Тэнд анхандаа юу болж байсан гэж санана. Ёстой л “Уулыг тал, талыг там” болтол талхалж байгааг улсын байцаагчид газар дээр нь нүдээр харж гаргасан жоншоо 14 хоногийн хугацаанд борлуулаад нүүхийг үүрэгдээд оджээ. Энэ бол хяналтын газрынханд байж боломгүй энэрэнгүй шийдвэр байж. Яагаад гэхээр ямар ч зөвшөөрөл лицензгүй талбайд дур мэдэн олборлолт явуулна гэдэг илт хууль зөрчсөн үйл ажиллагаа. Зүгээр ердийн ашигт малтмал болох элс, хайрга, чулууг байгалиас ашиглахад үйлчилдэг хууль, дүрэм, төлбөр төлөөс байдаг атал тонн нь 150 доллараар үнэлэгддэг жонш гэхээр юү болох билээ. Харамсалтай нь нинжа нар нүүсэнгүй. Тэнд хэдэн зуун нинжа нар бужигналдаж байсан. “Журд” хөлөглөн ирж ганцхан куб жонш хямдхан үнээр борлуулж 2-3 шил архины мөнгөтэй гуяа алгадан мордох хөдөөх эрээс авахуулаад хэдэн зуун тоноор нь ачин одох их гарыхан хүртэл энд байсан. “Журд”-тай залуучууд тонн жоншоо 10-15 мянган төгрөгөөр өгчихөөд баярлаж байхад дунд гарыхан тонныг нь 50-65 мянган төгрөг хүргэсэндээ харамсах хоёрын хооронд их зөрүү бий л дээ. Ер нь энэ шинэ ордын жонш агуулга сайтай, 92-оос нэг их буухгүй байгааг мэргэжилтнүүд ярьж байгаа юм. Ченж нарын яриагаар жоншоо Чойр хүргэж чадлаа гэхэд тонн нь 150 000 төгрөг хүрнэ л гэнэ. Улаан гараараа гаргасан жаахан жоншоо ойрхны зах зээлээс арав дахин бага үнээр зарчихаад бөөн баяртай мордож байгаа хөдөөх эрийг хараад яалтай ч билээ. Гэтэл их гарыхан малчдаас 20 тонн жоншийг ”Залиастай” хэмжээд 15 тонн гэж авах ч энүүхэнд. Бас болоогүй ээ, 92-ийн агуулгатай жоншийг 70-тай гэж “Доош нь хийх” эрдэм их гарыханд бас байна аа. Хөөрхий хөдөөнийхнөө ингэж шулж байгаа их, дунд гарын нинжа нар хууль хяналтынхныг ирэхээр “ Зудад нэрвэгдээд өнчин ишиггүй хоцорсон малчдаа ингэж хэлмэгдүүллээ“ гэж “Матрын нулимс” унагахыг яана. Өө, тэгээд жоншны дажин үүгээр дуусаагүй ээ. Нэг хэсэг нинжа хууль бус олборлосон гэгдэх жоншоо хураалгаж, хууль, шүүхээр явж бөөн юм болсон. Нинжаа нар буруудаад, хэдэн төгрөгөөрөө шатаад л өнгөрсөн. Орон нутгийнхан яахав, жоншоо зараад “Журд”-аа пажигнуулаад гэртээ харьсан. Жонш худалдан авсан дунд гарынхан л хохирсон. Тэд бол ядахдаа Чойр хүргэж зардаг, дунд гарынхан л даа.
Түймэрт цагааны энэ дүр зураг орон нутгийн удирдлагын анхаарлыг татаж тэнд зөвхөн Хулд суманд харьяалалтай нөхөрлөл байгуулан ажиллуулахаар журамласан билээ, Нөхөрлөлүүд ч хөлөө олтлоо хэсэг бужигнаж байх хооронд 22 настай залуу эксвоторын шанаганд цохиулан амь насаа алдсан байна. Энэ зүгт аймгийн холбогдох байгууллага анхаарал хандуулан нөхөрлөлүүд зөвхөн жоншоо гаргах, харин түүнийг нь аймгаас эрх олгож гэрээ байгуулсан хоёр компани газар дээрээс нь худалдан авах журам боловсруулжээ. Эднийхээс жонш худалдан авах компаниар “Өлгийн говь” “Эм-би-жи” гэсэн хоёр аж ахуйн нэгж шалгарсан юм байна.
Түймэрт цагааны жоншны уурхайгаар ердөө сая хаврын зэвэргэн хөх салхитай өдөр орлоо. Тэнд Хулд сумын харьяат 200-гаад иргэн 15 нөхөрлөл байгуулаад жонш ухаж байна. Тэд өглөө ургах нарнаар ирж шөнийн бор хоногт гэрийн бараа харна. Сумын төвд гэртэй болон ойрхны малчид ийнхүү “Журд” мотоциклиороо пажигналдан давхиж одно. Харин хол нутагтай нь тэнд барьсан оромждоо хоноглодог аж. Тэнд хоол цайны газар, худалдаа, үйлчилгээний гэр бас эгнээстэй. Харин архи худалдахыг хатуу хориглодог ч сумын төв ойр болохоор тэр ундаагаар нэг их “цангадаггүй” бололтой. “Өлгийн говь” компани нь хөөрхөн дүнзэн байшин барьчихаж. Тэнд жоншны тооцоо хийдэг албан ажлын байр нь. Нөгөө компани нь тод шар бүрээстэй том гэгч нь гэр барьсан харагдана. Тэнд л албан ажил нь “Буцалж” байдаг гэнэ. Жоншны талбайг нөхөрлөл бүрд хэмжиж өгчээ. Хүний талбай руу сөөм ч орох эрх хэнд ч байхгүй. Жоншны судал таарсан нөхөрлөлүүдийн ажил тун урагштай гэнэ. Судал таараагүй нь биеийн хүч дэндүү их орох хүнд хөдөлмөр юм даа. Ерөнхий төрхийг ажвал “Хүн-харх” гэмээр санагдана. Тээр дор онгойсон хар нүхний амсраар нүүр амаа битүүлэн боосон хэд хэдээр хүн язганалдаж харагдана. Зарим нь чулуун хана хар тэнхээгээрээ лоомдож, зарим нь хуванцар хувин дүүрэн жонш тэврэн дээшээ мацна. Тэд жоншоо дээрх тосч зогссон “469” машины чиргүүл дээр юүлээд буцна. Бас модон дамнуурга дээр зогссон нэгэн яльгүй механикжсан төхөөрөмжөөр тээр дороос хувинтай жоншоо татан гаргана. Дамнуургын мод хугарах аваас түүнийг тээр дорхи их ангал тосч буй нь аймаар. Ер нь амь дүйсэн ажил шиг санагдсан. Харин ингэж борви бохисхийхгүй ажиллаад нэг нинжаа өдөрт 50-70 мянган төгрөг өвөртлөөд харьдаг гэнэ. Компаниуд мөнгөө өгч чадахгүй хэд хоногоор унжих тохиолдол ч гардаг л бололтой. Энэ мэт ажил энд өдөржин оволзоно. Эхний үед жонш худалдан авдаг компаниуд нинжаа нараа хөөрхөн дөнгөчихдөг байсан бол одоо нинжаа нар ч муу аргад сүрхий суралцжээ. Мань нинжаа нар “Цонхолж өрнө” гэсэн нууц аргатай аж. “Цонхолно” гэдэг нь өрсөн жоншныхоо голд хоосон олон зай гаргаж өрөөд гадуур нь битүүлэхийн нэр юм . Тэгэхлээр компаны төлөөлөгч арван тонн гэж хэмжээд авсан жонш Чойрт аваачаад тушаахад долоон тонн болох жишээний. Тэгэхлээр жонш худалдан авагч компани шатахын дээдээр шатна биз дээ. Бүр зарим компани өрөнд орсон ч сураг чих дэлсэнэ лээ. Хамтран ажиллаж байгаа хоёр тал хэн хэнээ хохироохгүй, үнэнч шударгаар ажиллаж байж л итгэлцэл бий болж ажил төрөл нь урагшлана даа, уул нь. Жонш дагалдаад сайн муу юм зөндөө. Энэ бичил уурхайн хаялгаар иргэд банкны зээлээсээ чөлөөлөгдсөн л гэнэ. Машин, унаа ч авсан л гэнэ. Амьдрал ахуйгаа дээш татах боломж нээгджээ. Бүр иргэд орлогожоод ирэхээр дэлгүүр хоршооны орлого ч талийж өгсөн гэнэ. Улаанбаатараас бараа татах гэж сардаа нэг хоёрхон явдаг дэлгүүрийн эзэн долоо хоногтоо бараа татаад ч барахгүй байгаа гэнэ. Ойрхны айл уурхай руу айргаа нэг зун зөөгөөд л орлогоороо машин авчихсан гээд боддоо.
Харин жонш дагасан хэл ам тасардаггүй бололтой. Засаг даргын тамгын газрын байгаль орчины асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Мөнхсүхээс энэ талаар тодруулахад “Лай, лай” гэснийг бодоход энд хэл яриа их бололтой. Сумын Засаг даргаа огцруулах саналыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дээш нь өргөж байсан удаа энд бий. Учир начрыг сонирхвол “Ёс зүйн асуудлаар” гэж байгаа ч мөнөөх жонш дагасан хэл амтай яах аргагүй холбогдсон юм билээ. Тэгэхлээр жонш олзворлох, түүнийг борлуулах, худалдан авах ажлыг зохицуулахад чанд нарийн зохион байгуулалт шаардагдаж байна даа.
Юутай ч гэсэн Дундговь аймгийн Хулд сумын нутаг Түймэрт цагаанд ассан “Түймэр” унтраагүй байна. Түймэр” уугисаар авай. “Түймэр” унтрана аа.