Монгол Улс үндэсний хиймэл дагуул хөөргөхөөр болсон тухай өнгөрсөн оноос яригдаж эхэлсэн билээ. Тэгвэл Мэдээлэл шуудан харилцаа холбооны газраас ирэх тавдугаар сард олон улсын сансрын технологийн үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үзэсгэлэнгийн зорилго нь иргэдэд сансрын технологийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх бөгөөд үндэсний хиймэл дагуул хөөргөх судалгааны ажлынхаа явцыг тайлагнах аж. Дашрамд дурьдахад, сансрын технологийн салбарт чадварлаг үндэсний мэргэжилтэнг гадаадад бэлтгэхээр ярилцаж байгаа бөгөөд шинэ сансрын нисгэгчтэй болох асуудлын талаар холбогдох газрууд хэлэлцэж байгаа гэнэ. Түүнчлэн манай улс Бангладеш, Шинэ Гвинейтэй нэг огтлолцол дээр сансрын нам орбитод хиймэл дагуулаа байрлуулах бөгөөд энэ ажлын хүрээнд олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм байна. Мөн сансрын технологийн чиглэлээр Япон улстай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Хиймэл дагуулыг хөөргөх тоолонд шинэ технологи зохиогддог учраас өртөг нь харилцан адилгүй байдаг гэнэ. Тухайлбал, Японд хоёр жилийн хугацаанд 450-500 кг жинтэй хиймэл дагуул угсардаг бөгөөд энэ нь 40-50 сая ам.долларын өртөгтэй байдаг юм байна. харин манай улсын хувьд үндэсний хиймэл дагуул хөөргөхөд 100 гаруй тэрбум төгрөг шаардлагатай хэмээн урьдчилан тооцоолж байгаа гэнэ. Түүнчлэн гадаадын их, дээд сургуулиуд өөрсдийн бага оврын 100 мянган ам долларын өртөгтэй хиймэл дагуулыг хөөргөдөг байна.
Х.Өнөржаргал
http://www.mminfo.mn/
http://www.mminfo.mn/