Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Манай нийслэлд  зогсоолгүйн зовлон газар авч, машинтай болгон үгээ хэлж байна аа. Дээрээс нь замын цагдаа нар ч хамаг хараалаа, торгуулийн хуудастайгаа барж байгаа нь үнэн. Зам түгжрээд ядаж явахад замын цагдаа нэгдүгээр эгнээнд машинаа тавьчихсан жолооч нарыг торгож байгааг хараад ажлаа сайн хийж байна даа гэсэн бодол төрнө. Бүр машинуудын дугаарыг тайлж авч байвал болж гэж бодно. Хажууд сууж байгаа хүндээ замын цагдааг магтах шинжтэй ярина гэж байгаа. Харин нэг хүнтэй уулзах гээд албан байгууллагын үүдэнд очиход зогсоол олдохгүй болохоор хамаг хараалаа урсгана. Ийм газар уулзах гэж байдаг хаашаа янзын хүн бэ гэж уурлана. Машины зогсоол барьчихаж чаддаггүй балай газар вэ гэж бухимдана. Тэгээд яах ч аргагүй замын нэгдүгээр эгнээнд машинаа тавиад орно доо. Тэр зуур замын цагдаа ирээд ажлаа сайн хийж, бусдад буян болоод машины дугаарыг минь хураачихна шүү дээ. Тэгэхээр нь ажлаа сайн хийснийх нь төлөө замын цагдаатай хэрэлдэнэ, муудалцана. Зарим нэг бөх нэртэй нөхдүүд нь зодно.  Танил талтай нь замын цагдаагийн дарга руу утасдаж өнөөх цагдааг дарамтлуулна. Энэ мэтээр жолооч, замын цагдаагийн хооронд таагүй харилцаа үүсээд байгаа юм. Гэтэл энэ бүхний цаана ердөө л зогсоолгүйн зовлон л байгаа шүү дээ. Нийслэлийн захиргаанаас эхлээд яамдууд, төрийн байгууллагууд, том дэлгүүрүүд гээд хүмүүсийн үйлчлүүлж байгаа аль ч газарт машины зогсоол байхгүй. Байхгүй ч гэж дээ, уг нь байгаа. Гэхдээ тухайн газрын дарга нар л тэнд машинаа тавих эрхтэй. Үйлчлүүлэгчид бол аз таарвал замын нэгдүгээр эгнээ л олдоно. Арга байж уу, том машины зогсоолтой байгууллага байлаа ч гэсэн өөрсдийнх нь машин багтахгүй юм чинь. Тэр дундаа яамдууд, төрийн байгууллагийнхны гоё ганган машинууд зогсоол дээрээ багталцахгүй хэцүү шүү дээ. Тэгэхээр үйлчлүүлэгчид нь машингүй, эсвэл машинаа хол тавиад таваргаж очихоос өөр сонголт байхгүй.  За тэр байгууллагийн зогсоолыг тооцохоо болъё гэхэд төлбөртэй аятайхан зогсоол ч байхгүй шүү дээ. Гэтэл гадныхан машины зогсоолын асуудлаа аятайхан шийдсэн байгаа юм. 12 давхар барилга шиг зогсоол бариад, машины цахилгаан шатаар зөөчихдөг ч газар байна. Эсвэл нүхэн зогсоол бариад асуудлаа шийдсэн ч улс байдаг юм билээ. Манайхан гадныхныг дууриаж, хэрэггүй зүйлээ хуулбарлаад байдаг хэрнээ энэ мэт хэрэгтэй зүйлийг нь дууриагаад, технологийг нь судлахад яадаг байна аа. Сүүлийн жилүүдэд нийслэлийн захирагчийн албанаас овоо ажил хийж байгаа. Замаа засч, нүхэн гарц бариад л. Тэр бүхнийхээ хажуугаар машины зогсоолын асуудлыг нэг шийдчихмээр л байгаа юм даа. Тэгэхгүй бол иргэд ч, цагдаа ч, байгууллагууд ч зогсоолгүйн зовлонг хангалттай эдэлж байх шиг байна. Тэр чинээгээр замын түгжрэл ихэсч, хүмүүсийн уур бухимдал ч нэмэгдэж байна шүү дээ.  

Н.ПУНЦАГБОЛД

Эх сурвалж: http://www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж