Нүүрээ солиулах мэс засал хийлгээрэй, улстөрчид өө

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Нүүрээ солиулах мэс засал хийлгээрэй, улстөрчид өө

Америкийн эмч нар нүүр шилжүүлэн суулгах мэс заслыг нэлээд хэдэн хүн дээр амжилттай хийсэн байна. АНУ-ын Техас муж улсын иргэн Даллас Виенс гэх 25 настай барилгын ажилтан залуу 2008 онд ажлаа хийж яваад цахилгаанд цохиулан түлэгдэж нүүрний хэлбэрээ “алдсан” аж. Тэрбээр бүтэн дөрвөн жилийн хугацааг хүн рүү эгцэлж харж чадахгүй гэртээ өнгөрүүлсэн гэнэ. Түүний хувьд нүүртэй болно гэдэг том аз завшаан хэмээн мэдэгджээ.

Үүний дараагийн тохиолдол нь зэвсэгт халдлагын улмаас нүүрээ зэрэмдэглүүлсэн Ричард Норрис гэгч байлаа. Тэрбээр 37 настай бөгөөд бүтэн 15 жилийн хугацанд зэрэмдэг явсан юм. Тэрбээр нүүрээ алдсанаас хойш гэрээсээ гарч чаддаггүй байсан бөгөөд чухал шаардлагын улмаас гэрээсээ гарах болбол баг зүүдэг байжээ. Түүнд хийсэн нүүр шилжүүлэн суулгах хагалгаа 36 цаг үргэлжилсэн байна. Ричард Норрисийн эмчилгээний зардлыг АНУ-ын Тэнгисийн цэргийн флот гаргасан бөгөөд Пентагоны мэдэгдсэнээр ийм хагалгаанд орох шаардлагатай 200 гаруй дайчин эрс бүртгүүлээд байгаа аж.

Харин Монгол Улсад нүүр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэвэл зохих 76 хүн байгаа юм. Илүү ч үгүй, дутуу ч үгүй 76 шүү. Тэд одоогоор УИХ-ын гишүүн хийдэг бөгөөд тун удахгүй сонгууль болох гэж байгаатай холбогдуулан нүүрээ солиулахаас өөр аргагүй байгаа юм. Учир нь амласан амлалтаа хэрэгжүүлж чаддаггүй улстөрчид нүүрээ солиулж байж л ард түмэнтэй уулзахгүй бол ядуурч туйлдсан ард түмэн тэднийг яаж ч мэдэхээр байгаа юм. Сонгууль болгоноор тойрог сольж явдаг, сонгогчдын итгэлийг аваад ажлаа хийхгүй байгаа хэн нь ч сугарч хоцрохгүй 76-уулаа нүүр шилжүүлэн суулгуулах шаардлагатай. УИХ-ын 76 гишүүнээс гадна Нийслэл хотын удирдлагууд ч энэ хагалгаанд ороод авах хэрэгтэй. Дөрвөн жил утаатай тэмцэл хийгээд ялагдал хүлээсэн хотыг хогоос салган гэчихээд одоо л дөнгөж аян зохиож байгаа тэд ч бас нүүрээ солиулах хэрэгтэй. Манай улсад нүүрнийхээ зарим хэсгийг засуулж янзлуулсан улстөрчид байгаа бөгөөд тэд сонгууль болгонд өрсөлдөөд унаж байсан. Учир нь нүүрээ 100 хувь солиулаагүйд асуудлын гол нь оршиж байсан байж болох талтай шүү.

Б.ЭНХМӨНХ

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж