ATR-72 онгоц техникийн доголдолтой байжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

ATR-72 онгоц техникийн доголдолтой байжээ

Сибирьт осолдож, 31 зорчигчийн амийг авч одсон ATR-72 онгоцны ослын шалтгаан хөөрөхөөс өмнө мөстөлтөөс хамгаалах давсыг зохих журмын дагуу хэрэглээгүйгээс болсон байж болзошгүй гэнэ.

ОХУ-ын иргэний агаарын тээврийн агентлаг “Росавиация”-ийн тэргүүн Александр Нерадко онгоцыг хөөрөхөөс өмнө мөстөлтөөс хамгаалах давсыг хангалттай цацаагүй талаар РИА новости агентлагт ярьсан ч осол үүнээс болсныг нотлоогүй байгаа гэнэ.

ОХУ-ын зорчигч тээврийн ЮТ-эйр компанийн ATR-72 онгоц 43 зорчигчтой энэ сарын 2-нд буюу өчигдөр Сибирийн Тюмень хотын ойролцоо осолдсон юм. Ослоор 31 зорчигч амиа алдаж, 12 хүн эмнэлэгт хүнд байдалтай хүргэгджээ.

Онгоц Тюмений нисэх онгоцны буудлаас гурван км-ийн зайд осолдож, гурван хэсэг болон хуваагджээ. Нэг хэсэг нь бүрэн шатсанаас болж зургаан хүн амиа алдсан гэж  Рощино нисэх буудлын цагдаагийн дарга мэдэгдсэн байна.

Онгоцны ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа шинжээчид Франц-Италид бүтээсэн ATR-72 онгоцонд техникийн доголдол байсан гэж таамаглаж байгаа гэнэ. Гэрчүүдийн мэдээлснээр онгоц унах үед хөдөлгүүрээс утаа гарч, нисгэгч онгоцоо нисэх онгоцны буудлын зүг эргүүлэх гэж хичээж байжээ. Онгоцонд 39 зорчигч, нислэгийн багийн дөрвөн гишүүн байсныг ЮТ-эйр компанийн нислэгийн бүртгэлээр тогтоосон байна. Тэд бүгдээрээ Оросууд байжээ. Сүүлийн хэдэн жилд  ОХУ-д онгоцны аймшигтай осол олон удаа гарсанд Зөвлөлтийн үеийн хуучирсан нисэх онгоцыг агаарын тээвэрт хэрэглэж байгааг буруутгаж байгаа аж. Нөгөө талаар нислэгийн багийнхны ур чадвар муу, удирдлагын менежмент буруу,  аюулгүй байдлыг биш орлогыг чухалчилдаг болсон зэрэг өөр хүчин зүйлс ч бий гэнэ.

ATR-72 онгоцны осол сүүлийн жилүүдэд олон удаа бүртгэгджээ. 2010 онд Кубад цаг агаарын таагүй үзэгдлээс болж осолдсон ATR-72 онгоц 68 зорчигчийг амийг авч одсон. 2009 онд Бангкок Эйрвэйс компанийн ATR-72 хүчтэй шуургатай таарснаас Самуй арлын Тай нисэх буудалд осолдож нисгэгч амиа алдаж байжээ.

Зургийг ЭНД дарж үзнэ үү

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж