“Танан”, “Эрдэнэдрийлинг” хагас шигшээд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

“Танан”, “Эрдэнэдрийлинг” хагас шигшээд өрсөлдөнө

“TLG13” ТББ болон М Си Эс Кока Кола компани хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулж буй плэйоффын эхний шатны хариу тоглолтууд Эрдэнэт хотын Хангарьд цогцолборт өнгөрсөн бямба гаригт  боллоо. Хариу тоглолтонд “Танан Импекс” болон “Эрдэнэдрийлинг RIGS” багууд өрсөлдөгчөө цуврал тоглолтонд 2:0 харьцаатайгаар буулган авснаар аварын цомд нэг алхам ойртлоо. Харин  өмнөх тоглолтондоо хожигдол хүлээсэн “Мега старс”, “ОТИС” багууд хоёр дахь тоглолтондоо  маш сайн тоглож цувралыг 1:1 болгон тэнцүүллээ. Ингээд хариу тоглолтуудыг тоймыг хүргэе.

“Мега старс” цувралыг 1:1 болголоо

Энэ улирлын плэйоффын эхний шатанд Спрайт супер лигийн хошой аварга ИНЕГ-ын “Буянт-Ухаа” болон 2010 оны лигийн аварга “Мега старс” багууд учраа таарсан билээ. Эхний тоглолтонд 83:79 харьцаатайгаар ИНЕГ-ын “Буянт Ухаа” баг ялалт байгуулснаар цувралыг тэргүүлж эхэлсэн. Эрдэнэт  хотод болсон цувралын хариу тоглолтонд “Мега старс” баг тоглолтын эхнээс л  илүү тоглолт үзүүллээ. Цаг эхлээд 5 минут өнгөрч байхад 0:12 харьцаатайгаар “Мега старс” баг тоглолтыг тэргүүлж эхэлсэн бол ИНЕГ-ын “Буянт-Ухаа”  багийн тоглолт нэг л болж өгөхгүй байлаа. Эхний үе “Мега старс” баг алсын зайнаас 9 довтлоход 6 нь байндаа туссан байна. Эхний  үед “Мега старс” багаас Дарханбаяр 10 оноо авч шилдэг нь байлаа. Улмаар эхний үе 10:32 харьцаатайгаар “Мега старс” багийн тэргүүллээр өндөрлөсөн. Тоглолтын 2 үед ч “Мега старс” баг хурдан довтолгоог амжилттай болгож оноогоо  нэмж байлаа. Улмаар 2 үе 32:51 харьцаатайгаар, 3 үе 56:68 харьцаатайгаар өндөрлөсөн. Шийдвэрлэх 4 үеийн эхэнд тооны харьцаа 10 болон ойртоод байсан ч эргээд  20 онооны зөрүүтэй болсон. Улмаар хоёр дахь тоглолтонд 94:80 харьцаатайгаар “Мега старс” баг хожлоо. Тус тоглолтонд “Мега старс” багийн гарааны таван тоглогч нь 10 болон түүнээс дээш оноо аван, жигд тоглолт үзүүлсэн юм. Харин ИНЕГ-ын Буянт Ухаа багийн Тэмүүлэн 18 оноо, 10 самбараас бөмбөг авалт хийж шилдэг нь байсан ч баг нь хожигдсон.

“ОТИС” цувралыг тэнцүүллээ

Плэйоффын хариу тоглолтоо Спрайт хөгжлийн лигийн анхны аварга “ОТИС”  баг, “Орчлон Мон Торх” багтай хийлээ. Өмнөх тоглолтондоо хожигдол хүлээсэн “ОТИС” баг тоглолтын эхнээс л хичээж тоглож байсан юм. Эхний үе 16:19 харьцаатайгаар “Орчлон Мон Торх” багийн давамгайлалд өндөрлөсөн бол тоглолтын 2 үеэс эхлэн “ОТИС” багийн тоглолт сэргэн сүүлийн үеүдэд сайн  тоглолт үзүүлснээр 91:77 харьцаатайгаар өрсөлдөгч буулган авлаа. Тус тоглолтонд “ОТИС” багийн Ж.Батболд маш сайн тоглолт үзүүлсэн. Өөрөөр хэлбэл хожигдож байсан багтаа 2 үед тэргүүлэл авчирсан тоглогч бол Ж.Батболд юм. Тэрээр 2 үед л гэхэд  14 оноо авсан. Шийдвэрлэх 4 үед ч гэсэн хэрэгтэй үед багтаа оноо нэмж байлаа. Тус тоглолтонд “ОТИС” багийн Эрдэнэбаяр 23 оноо, Ж.Батболд 18 оноо авч багаа хожилд хүргэлээ. Харин өмнөх тоглолтондоо 104:87 харьцаатайгаар илүүрхсэн “Орчлон Мон торх” баг хариу тоглолтонд тийм сайн тоглолт үзүүлсэнгүй. “Орчлон Мон торх” багаас Д.Лхагвасүрэн 16 оноо, Г.Ундрах 14 оноо, О.Нямбаяр 13 оноо авсан ч баг нь хожигдол хүлээлээ.

“Эрдэнэдрийлинг RIGS” дараагийн шатанд шалгарлаа

Плэйоффын хариу тоглолтоо  “Эрдэнэдрийлинг RIGS” болон “УБЦТС ХК” багууд хийлээ. Тус хоёр багийн хувьд Спрайт лигийн шилдэг багуудын нэг бөгөөд 2011 оны Спрайт хөгжлийн лигийн хүрэл медалийн төлөө өрсөлдөж байсан билээ. Энэ удаад супер лигийн плэйоффын эхний шатанд дахин таарсан. Эхний тоглолтонд  “Эрдэнэдрийлинг RIGS”  95:92 харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авсан юм.   Хариу тоглолтонд “УБЦТС ХК” баг тоглолтын эхнээс л хичээж тоглосон. Шийдвэрлэх 4 үед 86:86 харьцаатайгаар тэнцэж, нэмэлт цаг сунган 96:98 буюу нэгхэн бөмбөгний зөрүүтэйгээр “Эрдэнэдрийлинг RIGS” хожиж, аваргын цомд нэг алхам ойртлоо. Тус тоглолтонд  “Эрдэнэдрийлинг RIGS” багаас Б.Баярбат 23 оноо, М.Оюунбаатар 15 оноо, Г.Галданцогт 13 оноо аван багаасаа шилдэг нь байлаа. Харин хожигдол хүлээсэн “УБЦТС ХК” багаас А.Бямбадорж 24 оноо, 8 самбараас бөмбөг авалт хийж багаасаа шилдэг байсан. Тус багаас гарааны таван тоглогч нь 10-аас дээш оноо авсан ч баг нь хожигдол хүлээж, цувралыг тэнцүүлж чадалгүй энэ жилийн Спрайт супер лигийг орхиж байна. Ингэснээр  “Эрдэнэдрийлинг RIGS” баг “Орчлон Мон Торх”  болон “ОТИС” багуудын хожсон багтай хагас шигшээд өрсөлдөнө.

Мөн “Танан Импекс” баг хариу тоглолтонд өрсөлдөгч баг нь ирээгүй учир, хожил авч аваргын цомд нэг алхам ойртлоо. Нэг ч хожигдолгүй тэмцээнээ үргэлжлүүлж байгаа “Танан Импекс” баг  ИНЕГ-ын “Буянт-Ухаа” болон “Мега старс” багуудын хожсонтой нь хагас шигшээд өрсөлдөнө. Плэйоффын тоглолтууд Улаанбаатар хотноо “Тэмүүжин” спорт зааланд амралтын өдрүүдэд үргэлжлэн явагдана.

Зургийг ЭНД дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж