Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн санах ой нь болох нь. Х.Тэмүүжин гишүүний хэлж байгаагаар Ц.Нямдоржид мартсаныг нь сануулах зүйл их бий аж. Учир нь долоодугаар сарын 1-ний үймээний үеэр цагдаа галт зэвсэг хэрэглэсэн, хэрэглээгүй гэх яриа олны анхаарлыг татаж байгаа. Ийм үед УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин сумны хонгио үзүүлж, ноцтой баримт дэлгэсэн билээ. Гэтэл үүнийг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд “Хэн дуртай гишүүн нь сумны хонгио барьдаг болж” гэсэн нь дургүйцлийг нь хүргэв бололтой. Ямартай ч тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Улстөрч хүн ийм богино санах ойтой байж болохгүй. Би бүх баримтуудыг дахин гаргаж тавьдаг юм уу гэж бодож байгаа. Долоодугаар сарын 1-ний дараа Хүний эрхийн дэд хороон дээр ажлын хэсэг байгуулж, мэдээлэл цуглуулж эхэлсэн” гэдгээ дуулгав. Ийнхүү Х.Тэмүүжин сайдтай шөргөөцөлдөхөөр шийджээ. Х.Баттулга гишүүнтэй ана мана үзэж буй Ц.Нямдорж Х.Тэмүүжинтэй мэтгэлцвэл “хайр”-ын гурвалжин гэдэг шиг л болох байх даа. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй маргалдаж сураагүй биш. Тэр хоёр өмнө нь хэвлэлээр чи, би дээрээ тулж явсан. Мөн Х.Тэмүүжин “Алтанхуяг ерөнхий прокуророосоо бичиг авчруулаад, Ц.Нямдорж намайг бүр “гөлөг” гэж хэлж байгаад галт зэвсэгтэй холбоотой сонсголыг яагаад хийлгэхгүй болгосон тухайг нь одоо сануулж хэлэхээс өөр аргагүй юм байна” гэжээ. Тэгэхээр залуу гишүүн Х.Тэмүүжин парламентын туршлагатай гишүүн, сайд Ц.Нямдорж, бас Х.Баттулга нар энэ хаврын улс төрийн өнгийг тодорхойлох нь.

Ц.ЭНХЦЭЦЭГ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж