“Аравт”-ын нээлтэд Б.Чинбат оролцоно

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

“Аравт”-ын нээлтэд Б.Чинбат оролцоно

Удтал хүлээлгэсэн түүхэн “Аравт” кино энэ сарын 21-нд “Тэнгис” кино театрт нээлтээ хийнэ. Тус киноны хөгжмийг төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат бичсэн нь олны зүгээс өндөр үнэлгээ аваад байгаа. Манай нэгэн нэртэй хөгжим судлаач “Энэ бол Н.Жанцанноровын “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмөөс хойш төрсөн түүхэн киноны хамгийн шилдэг нь” хэмээн дүгнэсэн байдаг. Б.Чинбатын “Давтагдашгүй” тоглолтыг үзсэн үзэгчид энэхүү хөгжмийн тансаг аялгууг мэдэрч, шилдэг гэдгийг нь хүлээн зөвшөөрч байсан билээ.

Энэхүү киноны нээлттэй зэрэгцэн “Аравт”-ын цомгийн борлуулалтын ажиллагаа албан ёсоор эхэлж байна. Киноны нээлтээр “Аравт” цомгийг худалдан авбал хөгжмийн зохиолч Б.Чинбатын гарыг үсгийг авахаас гадна, цуг зургаа авахуулах боломжтой. “Аравт” цомгийн үнэ 20.000 мянган төгрөг гэсэн. Кино болон цомгийн нээлтээ Б.Чинбат тэсэн ядан хүлээж байгаа сурагтай. Тэрбээр одоо АНУ-д байгаа. энэ сарын 16-нд эх орондоо хөл тавих тэрбээр 21-ний нээлтэнд оролцчихоод, “Аравт”-ын хөгжмөөс бүтэх шинэ тоглолтынхоо ажилд ханцуй шамлан орох юм байна.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж