Германы монгол судлаачдыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Германы монгол судлаачдыг дэмжив

Герман бол монгол судлалаараа дэлхийд тэргүүлэгч орон билээ. Тус улсын нэр хүнд бүхий томоохон их дээд сургуулиудад монгол судлалын тэнхимүүд ажиллаж, доктор профессорууд судалгаа шинжилгээний ажлаа хийж, монгол судлалын чиглэлээр суралцаж буй гадаад оюутны тоо өсч, Холбооны Засгийн газраас монгол судлал болон монголын түүх өв соёлыг сурталчлах томоохон ажлуудыг санхүүжүүлсээр ирсэн билээ.

Ерөнхийлөгчийн ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр Герман дахь монгол судлалын ажилд түлхэц, урам өгсөн нэгэн үйл явдал болсон нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бонны их сургуулийн Монгол судлалын тэнхимийн судалгааны нэг ажлыг 10 жилээр сунгахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэж,  монгол судлалын ангийн нэг оюутныг Монголд ирж судалгааны ажлаа үргэлжлүүлэх нэг жилийн тэтгэлгийг  олгосон явдал байсан юм.

Берлин хот дахь Пруссийн соёлын өв сангийн төв байранд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол судлаач эрдэмтэд, германы шинжлэх ухааны байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийхдээ өөрийн нэрэмжит тэтгэлгийг гардуулсан билээ. Уулзалтад  ирсэн Монгол судлаач эрдэмтэн профессорууд  Ерөнхийлөгч  Ц.Элбэгдоржийн энэ шийдвэр олон эрдэмтдэд  урам зориг өгч байна хэмээн талархаж байлаа.   Тэд мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид  герман дахь монгол судлалын өнөөгийн байдлын талаар танилцуулж  монгол судлалыг хөгжүүлэх асуудлаар санал солилцож ярилцав.

Пруссийн соёлын өв сангийн Ерөнхийлөгч Х.Парцингер  “Германы археологийн хүрээлэн болон Бонн хотын их сургуулийн түүхийн хүрээлэн хамтран Монголын эртний нийслэл Хархорин хотод  хийсэн археологийн малтлага хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Орхоны хөндийн археологийн судалгаа болж өргөжсөн нь бидний хамтын ажиллагааны нэгэн томоохон амжилт юм. Бид Германы Археологийн хүрээлэнд монголын залуу эрдэмтэд, археологичдыг сургаж дадлагажуулахад бэлэн байна. Бонны их сургуулийн монгол судлалын тэнхимийг дэмжиж байгаад танд талархаж байна” гэлээ.

Германы Эрдмийн солилцооны алба (DAAD)-ны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Руланд монгол улстай хэрэгжүүлж буй  боловсролын салбар дахь хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, Герман Улсад монголоос мастер, докторын зэрэг хамгаалахыг түлхүү дэмжиж байгаагаа илэрхийллээ. Ялангуяа түүх, археологи, байгаль орчны судлалын  чиглэлийн оюутнуудад олгох тэтгэлэг нэмэгдсэн байна.

Лайпцигийн их сургуулийн эрдэмтэн монгол судлаач К.Коппе мөн хоёр орны шинжлэх ухаан, боловсролын харилцааны асуудлаар санал бодлоо илэрхийлэв. Лайпцигийн их  сургуулийн  Энэтхэг, түвд , монгол судлалын  тэнхим бол 1883 оноос эхэлсэн хамгийн туршлагатай монгол  судлалын төвүүдийн нэг юм. Их зохиолч Д.Нацагдорж, Монголын Нууц товчоог монгол хэлнээс герман хэлнээ  хөрвүүлсэн судлаач Хениш нар энд сурч, судалгааны ажил хийж байсан юм. Тус сургуулиас жил бүр Улаанбаатарт  оюутан сургадаг бөгөөд энэ жил 5 оюутан сургах гэж байна. “Монголын түүх соёлын судалгааг сонирхож байгаа оюутны тоо нэмэгдэж байна. Харамсалтай нь Холбооны Засгийн газрын хэмнэлтийн бодлогын улмаас манай муж улсын хэмжээнд боловсролын салбарт 1000 орон тоо хассаны 20 хувь нь манай сургуульд оногдож байгаа. Энэхүү хэмнэлтийн бодлого монгол судлалыг дайрчих вий гэж бид эмээж байсан ч Ерөнхийлөгч таны энэхүү төрийн айлчлалын үеэр бүх түвшний уулзалт, хэлэлцээгээр хоёр улсын шинжлэх ухаан, боловсролын харилцааны асуудлыг нааштайгаар ярилцан тохирч байсанд монгол судлаач бид туйлын баяртай байгаа” гэж профессор К.Коппе ярив.

Гумбольдтын их сургуулийн профессор У.Шөнэ МУИС-аас германд багш томилж ажиллуулах асуудлыг сургуулиуд хоорондоо тохирсон бөгөөд цаашдаа монгол судлалыг сонирхож байгаа оюутны тоо нэмэгдэж буй тул монгол багш нарыг Германд ажиллуулахад анхаарахыг төрийн тэргүүнээс хүслээ.

Мөн Германы Археологийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч хатагтай Н.Флесс, Үндэсний судалгааны хүрээлэнгийн захирал К.Шайх, Германы ГХЯ-ны соёлын солилцооны газрын дарга М.Сайберт, Бонны их сургуулийн профессор К.Кагастер нар санал бодлоо ярив.

Энэхүү уулзалтын төгсгөлд Монгол Улсын Шинжлэх ухааны академи, ХБНГУ-ын Макс Планкийн нийгэмлэг хооронд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ийнхүү Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд бодитой алхам хийлээ. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Ё.Гаук нарын уулзалтын үеэр Орхоны хөндийгөөс олдсон соёл түүхийн олдвороор хоёр Ерөнхийлөгчийн ивээл дор үзэсгэлэн байгуулахаар тохирсон юм. Манай хоёр улс хамтран дэлхий даяар гайхагдсан үзэсгэлэн зохион байгуулж байсан туршлагатай бөгөөд Их Монгол улс байгуулагсданы 800 жилийн ойг угтан 2005-2006 онд германы Бонн, Мюнхен хотод “Чингис хаан ба түүний өв” сэдэвт үзэсгэлэн хоёр орны Ерөнхий сайд нарын ивээл дор зохиож, тухайн үеийн Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, Холбооны канцлер Г.Шредер нар албан ёсоор нээж байсан юм. Уг үзэсгэлэнг 200 гаруй мянган үзэж сонирхсон байдаг.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж