ДНБ-ий хэмжээ 2006 оныхоос хоёр дахин өссөн
Монгол Улсын нэг хүнд ноогдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ “Стратегийн ордууд”-ыг анх тодорхойлсон 2007 оноос хойш хоёр дахин нэмэгджээ. 2006 онд 1000 орчим ам.доллар байсан бол 2011 онд 2400 гаруй ам.доллар болж даруй 2-3 дахин нэмэгдээд байна. Энэ тоо ирэх жил даруй 2 дахин нэмэгдэж, 5000 ам.долларт хүрнэ гэсэн тооцоог албаны хүмүүс хийж байгаа. Стратегийн ордыг Ашигт малтмалын тухай хуулинд “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлнэ” гэж заажээ. Тиймээс “5 хувь” гэж заасныг бууруулахгүй бол удахгүй Асгат гэх мэт ордууд стратегийн жагсаалтаас хасагдах байдал гарч ирж байна. Ийм маягаар ДНБ өсөөд байвал дахиж стратегийн ордод тооцогдох орд гарч ирэхгүй. Тиймээс энэ босгыг бууруулж 1-2 хувь болгох, эсвэл 5 хувийг хэвээр үлдээгээд “Стратегийн ордыг тодорхойлохдоо 2007 оны ДНБ-ээр тооцох” заалтыг нэмж оруулж өгөх шаардлагатай байна. Дээрээс нь, ДНБ-д тооцогдсон ихэнх мөнгө “Монголд хамаагүй” байдгийг бодолцвол ингэх зайлшгүй шаардлагатай. “Ашигт малтмалын тухай хууль”-ийн цоорхойгоос болж гадныханд алдаад байгаа баялаг бол ард түмний өмч. Улс мөнгөгүй, ард түмэн ядуу байхад стратегийн 14 орд хэтэрхий цөөн байна. Үүнийг дорх хаяж 2-3 дахин нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгж байж Монгол Улс жинхэнээсээ эдийн засгийн чадавхитай улс болно.
Дээр өгүүлсэн “Southgobi Resources”-ын ордууд нь үндэсний болоод бүс нутгийн эдийн засагт нөлөөлөх эсэх нь олборлолтоос л шалтгаална. Түүгээр зогсохгүй БНХАУ-ын төрийн компанийн эзэмшилд очвол Монгол Улсын эдийн засагт учруулах хохирол нь тоймгүй юм. Аюулгүй байдалд ч нөлөөлнө гээд хэлчихвэл зарим хүний инээд хүрэх биз дээ. Нүүрс бол олборлоход амархан ашигт малтмал. Бас манай улсад нээгдээд байгаа нүүрсний ордуудын ихэнх нь ил ордууд гэдгийг бодолцвол “ДНБ-ий 5 хувь” гэдэг бол хэтэрхий өрөөсгөл заалт юм. Дэгсдүүлж хэлэхэд, хэдийг олборлох нь техникийн хүчин чадлаас хамаардаг болсон энэ үед бид аливаа ашигт малтмалын ордыг нэг жилд нь стратегийн ордод тооцоод, нөгөө жилд нь буцаагаад хасах инээдтэй байдалд ч хүрэхээр байгаа юм. Эцсийн эцэст, Ашигт малтмалын тухай хуульд гар хүрэхгүйгээр энэ байдал арилахгүй.
Уул уурхай банк санхүүгийн салбарыг дэмжиж чадахгүй байна
Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компаниуд банк санхүүгийн салбарыг дэмжиж чадахгүй бана. Учир нь тэдний эргэлдүүлж буй хөрөнгө Монгол Улсын банкинд байнга байршдаггүй. Харин банкныхан өндөр эрсдэлтэй уул уурхайн салбарт хөрөнгө оруулж энэ нь эргээд өөрсдийг нь эрсдэлд оруулж байгаа юм. Мүүдийз агентлаг Монголын банк санхүүгийн системд судалгаа хийгээд “Банкны зээлийн хэмжээ огцом нэмэгдсэн ч үүний ихэнх нь уул уурхайн салбарт орж байгаа учир сүүлд нь эрсдэл дагуулж мэднэ” гэсэн дүгнэлтийг өнгөрсөн онд хийсэн байсан. Тиймээс тодорхой хэмжээний хөрөнгийг Монгол Улсын банкинд байнга байршуулж байх шаардлагыг Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудад тавих нь зүйтэй юм. Ингэвэл банкны салбар шууд өндийгөөд ирнэ. Банк мөнгөтэй болж, жижиг дунд үйлдвэрлэгчдэд тавих шаардлагаа зөөлрүүлбэл энэ салбар ч дагаад хөгжих боломжтой.
Тогтвортой байдлын гэрээг байхгүй болгоё
Монгол Улсад хөрсөн дор байгаа “стратегийн” гэж нэрлэсэн орд биш, ажиллаж байгаа уурхайнууд хэрэгтэй байна. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зйүлийг эргэж харах цаг болсон. Хуулийн энэ зүйлийн 3-т “Эхний 5 жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ 50 саяас дээш америк доллартой тэнцэх бол 10, 100 саяас дээш америк доллартай тэнцэх бол 15, 300 саяас дээш америк доллартой тэнцэх бол 30 жилийн хугацаагаар энэ хуулийн 29.1-д заасан гэрээ байгуулна” гэж заажээ. Одоо 300 сая ам.доллар гэж юу билээ. УИХ-ын гишүүд жил болгон 76 тэрбум төгрөг тойрогтоо зарцуулах эрхтэй байгаа гээд бодохоор 300 сая ам.доллар бол бага мөнгө. Эцсийн эцэст, Монгол Улс дайн самуунтай улс биш. Монголд оруулсан хөрөнгө найдвартай өснө гэдгийг дэлхий нийтэд баталж чадлаа. Одоо тогтвортой байдлын гэрээг болиулах цаг болсон.
Бид нэгэнт хөрөнгө, мөнгөтэй болж байгаа юм бол үүнийхээ хэрээр хөрөнгө оруулагчдад тавих шаардлагаа өндөрсгөж байх учиртай. Өөрөөр хэлбэл, 300 саяас дээш ам.доллар оруулсан компани болгонтой тогтвортой байдлын гэрээг 30 жилээр хийгээд байж болохгүй. Ашигт малтмалын үнэ тэнгэрт хадаж байгаа өнөө цагт 50, 100, 300 сая ам.доллар үнэндээ бага мөнгө болж хувирсан гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх биз. Тиймээс эрх баригчид Ашигт малтмалын тухай хуулийн 29.1-д оруулах хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх, эс бөгөөс тогтвортой байдлын гэрээ байгуулах хугацааг 30 биш, дээд тал нь 20 жил байхаар зааж, сунгах нөхцлийг мөн эргэж харах хэрэгтэй юм. Дээр өгүүлсэн өөрчлөлтүүдийг хийж чадвал стратегийн ордууд олширч, улсад орох орлого ч төдий хэмжээгээр нэмэгдэх билээ. Стратегийн ордуудаас иргэд бас хувь эзэмших учир амьдрал ч тодорхой хэмжээгээр дээшилнэ. Иргэн баян бол улс баян гэдэг билээ. Харин ядуу бол хувьсгал гарна гэдэг бил үү.