
Харин энэ хуулийн эсрэг байр суурь баримталж байгаа сөрөг хүчний төлөөлөл хууль хэрэгжиж эхэлсэн өдрийг “эрчим хүчний шинэчлэлийн хувьд хар өдөр боллоо” хэмээн зарлаад ширүүн шүүмжилсэн байна. Гэхдээ Герман улсад нарны эрчим хүчнээс татгалзах болсон хэд хэдэн ноцтой шалтгаан бий гэж хуулийг санаачлагчид байр сууриа хамгаалсаар байна.Тэдний ярьж байгаагаар бол хамгийн гол шалтгаан нь өрсөлдөөн буюу нарны эрчим хүчийг ашиглах чиглэлээр Хятад зэрэг орнуудад зах зээлээ булаалгасантай холбоотой юм байна. Хятадууд нарны эрчим хүчийг гаргаж авах тоног төхөөрөмж, нарны илчийг хурааж авах хавтан зэргийг германчуудаас хамаагүй хямд зардлаар үйлдвэрлэж байгаа нь ийм байдалд хүргэж байгаа бололтой. Хятадын хямд өртгөөр хийгдсэн нарны эрчим хүчний төхөөрөмжүүд Германы зах зээлийг аажим аажмаар эзэлж мөн захиалга нь ч ихэсч байгаа тул Германы компаниудын хийсэн бүтээгдэхүүн үндсэндээ шахагдаж, эрэлтгүй болж байгаа юм байна.Сүүлийн үед Германы нарны эрчим хүчийг ашиглах төхөөрөмж бүтээдэг хэд хэдэн компани дампуурлаа зарлаад байгаа ажээ. Нөгөө талаар Германы удирдлага нарны эрчим хүчийг ашиглах салбарт тулгарч байгаа асуудлыг шийдэж өгөхгүй байсны дээр иргэдийн татварын мөнгийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах талаар огт анхаараагүй нь ийм байдалд хүргэсэн гэх шүүмж ч бас гарч байгаа юм байна. Герман улс өнгөрсөн оны зун эрчим хүчний шинэчлэл хийх болж байгаагаа зарласан бөгөөд 2022 он гэхэд цөмийн эрчим хүчнээс бүрэн татгалзана гэж байсан юм. Мөн цаашдаа 2050 он гэхэд эрчим хүчний хэрэглээгээ бүхэлд нь сэргээгдэх эрчим хүчээр хангана гэж зарлаж байсан билээ. Гэвч дээрхи шинэ хуулийг баталсны дараагаар сэргээгдэх эрчим хүчний ирээдүйд итгэхгүй байгаа зарим улстөрчид гарч ирсэн байна. Тэдний зүгээс нарны эрчим хүчийг ашиглах томооохон байгууламж бий болгох нь эрчим хүчний сүлжээг сүйрүүлэх болно гэж үзэж байгаа юм байна.
