Ай Вэй Вэйн үзэсгэлэн Миланд гарна

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Ай Вэй Вэйн үзэсгэлэн Миланд гарна

Хэдийгээр Ай Вэй Вэй Бээжин хотоос гарч явахыг хориглосон эрх баригчдын хорион дор бүтэн жилийг үдэж байгаа ч түүний бүтээлүүд дэлхийн нэр хүндтэй галерей, үзэсгэлэнгийн танхимуудаар аялан эзнээ улам алдаршуулсаар. Лондонгийн “Лиссон” галерей Милан дахь өөрийн салбартаа Хятадын ардчилсан үзэлт уран бүтээлчийн керамик бүтээлүүдээр энэ сарын 12-ноос тавдугаар сарын таван хүртэл үзэсгэлэн гаргана.

Английн “Тате” галерейд “Наран цэцгийн үр” хэмээх шаазангаар хийсэн бүтээлээ дэлгэн өрнөдөд алдаршсан Ай Вэй Вэй өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Хятадын цагдаад баригдан хоёр сар хэртэй хоригдсон билээ. Эдийн засгийн гэмт хэрэгт шалгаж байгаа хэмээн эрх баригчид тайлбарласан бөгөөд татвараас зугтсан хэрэгт буруутган 15 сая юанийн торгууль ногдуулаад байгаа. Гэвч шүүхийн албан ёсны шийдвэр гараагүй байгаа гэдэг. Мөрдөлт, шалгалт дуусаагүй гэдгийг түүнд сануулан Бээжингээс гарч явахыг хориглон гэрт нь гаргаснаас хойш жил шахам хугацаа өнгөрчээ. Гэвч түүний үзэсгэлэн АНУ, Британид гарч, “Тате” галерей наран цэцгийн шаазан үрнүүдээс нь өндөр үнээр худалдан авч, түүний нэр хүнд дэлхий даяар улам өссөөр байна. Берлиний Урлагийн их сургууль түүнийг багшлахыг урьсан. Хэдийгээр урилгыг хүлээн авсан ч хорионд байгаа тул хил давж чадахгүй байгаа билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж