Хоёр түймрийг цурманд оруулжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Хоёр түймрийг цурманд оруулжээ

Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн мэдээгээр улсын хэмжээнд он
гарсаар 23 удаагийн ой, хээрийн түймэр гарснаас, өнөөдрийн байдлаар
Булган аймгийн нутагт хоёр түймэр цурманд байгаа аж.

Булган аймгийн Сэлэнгэ сумын дөрөвдүгээр багийн нутаг, Зүүн Тарвагатай
гол, "Сангалтайн ам" гэдэг газар өнгөрөгч сарын 27-нд 30 га талбай-г
хамран гарсан ойн түймрийг аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид,
орон нутгийн иргэд ажиллаж цурманд оруулжээ.

Мөн тус аймгийн Хутаг-Өндөр сумын Ханатай багийн нутаг, "Баянголын
жаргалант" гэдэг газар өнгөрөгч сарын 26-нд 10 га орчим талбайг хамарсан
ойн түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Харин Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутаг, Хантайн нурууны
хойд тал, "Сайхан аргамжийн гол"-ын орчим өнгөрөгч сарын 27-нд дөрвөн га
талбайд гарсан түймэр, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын гуравдугаар
багийн нутаг, ""Гурван харгана" гэдэг газар гарсан ойн түймрийг бүрэн
унтраасан аж.

Хаврын хуурайшилттай цагт ой хээрийн түймрийн гаралт нэмэгддэг тул иргэд
түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс, нурмыг бүрэн
унтраах, түймэрт өртөж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах
зурвастай болгохыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Мөн ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, машин, техникийн утааны
янданг оч баригчтай болгох, гэр, байшин, малын хашаа, саравч, өвс
тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав
татах, шороон зурвас гаргах, түймрийн аюултай үед айл өрх бүр халуун
үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байхыг
Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхаарууллаа.

Х.Баяр-Угтах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж