Дорнод аймгийн хувьд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй цэгийн тоо хэт олон байгаа нь архидан согтуурах явдал буурахгүй байгаа байдалд шууд нөлөөлж байна хэмээн аймгийн Мэргэжлийн Хяналтын Газраас шалгалт хийх явцдаа дүгнэсэн байна. Архи, дарс, шар айрагны үйлдвэрлэл эрхэлдэг дөрвөн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийхэд, спирт тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, шар айраг, дарсны үндсэн түүхий эд болох жимс жимсгэнэ, арвай, зөрөг цэцгийн соёолжийг шинжилгээнд хамруулж, чанарын баталгаажилт эрүүл ахуйн байдлыг хангасан тухай дүгнэлт гаргуулаагүй байдал илэрчээ. Мөн шинээр шар айрагны үйлдвэрлэл эрхэлж байгаа “Дөч гол” ХХК нь аймгийн засаг даргад хүсэлт гаргаж, туршилтын үйлдвэрлэл явуулах зөвшөөрөл аваагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын чиглэлээр илэрсэн зөрчлийг арилгуулахаар хоёр үйлдвэрт 13 заалт бүхий хугацаатай албан шаардлага өгсөн байна. Шалгалтын явцад 17 зөрчил дутагдал илрүүлснээс 13 зөрчил буюу 76,5 хувийг арилгуулж, 130 мянган төгрөгний торгуулийн арга хэмжээ авчээ.
Э.Сараа