Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хот тохижуулах алба болон авто засвар, үйлчилгээний есөн газарт МХЕГ-ын 2012 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийжээ. Энэ шалгалтаар ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй үйл ажиллагаа явуулж байсан гурван авто засвар, үйлчилгээний газрын үйл ажиллагааг түр зогсоож, бусад таван газар, Хот тохижуулах албанд илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаат үүрэг өгчээ. Түүнчлэн авто засвар, үйлчилгээний газруудын ажилтан, ажил олгогч нарт “Ажилтны нийгмийн баталгаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ач холбогдол” сэдэвт сургалтыг зохион байгуулан, авто засварын стандартын шаардлагад нийцүүлэн шинээр баригдаж үйл ажиллагаа явуулж буй “Аумин” авто засвар, үйлчилгээний газрыг жишиг болгон сургалтад хамрагдагсдыг туршлага судлуулан ажилласан байна.
Б.Саран