмбөгөр захын орчим хэсүүчилж, шил лааз түүж амьдардаг, архинд донтсон хүмүүс. Бид тэдгээр хүмүүсийн дундаас архинаас гарах хүсэл эрмэлзэлтэй 10 хүнийг сонгон авч нэвтрүүлэгтээ оролцуулсан. Оролцогчид маань хир тоостой хувцас хунараа тайлж хаяад, шинэ орчин, шинэ амьдралд орох эхлэл нь тавигдсан. Энэ хүмүүсийг архинаас гаргах тал дээр “86400” нийгмийн хөгжлийг дэмжих төв, 98,9 FM радио, “Өөрчлөгдсөн амьдрал” ТББ-тай хамтран, мөн Монголын ард түмнийхээ ерөнхий ивээн тэтгэлгээр олон ажлуудыг зохион байгуулсан. Нэвтрүүлгийн ивээн тэтгэгч яагаад ард түмэн байна вэ гэхээр манай үзэгчид, ард иргэд маань бидэнтэй сэтгэл зүрхээрээ нэгдэж чадсан. Тэд маш их дэмжсэн. Манай телевизийн үзэгчид “Согтуу Монгол” нэвтрүүлгийг үдэш бүр гэр бүлээрээ үзэж, зарим үзэгчид сэтгэл нь шимширч, телевизийн шууд утас руу холбогддог байлаа. Үзэгчдийн зүгээс нэвтрүүлгийн оролцогчдод яаж туслах вэ, энэ хүмүүсийг яаж дэмжиж сайн сайхан явуулах вэ гэдэг үүднээс хандаж байсан. Мөн олимпын аварга Бадар-Ууган, Сэрддамба, Цагаанбаатар, Наранбаатар, “MLG 13” ТББ, Төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд гуай, төрийн болон төрийн бус байгууллагуудын тэргүүнүүд зэрэг нийгмийн бүхий л салбарын хүмүүс манай нэвтрүүлэгт хандаж байсныг хэлэхэд таатай байна.

-“Согтуу Монгол” нэвтрүүлэг нэлээд өргөн хүрээг хамарсан нь хэн бүхэнд харагдах болсон. Тус нэвтрүүлгийн оролцогчдыг ажил төрөлтэй болох, гэр оронтой болгоход туслалцаа үзүүлсэн ямар байгууллагууд байна вэ?

-Нэвтрүүлэг гарч байх үеэр маш олон хувь хүн, албан байгууллагууд манай телевизэд хандаж байсан. Мэргэжлийн сургалтын төвүүд, төрөл бүрийн хувцасны үйлдвэрүүд, дэлгүүр, бар, ресторануудын зүгээс манайд хандаж өөрсдийн боломжоороо туслая, эдгээр хүмүүстэй нэг өдөр ч гэсэн хамт байж, сэтгэлийн дэм өгье гэж байсан.

-“Royal HD” Залуусын телевизийг энэхүү нэвтрүүлгийн оролцогчдоо сургалтанд хамруулж, мэргэжилтэй болгосон гэж сонссон?

-Бид “Согтуу Монгол” зорилтот шоу нэвтрүүлгийн оролцогчдынхоо биеийн байцаалт буюу иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгал, ажлын байрны асуудал зэрэг тэдний өмнө нэн тэргүүнд тулгамдаад байгаа асуудлуудад анхаарлаа хандуулсан. Тэгэхээр ажлын байр гэж ярихаар яах аргагүй мэргэжлийн тухай асуудал гарч ирнэ шүү дээ. Энэ тал дээр “CDC” сургалтын төвийн хамт олон манай оролцогчдыг барилгын нарийн мэргэжлийн сургалтанд хамруулж, сертификад олгосон. Ингэснээр манай шилдэг оролцогчид барилгын компанид 600 гаруй мянган төгрөгний цалинтай ажилд орсон. Мөн иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалтай болсноор иргэний харъяалалтай болж, “Эх орны хишиг”-ээ авах боломж  нь бүрдсэн.

-Эдгээр хүмүүсийн эрүүл мэндийн асуудал ямар байсан бэ. Энэ тал дээр ямар ажлуудыг зохион байгуулсан бэ?

-Мэдээж оролцогчид маань эрүүл мэндийн хувьд нэлээд хүнд байсан. Тэгтэл мөн л үзэгчид маань бидэнд хандсан. Тухайлбал, “Энэрэл” эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны “Нууц увидас рашаан” эмнэлэг, мөн эмийн үйлдвэрүүдийн зүгээс манай оролцогчдыг эмнэлгийн үзлэгт хамруулж туслалцаа үзүүлсэн.

-“Рояаль HD” Залуусын телевизийг энэхүү зорилтот шоугаа үргэлжлүүлэн явуулах гэж байгаа гэж сонссон. Дараагийн нэвтрүүлгээ арай өөр хэлбэрээр явуулах болов уу?

-“Согтуу Монгол” зорилтот шоуны үеэр маш олон үзэгчид санал бодлоо хэлж байсан гэж би дээр хэлсэн. Тэд “Согтуу Монгол”-ыг дахин үргэлжлүүлэх үү. Манайд эмэгтэйчүүд архидан согтуурах явдал нэлээд газар авсан. Тийм болохоор эмэгтэйчүүдийг оролцуулж болохгүй юу гэсэн санал болон захидлуудыг манай редакцид нэлээд ирүүлсэн л дээ. Бид  үзэгчдийнхээ саналыг хүлээн аваад, “Согтуу Монгол 2” зорилтот бодит нэвтрүүлгээ хийх нь зүйтэй юм байна гэсэн шийдэлд хүрсэн юм. Бид дахин 10 эмэгтэйг сайн сайхан амьдралд хүргэхийн төлөө хичээх болно. Гэхдээ бидний хүсэл тэмүүлэл бол 10, 20 хүнээр хязгаарлагдахгүй. Бид телевизээрээ дамжуулаад мянга мянган залуусыг архи гэдэг зүйлийг жигшдэг, түүнээс татгалздаг, архигүйгээр бид ямар их аз жаргалтай, сайн сайхан амьдарч болох вэ гэдгийг тэдэнд ойлгуулж өгөхийг зорьж байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслэл гэдэг маань өөрөө хүүхэд багачуудыг, залуусыг хүмүүжүүлж байх ёстой. Тэд телевизээр үзэж, харж, сонссон зүйлээ даган дуурайдаг шүү дээ. Гэтэл өнөөдөр алаан хядаантай, садар самуун, архи, хар тамхи зэргийг сурталчилсан кино, энэ төрлийн мэдээллийн хөтөлбөр, нэвтрүүлгүүд маш их гарч байна. Үүнийг хараад даган дуурайж, энэ тал руу хазайгаад, хүмүүжил нь өөрчлөгдөж байгаа залуус их байна. Тийм ч учраас бид олон нийтийн мэдээллийн хэрэгслэл гэдэг хариуцлагаа, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаад, энэхүү архи гэдэг зүйлийг залуусынхаа сэтгэлгээнээс авч хаяхыг уриалж байна. Аливаа улс үндэстэн мөхөхөд хоёр, гурван том шалтгаан нөлөөлдөг гэдэг. Түүний нэг нь архидалт. Тэгэхээр бид архинаас татгалзаж чадвал улс орноо хөгжүүлнэ, сайн сайхан амьдарна шүү дээ. Одоо Тавантолгой, Оюутолгой гээд их л том юм ярьдаг, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гээд л буруутгадаг. Гэхдээ бид үүнээсээ өмнө нийгмийн сэтгэлзүйгээ архи гэдэг зүйлээс салгая. Архидалт бол бүх л шатанд байна. Зангиа зүүгээд боловсон архи уугаад явж байгаа хүмүүсийг бид архичин гэдэггүй болохоос үнэндээ энэ хүмүүс архичин л байгаа. Гудамжинд байгаа, архи уугаад хэвтэж байгаа нэгнээ л архичин гэж  хэлээд байгаа болохоос биш яг шударгаар хэлэхэд Монгол улсад архичин гэж хэлэхэд маш их тоо дурдагдаж болох болов уу гэж бодож байгаа юм. Ийм ч учраас өнөөдөр архинаас татгалзах цаг болсон. Үүнд манай “Рояаль HD” Залуусын телевиз хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээ уриалаад, анх санаачлаад, манлайлаад ийм ажлуудыг зохион байгууллаа. Бид үргэлжлүүлээд архитай тэмцэнэ. Мөн нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа зүйлтэй тэмцэнэ. Манай телевиз өөрөө харьцангуй залуу телевиз, залуу уран бүтээлчид гар нийлэн ажилладаг. “Рояаль HD” Залуусын телевизийн бодлого бол өнөөдрийн нийгэмд байгаа хар бараан зүйлээс аль болохоор татгалзаж, залуусдаа сайн сайхан, үлгэр жишээ, даган дуурайх, манлайлал болж чадах зүйлийг үзүүлэх явдал юм. Ингээд биднийг дэмжиж байгаа монголынхоо нийт ард түмэндээ, төрийн болон ТББ-ууддаа, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс, Нийслэлийн Цагдаагийн хэлтсийнхэндээ, хамтарч ажилласан бүх байгууллага, хамт олондоо баярлаж талархаж байгаагаа илэрхийлье.

Баримт

Нийгэм эдийн засгийн шилжилт, ажилгүйдэл, ядуурал, гэр бүлийн янз бүрийн асуудал, хүчирхийлэл зэрэг таагүй хүчин зүйлс болон орчноос шалтгаалан гэр бүлийн гишүүдийн сэтгэцийн эрүүл мэнд илүүтэй хямрахын зэрэгцээгээр гэр бүлийн хүчирхийлэл гэр бүлийн салалт, ёс суртахууны доройтол, биеэ авч явах байдал буурах нь улам бүр газар авч байна. Үүний гол шалтгаан нь архидалтын асуудал юм.

1990 онд Ардчилсан хувьсгал ялж хүний эрх, эрх чөлөө бий болсон боловч үүний цаана бас нэг дайсан бий гэдгийг мартсан байна. Энэ нь архидалтын асуудал юм. Монгол улс 20 жил архидалтын асуудал дээр сул дорой бодлого баримталж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Архи пивоны онцгой албан татварыг даруй 10-15 дахин нэмэх шаардлагатай бөгөөд зах зээлийн шалгуураар жижиг үйлдвэрүүд нь хумигдан цэгцрэх, үйлдвэрлэлийн хэмжээ нь багасаж, хэрэглэгчдийн тоо буурна гэж үзэж байна.

Статистик судалгаагаар: Манай улсад архины 93, спиртын 16, шар айрагны 21, дарсны 14 уйлдвэр албан ёсны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, жилдээ дунджаар 50-60 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэж, 15-20 сая литрийг импортоор оруулж, 6196 дэлгүүр хоршоогоор худалдан борлуулж байна. 2010 оны эцсийн байдлаар Улаанбаатар хотод 3680 согтууруулах ундаагаар үйлчилдэг газар үйл ажиллагаа явуулж байгаагаас 2352 нь худалдааны чиглэлээр, 1326 нь нийтийн хоолны чиглэлээр ажиллаж байгаа ба согтууруулах ундаагаар үйлчлэх цэгийн тоо жилд дунджаар 150-иар нэмэгддэг байна. Өнгөрсөн оны байдлаар манай улсад гарсан хүн амины гэмт хэргийн 63,8%, танхайрах хэргийн 53,2%, хүчингийн хэргийн 50%-ийг согтуугаар үйлдэгдсэн байна. Мөн гэр бүлийн тогтворгүй байдал, сөргөлдөөний гол шалтгааны 87,5%, гэр бүл салалтын 58,3%-ийг архидалт эзэлдэг гэсэн дүн гарчээ. Түүнчлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, зөрчил гаргасны улмаас Цагдаагийн эрүүлжүүлэх байранд 2009 онд 136 мянга 603 хүн эрүүлжүүлэгдэж байсан бол, өнгөрсөн онд 139 мянга 217 хүн болж өссөн байна. Сүүлийн  жилүүдэд  манай  орны  эмэгтэйчүүд,  өсвөр  наснынханы дунд архидан согтуурах явдал улам бүр нэмэгдэж, Монгол улсын насанд хүрэгсдийн 51,2% нь архинд донтох өвчтэй байна.

“Согтуу Монгол” зорилтот бодит шоу

1-р шат:
“Рояаль HD Залуусын телевизийн хамт олон архины хор уршигт нэрвэгдсэн хэсэг хүмүүсийг нэвтрүүлгийн оролцогчоороо сонгож, тэдний өмнө тулгамдсан олон асуудлуудыг өөрсдийн хүч, нөөц бололцоон дээр тулгуурлан шийдвэрлэсэн билээ. Тэд олон нийтийн газрууд болон архинд донтогч хүмүүсийн цуглардаг обьектуудаар судалгаа явуулсаны үндсэн дээр “Согтуу Монгол” зорилтот бодит шоуныхаа 10 оролцогчийн багийг бүрдүүлсэн байна. Ийнхүү оролцогчдоо уулзалт өдөрлөг болон сургалт семинаруудад хамруулан, архи хэмээх гашуун усгүйгээр амьдралын сайхныг мэдэрч болдогийг ойлгуулан ухамсарлуулж, ертөнцийг өөрөөр харах үзлийг бий болгон амьдралыг нь өөрчилж чаджээ.

2-р шат: “Согтуу Монгол” зорилтот бодит шоуны оролцогчдыг цаг хугацаа, орчин нөхцөл, сургалтын үйл ажиллагаанд тодорхой дүрмийн дагуу хэрхэн оролцож байгаа эсэхээс нь шалтгаалан шилдэг 5 оролцогчийг шалгаруулжээ. Ингэснээр архи согтууруулах ундаанд захирагдахгүйгээр, амьдралын өдөр тутмын “ЭРҮҮЛ” хэв маягт дасан зохицож “Согтуу Монголоос Эрүүл саруул Монгол” болох боломж байгаа юм байна гэдгийг жинхэнэ утгаар нь харуулж чадсан юм. Энэхүү үйл явцыг өдөр бүр үзэгч олондоо хүргэж, нийгэмд зөв уриалгыг дэвшүүлээд байгаа билээ.  

Эх сурвалж: www.zaluu.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж