Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авах уу

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авах уу

Үндсэн хуулийн Цэц иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Сонгуулийн тухай хуулийн 48-аас 28 руу гулсах тухай заалтыг хэлэлцээд “Үндсэн хууль зөрчсөн” гэсэн дүгнэлт гаргасан билээ. Энэ долоо хоногоос УИХ-ын хаврын чуулган хуралдаж эхэлнэ. Чуулганаар нэн түрүүнд хэлэл­цэх асуудлын нэг нь Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэх тухай юм. Дашрамд дурьдахад, Цэцийн дүгнэлтийг чуулган эхэлснээс хойшхи тав хоногийн хугацаанд холбогдох байнгын хороод хэлэлцэж, дүгнэлтээ гаргах ёстой байдаг ажээ. Тэгвэл УИХ-ын зарим гишүүнээс чуулганы үеэр ямар байр суурь илэрхийлэхийг нь тодрууллаа.

Су.Батболд: Хуулиа өөрчлөх нь Үндсэн хуульд харшлахгүй

-Үндсэн хуулийг Цэцийн дүгнэлтийн дагуу Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь хууль зөрчихгүй. УИХ-ын сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуулийг өөрчилж болохгүй гэсэн хуулийн заалт бий. Гэхдээ энэ заалт нь парламентад суудалтай улс төрийн хүчин, нам, эвслүүд сонгууль ойртсон үед өөрт ашигтай байдлаар хуулийг өөрчилж болохгүй гэсэн утгатай. Тиймээс Цэцийн дүгнэлтийг хүлээн авч, “гулсах” гэж ярьдаг заалтыг түдгэлзүүлэх нь хуульд харшлахгүй гэж үзэж байгаа. Тэгээд ч бид анхнаасаа л “Пропорцианаль тогтолцоог сонгодог утгаар нь хэрэгжүүлье” гэж ярьж байсан шүү дээ. Тиймээс Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зөв.

Я.Батсуурь: Цэцийн дүгнэлтийг хүлээж авбал үндсэн хуулийг бүр их зөрчинө

-Үндсэн хуулийн Цэцийн “Сонгуулийн тухай хууль Үндсэн хуультай зөрчилдөж байна” гэсэн дүгнэлтийг хүлээж авах нь буруу. “Гулсах” гэж яриад байгаа заалт Үндсэн хуулийг тодорхой хэмжээгээр зөрчиж байгааг үгүйсгэхгүй. Харин Цэцийн дүгнэлтийг хүлээж авбал Сонгуулийн тухай хууль Үндсэн хуультай бүр илүү зөрчилдөх болно. Учир нь иргэдээс ганц ч санал аваагүй хүн УИХ хуралд орж ирэх нь байна шүү дээ. Намын дарга нарын сонголтоор пропорцианаль 28-ын эхэнд жагссан хүмүүс л орж ирнэ. Иргэдийн саналыг гээгдүүлэхгүй байх үүднээс Сонгуулийн тухай хуульд гулсах тухай заалтыг оруулсан. Иргэдээс 28-аас дээш хувийн санал авсан хүмүүсийг пропорцианаль 28-д жагсаах нь огт санал аваагүй хүн УИХ-д орж ирэх боломжийг тодорхой хэмжээгээр хязгаарлана. Ер нь бол томсгосон дөрвөн мандаттай тойрогт өрсөлдөөд нэг, хоёр, гурав, дөрвөөр гарч ирдэгтэй л адил гэсэн үг. Огт санал аваагүй хэрнээ намынхаа нэрээр парламентад орж ирэх нь Үндсэн хуулийг бүр их л зөрчинө.

Ж.Сүхбаатар: УИХ хуулийн алдааг засах үүрэгтэй

-“Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн” гэсэн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авлаа гэж бодъё. Энэ тохиолдолд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах үүрэг нь УИХ-д байгаа. УИХ тухайн асуудлыг бүхлээр нь эсвэл хэсэгчлэн хүлээж авахаа шийдэх эрхтэй. Сонгууль эхлэхээс зургаан сарын өмнөх хугацаанд Сонгуулийн тухай хуулийг өөрчилж болохгүй гэсэн хуулийн заалт бий. Гэхдээ энэ заалтыг “Хууль батлагчид өөртөө ашигтай байдлаар хуулийг өөрчилж болохгүй” гэдэг үүднээс оруулсан. “Цэцийн дүгнэлийг хүлээж аваад хуульдаа өөрчлөлт оруулбал хууль зөрчинө” гэх хүмүүс бий. Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуульд хяналт тавьдаг дээд байгууллага. “Сонгуулийн тухай хууль Үндсэн хуульдаа нийцэхгүй байна” гэсэн дүгнэлт гаргачихсан байхад УИХ тухайн хуулийн алдааг засах үүрэгтэй. Үүнээс болж ээдрээтэй асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ сонгуулийг хуучин хуулиар нь явуулна гэж бодохгүй байна.

 

С.Оюун: Цэцийн дүгнэлтийг хүлээж авах саналтай байгаа

-Нэр бүхий иргэд Сонгуулийн тухай хуулийн нэг заалт Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзээд маргаан үүсгэсэн. Үндсэн хуулийн Цэц “Сонгуулийн тухай хуулийн энэ заалт Үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэлээ. Тиймээс мажоритари 48-д өрсөлдөөд ялагдсан ч иргэдээс 28-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг намын нэрсийн жагсаалт руу гулсуулах заалтыг өөрчлөөд явахад болохгүй гэх зүйлгүй. Хууль зөрчих асуудал гарахгүй болов уу. Би Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зөв гэсэн байр суурь илэрхийлнэ. УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх нь зүйтэй.

Т.УРАНГЭРЭЛ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж