Герман, Монгол нийтлэг үнэлэмжтэйг харуулсан айлчлал боллоо

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Герман, Монгол нийтлэг үнэлэмжтэйг харуулсан айлчлал боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ХБНГУ-д анх удаа хийсэн төрийн айлчлалын төгсгөлд германд амьдарч, сурч буй монгол иргэдтэй уулзсан нь энэ айлчлалын бас нэгэн онцлог чухал үйл явдал боллоо. Төрийн тэргүүнтэйгээ уулзахаар ХБНГУ-ын өнцөг булан бүрээс 600 гаруй монголчууд Берлин хотын Ураниа театрт хөл тавих зайгүй цугларсан байв.

Манай хоёр орны хоорондын стратегийн түншлэлийг баталгаажуулсан энэхүү төрийн айлчлалын талаар Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж хэлэхдээ “Сүүлийн 3 өдөр Берлин хотын төв, Бранденбургийн хаалганаас Александрын талбай хүртэл бүхий л газар Монгол Улсын төрийн далбаа намирч байсныг та бүхэн харсан , үзсэн байх аа. Энэ бол ХБНГУ нь Ерөнхийлөгч таныг хүндэтгэн хүлээж авсны илрэл юм. Хэдийгээр Монгол, Герман хоёр улс олон жилийн түүхт найрсаг харилцаатай дотно андууд боловч Ерөнхийлөгч таны энэхүү айлчлалд анхны гэж томьёолж болох олон онцгой үйл явдал тохиосныг энд дурдахад сайхан байна.

Юуны өмнө  энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Европт хийж буй анхны төрийн айлчлал юм. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ё.Гаук Ерөнхийлөгчийн тангаргаа өргөснөөс хойш 7 долоо хоногийн дараа эрхэм Ерөнхийлөгч таныг анхныхаа төрийн зочноор хүлээн авлаа.

Холбооны канцлер А.Меркелтэй дөрөв дэх удаагаа уулзаж ярилцсан явдал нь Европт нөлөө бүхий энэхүү улстөрчтэй ойр дотно нөхөд болж, хоёр орны хамтын ажиллагаа харилцааны асуудлыг эрчимтэй хөгжүүлнэ гэж итгэж болох удирдагчид гэдгээ  харууллаа.

Монгол Улсын төрийн тэргүүн анх удаагаа Райхстагийн ордонд Бундестагийн индэрт үг хэлсэн нь түүхэн онцгой үйл явдал юм. Чухам энэхүү үйл явдал нь Герман улс Монгол Улстай нийтлэг нэг үнэлэмжтэйгээ тунхаглан харуулж буй хэрэг билээ. Нөгөө талаар Ерөнхийлөгч таныг болон Монголын ард түмнийг Германы төр засаг, ард түмэн хичнээн өндрөөр үнэлдгийн нотолгоо юм.

Азид үйл ажиллагаа явуулдаг германы компаниудын холбоо жилийн ёслолын арга хэмжээнд анх удаагаа хүндэт зочноор уригдан оролцож Монгол, Германы эдийн засгийн ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлээр тодорхой илтгэл тавьсныг элэгсэг дотноор хүлээн авлаа. Бундестагт ч тэр, Хамбургийн худалдааны танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүндэтгэн суудлаасаа босч алга нижигнүүлэн ташч , танд биечлэн баяр хүргэж байгааг харахад бахархах сэтгэл төрж байлаа. Хаана ч очсон уулзаж ярилцсан байгууллага, хүн бүр таныг монголын ардчиллын билгэ тэмдэг, итгэл найдвар, монгол, германы ард түмний гүүр гагнаас гэж дүгнэцгээсэн.

Монгол Улс өнөөг хүртэл ХБНГУ –ын хөгжлийн бодлогын зээл тусламжийг авч байсан орон. Гэтэл таны энэ айлчлалын үеэр олон тэрбум еврогийн хөрөнгө бүхий эдийн засгийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх талаар ярилцаж, гэрээ байгууллаа. Монгол Улс өнөөдөр ХБНГУ-ын найдвартай ижил түвшний түнш хамтрагч болжээ. Европын тэргүүлэгч нөлөө бүхий энэ оронтой бид өнөөдөр ижил түвшний түншийн харилцаа нэгэнт тогтоогоод байна.

Элчин сайд  миний бие болон манай хамт олон энэ айлчлалын хүрээнд таныг болон таныг дагалдан ирсэн төлөөлөгчид харилцааг бэхжүүлж, шинэ шатанд гаргах, Монгол улсыг германд өргөнөөр сурталчилсанд талархан баяр хүргэж байна.  Бид айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгохын төлөө чармайн ажиллах болно” гэсэн юм.

Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монголчууддаа хандан хоёр орны харилцааны тухай, айлчлалын талаар, Ерөнхийлөгчийн хийж хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар товч үг хэллээ. Герман дахь монголчууд төрийн тэргүүнийхээ хэлсэн үгийг алга нижигнүүлэн ташч хүлээн авлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн элэг нэгт монголчууддаа барьсан бэлэг болох монголын уран бүтээлчдийн урлагийн тоглолт 1 цаг гаруй үргэлжилж, цугласан олны сэтгэлийг хөдөлгөн  халуун дулаан алга ташилтаар мялааж байв. Тоглолтыг Төрийн соёрхолт, МУ-ын гавьяаж жүжигчин Д.Сосорбарам найруулсан юм.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ХБНГУ-д хийсэн төрийн айлчлал Герман Улс дахь монголчуудын халуун дулаан уур амьсгал дунд албан ёсоор өндөрлөлөө.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж