Ц.Нямдорж өөрөө төрийн нууцыг задруулсан юм биш үү

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж өөрөө төрийн нууцыг задруулсан юм биш үү

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баттулгатай хэв­лэлээр үзэлцэж буй. Энэ хэ­рүүлийг нь ч олон нийт чих тавин чагнаж байгаа. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж  “Төмөр за­мын талаар төрөөс баримтлах бод­лого батлагдсаны дараа Х.Бат­тулга сонинд ярилцлага өгөхдөө “Хоёр жилийн дотор энэ төмөр замыг барьж дуусгана” гэсэн. Ийм мэ­дэг­дэл хийснийхээ дараа оросуудаас холдсон. Тэгээд сүүлд нь нууцаар Солонгос, Хятадын хамтарсан групптэй Төмөр зам байгуулах гэрээ гэсэн нууц гэрээ байгуулсан. Монголын талаас “Монголын Төмөр зам” компанийн захирал Б.Батзаяа гэдэг хүн оролцож Солонгост гэрээнд гарын үсэг зурсан. Энэ гэрээ 2011 оны гуравдугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан. Гэтэл өнөөдөр энэ гэрээг Монголд мэдэж байгаа хүн бараг байхгүй. Засгийн газар ч мэдэхгүй байна. “Монголын Төмөр замын дэд бүтэц” гэдэг компани Хонконгод байгуулагдсан гэдэг ч чухам хаана, юу хийгээд яваад байгаа нь мэдэгдэхгүй байна. Оросуудтай Тавантолгойн лицензийг барьцаалж гэрээ хэлэлцээ хийж байх үед БНХАУ-ын холбогдох яам­ны дэд сайд Монголд ирж Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай санамж бичигт гарын үсэг зурсан. Тэгээд тэр дэд сайд маргааш нь буцаж Бээжингийн онгоц­ны буудал дээр буухад нь л өчигдрийн зурсан санамж бичиг чинь хүчингүй шүү гэдгийг Монголын Элчин сайдын яамныхан мэдэгдсэн. Төмөр замын ийм ил далд гэрээнүүдээс болж Монгол Хятадын харилцаа туйлын түвэгтэй байдалд орсон” гэж хэлснээрээ буруутан болох нь тэр. Уг нь хэн, хаана, хэнтэй гэрээ хэлцэл хийж, гарын үсэг зурах гэж буй нь нууц баймаар. Хэрэв шаардлагатай бол олон нийтэд мэдээлэх учиртай. Гэтэл улс орны дотоод асуудал, Засгийн газрын түвшинд яригдах зүйлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд нь уурандаа гэх үү, сэтгэл хөөр­лөөр гэх үү, ямартай ч үгэндээ дайчихав. Ц.Нямдорж сайдын энэ их тайл­барын цаана Х.Баттулгыг олон нийтэд “муу хүн” болгон харуулахыг зорьсон. Гэвч бүтэлгүйтэж, өөрөө болох, болохгүйг ярьчихлаа. Ямартай ч энэхүү  гэрээ нь олон улсын гэх тодот­голтой Монгол Улсын эрх ашгийг хөндсөн, геополитикийн асуудал учраас салбарын сайд хэвлэл мэдээл­лээр цацаж болох эсэх нь юу бол. Тэрбээр үүгээр ч зогсохгүй Засгийн газрын гишүүдтэйгээ зөвлөлдөхгүй, Х.Баттулгад уурласан уурандаа гүйж гараад хэвлэлийн бага хурал зарла­чихсан. Үүнээс нь болоод түүний энэ бантанг Засгийн газрынхан хэрхэн зохицуулах аргаа хайж яваа аж.

Төрийн эрх барих дээд бай­гууллагад ажилладаг мөртлөө улс­төрч хүнийхээ хувьд асуудалд хан­даж, сэтгэл хөдлөлдөө автах нь зөв гэж үү. Учир нь уул уурхай, тэр дун­даа Тавантолгойн ордоос үүдэн төмөр зам барих асуудал дэлхийн то­моохон гүрнүүдийн анхаарлыг татаж байгаа энэ үед Засгийн газрын гишүүн “Төмөр замыг хамтарч ба­рих асуудлаар ОХУ-ын Төмөр замын нийгэмлэгтэй удаа дараа ил, далд гэрээ хийсэн. В.И.Якунин Монголд 3-4 удаа ирж Мон­гол төрийн Ерөнхийлөгчөөс эх­лээд  Х.Баттулга хүртэл бүгдтэй нь уулзаж байсан бэ. Цаана нь юу явагдаж байсан гэхээр Тавантолгойн ордын ашиг­лалтын лицензийг Оросын талд өгч энэ үндсэн дээр хамтарсан төмөр зам барина гэдэг ил, далд яриа хэлэл­цээрүүд явагдаж байсан” гэж хэлсэн нь бусдын анхаарлыг татахгүй бай­хын аргагүй биз. Ц.Нямдоржийн яриад байгаа бүхэн үнэн үү, худал уу гэдгээс үл хамааран Тавантолгой руу хошуурах гадныхны ил, далд өрсөлдөөнийг эрчимжүүлэх нь то­дорхой. “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр Х.Бат­тулгыг “хатгах” гээд нууцыг нууц биш болгочихов уу. Ер нь энэ хэ­рүүл Ц.Нямдорж, Х.Баттулга гэх улстөрчдийн харилцаа гэхээс илүү­тэй улс орны геополитикийн нууц асуудалтай холбогдчихоод байна. Уг нь Засгийн газрын гишүүд тан­химын зохион байгуулалттай бай­даг. Засгийн газрын гишүүн хаана, юу ярьж болох, болохгүй вэ гэд­гийг зөвшилцөх учиртай. Гэтэл Ц.Ням­дорж тэгсэнгүй. Дур мэдэн, том толгойлсноос үүдэн Засгийн газрын нэр хүнд унахад хүрлээ. Өөрөөр хэлбэл, нэг сайдынхаа юу ярихыг хянаж чадаагүйгээс болж тан­химаараа “шок”-нд орчихоод байна.

Ц.ЭНХЦЭЦЭГ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж