“Барса”-г зогсоосон гурав дахь баг нь “Милан”

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

“Барса”-г зогсоосон гурав дахь баг нь “Милан”

Каталоны супер клуб “Барселона” энэ улиралд 50 гаруй тоглолт хийхдээ хоёроос бусдад нь гоол оруулсан үзүүлэлттэй байна. Тэгвэл аваргуудын лигийн шөвгийн наймд тэдэнтэй оноолт таарсан “Милан” клуб ямартай ч эхний тоглолтдоо хуурай тэнцээ хийж дөнгөлөө. Тэд бүтэн багаараа хойш сууж, зай гаргалгүй нягт хамгаалсан нь ийн амжилтад хүрчээ. Гэхдээ “Милан” тэнцлээ гээд баярлахад эрт байна. учир нь каталончууд хариу тоглолтыг гэртээ хийх билээ. Дунд шөвгийн нөгөө гурван хосын хувь заяа бараг шийдэгдсэн гэхэд болно. Тодруулбал хүчирхэг “Реал” Грекийн даруухан баг “Апоэл”-ийг талбайд нь 0:3-аар илүүрхэн хожсон бол мюнхений “Бавари” “Марсель”-ийн талбайд 0:2оор ялалт байгуулжээ. “Апоэл”, “Реал”ын эсрэг тоглохдоо хаалга чиглүүлэх байтугай гадуур нь ч цохиж чадаагүй нь хөлбөмбөгт тэр бүр тохиогоод байдаггүй үзэгдэл юм. Харин “Марсель” германчуудын эсрэг давгүй тоглосон ч шигүү хамгаалалтыг нь сэтэлж чадахгүй байсаар цагаа дуусгалаа. “Бавари”-гийн довтлогч М.Гомес эхний бөмбөгийг оруулснаар энэ улиралд хийсэн гоолынх нь тоо 37-д хүрчээ. Энэ нь зөвхөн Л.Месси, К.Роналду, Я.К.Хунтелар нарын ард бичигдэх үзүүлэлт юм. “Бенфика” эхний үед талбайдаа “Челси”-гийн эсрэг давгүй тэмцсэн ч эцсийн дүндээ 0:1-ээр ялагдсан. шүүгч гарцаагүй нэг пенальтийг анзаарч заасан бол тоглолтын хувь заяа хаашаа ч эргэж магадгүй байв. Сүүлийн үед талбайд гарах нь өдрийн од мэт ховор болоод буй с.Калу тоглолтын цорын ганц бөмбөгийг оруулж, гараанд гарсныхаа хэргийг бүтээсэн байна. Багуудын хариу тоглолт дөрөвдүгээр сарын 3, 4-нд болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж