Сумдын сурагчдын амралтыг сунгав

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Сумдын сурагчдын амралтыг сунгав

Ирэх пүрэв гарагт Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын IV улирлын хичээл эхэлнэ.

Тэгвэл орон нутгийн хичээлийн амралтад өөрчлөлт оруулахаар болсон байна.
Энэ талаар БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын хөгжлийн төлөвлөлт,
хөтөлбөр, төслийн бодлого, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн
Р.Балжиннямаас тодрууллаа.

-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт энэ долоо
хоногт дуусна. Гэтэл сурагчдын амралтад өөрчлөлт оруулсан гэх юм. Энэ
талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Ерөнхий боловсролын сурагчдын гуравдугаар улирлын амралт өнгөрсөн сарын
22-нд эхэлсэн. Энэ улирлын амралтаар ерөнхий боловсролын сургуулийн бүх
ангийн сурагчид 14 хоног амарсан.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн I-II ангийн
сурагчид III, VIII ангийн сурагчид 11 жилийн сургалттай IV-XI ангийн
сурагчид бүгд ижилхэн амарна. Тэгээд сурагчдын хичээл энэ сарын 5-нд
орно. Харин энэ жилийн III улирлын амралтад өөрчлөлт оруулах шийдвэр
гарсан.

-Ямар шалтгаанаар сурагчдын амралтад өөрчлөлт оруулж байгаа юм бэ?
-Бага, дунд боловсролын тухай хуулийн 15.3-т хичээлийн жилийн үргэлжлэх
болон эхлэх дуусах, хугацааг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны байгууллага, тухайн орон нутгийн ажил үйлчилгээний байдал,
гэнэтийн ямар нэгэн хорио цээрийн үед сурагчдын амралтад өөрчлөлт
оруулна гэсэн заалт байдаг.

Энэ дагуу орон нутагт ид мал төллөж байгаатай холбоотой аймгийн Засаг
дарга нараас санал хүсэлт ирсэн. Мөн ХХААХҮЯ-наас санал ирсэн байгаа.
Энэ хүсэлтийн дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтад
өөрчлөлт орж байгаа.

-Тэгэхээр сурагчдын амралтыг хэрхэн өөрчилсөн бэ?
-Дээрх хүсэлтийн дагуу аймгийн төвөөс бусад сумдын сургуулийн сурагчдын
амралтад өөрчлөлт оруулахаар болсон. Өөрөөр хэлбэл, сумдын сургуулийн
сурагчдын амралтыг долоо хоногоор хойшлуулахаар болсон. Ингэснээр
дөрөвдүгээр сарын 12-нд хичээл орно.


-Сумдын сургуулийн сурагчид гэлээ. Аймаг, нийслэлийн сурагчдын амралтад өөрчлөлт орсон уу?

-Аймгийн төв Улаанбаатар хотын сургуулийн сурагчдын амралтад өөрчлөлт орохгүй. Энэ долоо хоногийн сүүлчээр хичээл нь эхэлнэ.

-Сумдад 12 жилийн сургууль байгаа. Удахгүй элсэлтийн ерөнхий шалгалт болно. Тэгэхээр эдгээр сурагчид хичээллэх үү?
-Сурагчдын амралтыг хойшлуулсантай холбогдуулан хичээлийн хөтөлбөрт
зохицуулалт хийх арга хэмжээ авахыг сургуулийн захирал нарт үүрэг
болгосон байгаа. 12 жилийн сургуулийн төгсөх ангийн сурагчдын хувьд ч
гэсэн амралт нь хойшилно. Шалгалтын хувьд сургуулийн удирдлагууд
зохицуулалтаа хийгээд явна. Энэ дээр ямар нэгэн асуудал гарахгүй.

-Сурагчдын амралт долоо хоногоор хойшиллоо. Тэгэхээр зуны амралтад өөрчлөлт орох уу?
-Зуны амралтад өөрчлөлт орохгүй. Амралт эхлэх хугацаандаа л эхэлнэ.

Э.Пагмадулам

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж