Хөөрхий, тэр хэдэн хөшөө

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Хөөрхий, тэр хэдэн хөшөө

Хэн нэгний ур ухаан, авьяас билэг, хүч хөрөнгийг баран байж “сүндэрлэсэн” ч хэл ам дагуулсаар байгаа хэдэн хөшөө Монголд бий. “Эвтэй дөрвөн амьтан”, Нохойны хөшөө, Тусгаар тогтнолын хөшөө, Бурхан багшийн сэрэг дүр, тэр ч бүү хэл өнөөх Боов хад ч энэ дунд багтаж байгаа юм.

Баянзүрх дүүрэгт “Эвтэй дөрвөн амьтан”-ы хөшөө байдаг. Энэ тухай анх сураг сонсчихоод очоод харсан чинь дажгүй санагдав. Дөрвөн амьтныг яг л амьд юм шиг “хөөрхөн” дүрсэлчихсэн байна билээ. Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг энэ хөшөөг босгохын тулд 350 сая төгрөг зарцуулсан гэж байгаа. Гэтэл Авлигатай тэмцэх газрынхан “Эвтэй дөрвөн амьтан”-ы хөшөөг хүрлээр хийж үү, шавраар хийж үү гэдгийг шалгаж эхлэв ээ, хөөрхий. Аль нь ч байсан ялгаа юу байна аа. Яг л хүрэл шиг шавраар хийчихсэн бол Баянзүрх дүүргийн Засаг даргыг харин ч бүр сайн ажилласных нь төлөө магтах ёстой. Хүрлийг хүрэл гэж харагдуулах, шаврыг хүрэл гэж харагдуулах хоёрын хооронд асар их ялгаа бий. Зарцуулах мөнгө нь хүртэл 320 сая төгрөгийн зөрүүтэй.

Баянзүрх дүүргийн Чулуун овооны тэнд нэг нохойны хөшөө бий. Ажил дээрээ нас барсан эзнээ ирэхийг нь хүлээж галт тэрэгний буудал дээр өдөржин зогсдог байсан Хачико гэдэг нохойнд зориулж япончууд Токиод хөшөө босгосон гэдэг. Япончуудаас туршлага су­далсан Б.Батзориг өөрийнхөө хайр­тай нохойнд зориулж 750 сая төгрөгөөр тэрхүү хөшөөг барьжээ. Нөгөө нохой нь үхчихсэн юм байх. Баянзүрх дүүргийнхэн хог новш хөглөрсөн гудамжаа хөндлөн туулж, жалга руу ууттай хогоо чулуудаж байх зуураа энэ тухай ярьж явдаг гэсэн. “Зайлуул, сайн нохой байсан юм” гэж ирээд л. Гэтэл Авлигатай тэмцэх газрынхан “нас барсан” нохойны ясыг амраахгүй, хөшөөг нь ухаж төнхөөд эхлэх юм. Тэр ч байтугай “Ганц нохойны хөшөөг 180 сая төгрөгөөр л барьчихдаг юм” гэж байгаа. Бусад дүүргийн Засаг дарга нар ийм яриа гаргасан биз. Хэдэн мянган айлын гаднах хогийг хэдхэн сар ачих мөнгөөр хөшөө босгоо л биз. Юун сүртэй юм бэ. 

Чингэлтэй дүүрэгт бас нэг хөшөө бий. Хуучнаар бол Эрх чөлөөний талбайн яг тэг дунд нь Тусгаар тогтнолын хөшөө гэж байдаг. Хоёр тэрбум төгрөгөөр босгосон гэсэн. Гайгүй л байгаа биз дээ. “Тойрогтоо ажиллаад ир” гэж хуруу, хумсаа тоолон байж улсын төсвөөс гишүүдэд гаргаж өгдөг мөнгөнөөс хоёр дахин их л юм билээ. Гэхдээ яах вэ,  Чингэлтэй дүүргийн хүүхэд багачууд, “Тэнгис”-т кино үзэх гэж яваа залуус “Тусгаар тогтнол гэдэг нь дээр, дээрээс нь давхарлаж тавьсан гозгор цагаан чулуу юм байна” гэдгийг ойлгож авна шүү дээ. Чингэлтэйн Засаг дарга Д.Ганболд ингэж бодоод л тэр хөшөөг барьсан биз.

Боов хад байна, бас. Өвөрхангайчууд нэг өглөө сэрсэн чинь нутагт нь Боов хад босгочихсон байсан юмдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газрын дарга Ц.Оргодол хөрөнгө мөнгө гаргаж, нутгийн иргэдийг харж баясах юмтай байг дээ гээд л тэр хадыг байгуулсан гэсэн. Гэтэл байгалиасаа заяасан Боов хадтай Өвөрхангай аймгийнханд энэ нь таалагдсангүй. Хууль зүй, дотоод хэргийн яамны Эротикийн зөвлөл хоёр метр гаруй өндөртэй хөшөөг нэн даруй буулгах тушаал гаргасан юм. Яах вэ, нөхөр Ц.Оргодол өөрийнхөө хашаан дотор Боов хадаа барина уу, мээм хадаа босгоно уу хамаагүй. Харин нутгийн зон олны таашаал сонирхлыг харгалзахгүй байж болохгүй гэж эротик судлаачид дүгнэж билээ. Сүржин хүмүүс шүү. Тэгснээ аягүй бол өөрсдөө “Нураахаас нь өмнө очоод нэг мөргөчих юмсан” гэж бодсон биз.

Эрдэнэтийн Засаг дарга асан Д.Оюунбатыг “Үйлс нь хазайчихсан нөхөр” гэж нэг хэсэг хэвлэлүүд бичсэн дээ. Уг нь бол түүний үйлс их тэгшхэн байсан юм. Даанч Эрдэнэтэд Бурхан багшийн сэрэг дүр босгохын тулд таван тэрбум төгрөг төсөвлөснөөс болоод даац нь хэтэрч далийсан гэж байгаа. Ер нь ингэж хийсэн, бүтээсэн эздийг нь хэдэн хөшөөтэй нь ад үзэхээ болих хэрэгтэй.

Нэг ангид сууж буй 40 хүүхэд дундаа ганц багштай болоод л байхад шинээр сургууль байгуулах тухай тухай ярьж, мөнгө хөрөнгө хаанаас гаргах вэ гэж зарим хүн толгойгоо дэмий гашилгах юм. Яадаг юм бэ, хэдэн сургууль барьж, хэдэн айлын хогийг ачиж, хэдэн хүний хоногийн хоолыг худалдаж авахад элбэг хүрэх мөнгөөр хэдэн хөшөө бариа л биз.  Хэрэв хөшөөнүүд хэл амтайсан бол өчнөөн гомдоллоно доо. “Та нар бол сэтгэл зүрхгүй, хоосон хөндий хүмүүс” гээд л. Даанч тэдэнд бодох ухаан, сэтгэх тархи, хайрлах зүрх байхгүй юм даа. Тийм болохоор өмнөөс нь бодож, төсөөлж чаддаг хүмүүс бид хэдэн хөшөөгөө хайрлах нь зүйтэй. Юм ойлгодоггүй зарим нөхөд хэл ам таталж, хэдэн хөшөөг минь гомдоохоо болиорой.

Т.ЭЛИСА

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж