–Танай намын Ёс зүйн хорооноос нэр бүхий гишүүдэд шаардлага хүргүүлсэн. Таны хувьд шаардлагынхаа хариуг тодорхой өгсөн байна лээ. Ийн шаардлага өгөх болсныг та юу гэж дүгнэж байна вэ?
-Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, 1.5 сая төгрөгөө олгох, орон сууцны зээлийн санхүүжилтийг шийдэх гээд хийх ажил маш их байгаа. МАН-ын хувьд ч ирэх сонгуульд бэлтгээд толгой өндийх завгүй л баймаар. Гэтэл улс орныхоо хөгжлийн төлөө санаа зовинон хатуу ч гэлээ бодитой шүүмжлэл хэлсэн гишүүдийнхээ үгийг бодлого, үйл ажиллагаандаа тусгахын оронд бичиг цаас шидэж байх ямар хэрэг байна аа. Их ажлын хажуугаар ялих шалихгүй зүйлээр оролдож гишүүдийнхээ сэтгэлд сэв хийж цаг үрэх хэрэггүй. Эхлээд бичиг өгч сануулж байгааг бодоход үгэнд нь орж аясаар нь байхгүй бол хариуцлага тооцох гэж байгаа юм байлгүй дээ. Ер нь намын Ёс зүйн хорооны дарга ганцаараа шийдээд гишүүдэд “амаа хамхи” хэмээн бичиг илгээгээгүй нь тодорхой. Мэдээж намын удирдлагуудад танилцуулж чиг үүрэг авч л илгээсэн биз ээ.
-Таны өгсөн хариу нэлээд ширүүхэн байсан шүү?
-Энэ бичгийн талаар дахин дахин нуршаад байх сонирхол алга. Өөрийг чинь асуугаад байгаа болохоор бичсэн зүйлийнхээ гол агуулгаас нь хэлье. “Сонгууль дөхөж байхад элдэв зүйл ярьж болохгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа өгч байгаа ярилцлага, нийтлэлүүд нь намын нэр хүнд, эв нэгдэл, намын эрх ашигт сөргөөр нөлөөлөх хандлагатай байгаа тул дээрх үйлдэл дахин гаргахгүй байхыг анхааруулан зөвлөж байна. Дээрх асуудын талаарх тайлбараа Ёс зүйн хороонд 2012 оны гуравдугаар сарын 20-ны дотор бичгээр ирүүлэхийг хүсье” гэсэн бичиг ирүүлсэн. Үүний хариуг нь бичгээр хүргүүлсэн. Ард түмнээсээ сонгогдсон төрийн түшээ, МАН-д суудал авчирсан, намын Бага хурал болоод УИХ дахь бүлгийн нэг гишүүнтэйгээ манай намын удирдлага, Ёс зүйн хороо уулзаагүй байж, албан бичиг өгч, хариуг бичгээр өгөхийг шаардан, хөндий зэврүү харилцаа гаргасанд нь харамсаж байгаа. МАН-ын бодлого, үйл ажиллагаа, намын дүрмийг хүндэтгэхийн дээр Монголын ард түмний мэргэн сонголт, Монгол Улсын эрх ашгийг ямар ч нам, эвсэл, холбоодын эрх ашгаас илүүтэйгээр эрхэмлэн дээдэлдэг. Тиймдээ ч Оюутолгойн гэрээ Монгол Улсад ашиг багатай, алдагдалтай болсон талаар өрнөж буй ард нийтийн санал бодлыг хүндэтгэн үзэх нь зүйтэй тухай өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэд хэдэн ч удаа үзэл бодлоо илэрхийлсэн. Мөн монголчууд Ардын намд итгэл хүлээлгэн УИХ-ын 46 суудлыг авах, УИХ-д олонхи болж Засгийн газраа дангаараа бүрдүүлэх чухал боломжийг олгож сонгосоор байтал сонгуульд өөртэй нь өрсөлдөж ялагдсан Ардчилсан намтай эвсэн нэгдэх, “стандарт бус” гэгч хамтарсан Засгийн газар байгуулсан нь ард түмний сонголтыг хөсөрдүүлсэн, тэднийг үл ойшоож, доромжилсонтой адил ёс зүйгүй асуудал болохыг удаа дараа шүүмжилсэн нь ч үнэн. Манай улсад 90 шахам жил төр барьж, монгол түмнийхээ итгэл, хүндэтгэлийг хүлээсэн, ууган намынхаа нэрийг солих асуудалд хөнгөн гоомой, яаравчлан хандаж, намын нийт хамт олны санал бодлыг үл ойшоож шийдвэр гаргасан. Үүнээс болж намаа хоёр хувааж, хүчээ тарамдуулж, удахгүй болох гэж буй хамгийн хариуцлагатай сонгуульд төр барих эрхээ алдах бодит аюул нүүрлэж буйд эмзэглэж явдаг. Тиймээс энэ хоёр намаа эргэж эвлэлдэн нэгдэх, эгнээгээ тэлж, хүчээ зузаатгах талаар санал, санаачилга гаргах нь зүйтэй бус уу хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Энэ бүгдийг илэрхийлж, Монгол Ардын намаа МАН+АН болгож будилаантуулахад хүргэсэн намын дарга, удирдлагаа шүүмжилснийхээ төлөө намынхаа Ёс зүйн хороонд бичгээр тайлбар гаргах үүргийг тулгаж үг хэлж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж болохгүйд хүрч, хатуу анхааруулга авлаа даа.
-УИХ-ын гишүүний үг хэлэх эрхийг нам бооно гэж байж болох уу?
-Монгол Улсын Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 16-д “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй” гэж заасан байдаг. Тэгэхээр хүний үг хэлэх эрхийг Ёс зүйн хороо хааж боох ёсгүй. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхээ МАН-ын Ёс зүйн хорооны дарга болон бусад удирдлагаар хасуулахгүй гэдгээ ч хариу бичигтээ тодорхой бичсэн. УИХ-ын гишүүн зөвхөн намын захиа даалгаврыг биелүүлэгч биш шүү дээ. Намын бодлого, үйл ажиллагаа, дүрмийг хүндэтгэхийн зэрэгцээ төр түмнийхээ элч болсноо умартах ёсгүй. Сонгинохайрхан дүүргийн мянга мянган иргэн биднийг төлөөлөн парламентад сонгогдон ажиллаж дуу хоолойг минь төрийн бодлого, шийдвэр гаргахад тусгаж байг гэж төлөөлөгчөө болгосон. Иргэдийн хэлж ярихыг хүсэж байгаа зүйлийг, анхааруулж байгаа асуудлыг хуралдаан дээр ч, хэвлэлд ч ярилцлага өгөхдөө илэрхийлэхийг чухалчилдаг. Олон түмний төлөөлөгч болсон байж амин хувиа бодож, цаашдын карьераа өсгөх гэж намын дарга нарынхаа өмнө бөхөлзөн тал засаж, худлаа зулгуйдан, улс орны эрх ашигт сөрөг нөлөөтэй асуудлыг ч дуугүй толгой дохин хүлээн зөвшөөрөн суухыг хүсэхгүй байна. Монгол Улсын язгуур эрх ашиг, улс орны хөгжил, цэцэглэлт, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө, намын эв нэгдлийн талаар хэнээр ч үгээ хориулахгүй, байр сууриа илэрхийлсээр байх болно.
-Танай нам энэ үйлдлээрээ дотоод ардчилалгүй болохоо харуулж байна гэдэгтээ санал нийлэх үү?
-Гишүүдийнхээ амыг үдэж, дуугүй болголоо гээд намын нэр хүнд өсчихдөггүй. Харин ч цензурдаад, хааж боогоод, үнэн үг хэлсэн нэгнээ хавчиж шахаад байвал намын дотоод ардчилал үгүй болж, эрүүл шүүмжлэл өрнөхөө ч болино. Тос дотроосоо өтөхөөр яадаг билээ. Тийм байдалд хүрэх вий гэж сэтгэл зовинож байна.
-Та болон Ц.Даваасүрэн нарын гишүүнийг өмнө нь “эсэргүү гишүүд” хэмээн шүүмжилж байсан байх аа. Ер нь намаа шүүмжилдэг гишүүд хэр олон бэ?
-Үнэхээр дэндэж байна. Намын нэр хүнд уналаа, өөрчлөлт хэрэгтэй боллоо гэж бие биеийнхээ өрөөнд орж санал бодлоо солилцдог, бухимдаж явдагаа илэрхийлдэг гишүүд цөөнгүй бий. Гэвч тэдний дийлэнх нь ил гаргаж хэлж чаддаггүй. Намын удирдлагаас зэм сонсоно, нэр дэвшүүлэхгүй болчих вий гэсэн болгоомжлол байдаг болов уу. Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир бид хэд “Намын дотоод амьдралын хэм хэмжээ зөрчилдөж, намын эв нэгдэл, нэр хүнд урьд хожид байгаагүй хэмжээнд алдагдаж байна, үүнд анхаараач ээ. Оюутолгойн гэрээг сайжруулж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна” гэсэн хэд хэдэн асуудлыг хөндөж захидал бичин намын дарга С.Батболдод өнгөрсөн оны нэгдүгээр сарын 4-д захидал илгээж байсан. Үүнд тусгасан зүйлийн нэг нь ч өнөөдөр хэрэгжсэнгүй. Харин ч үнэн үг хэлсэн гишүүдээ адлаж, элдэв нэр хоч өгч, ил далд тооцоо хийж, тэднээсээ хөндий харьцдаг болсон. МАН-ын удирдлага үзэл бодлын зөрүүтэй “журмын нөхөд”-өө хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон төрийн эрх мэдлээр далайлган дарамтлах ажиллагааг явуулж байна. Үүний жишээ нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж буй төлбөртэй, захиалгат нэвтрүүлгийг дурьдахад хангалттай шүү дээ.
-Намынхаа шаардлагыг хүлээж аваагүй учир цаашид яах бол. Та юу гэж бодож байна вэ?
-Хэрхэхийг цаг хугацаа л харуулах байх.
-Таныг МАХН-ыг, Н.Энхбаярыг өмөөрөх өнгө аястай үг хэлээд байгаа болохоор Ёс зүйн хорооноос шаардлага өгөх гол бай болсон юм биш үү?
-Энэ асуултыг надаас биш намын Ёс зүйн хорооноос асуувал таарна. Би “Оюутолгойн гэрээг сайжруулаач, стандарт бус Засгийн газар байгуулсан нь намын мянга мянган гишүүд төдийгүй сонгогчдын сонголтыг уландаа гишгэсэн хэрэг шүү дээ. Тиймээс Ардчилсан намыг засгаас гарахад нь хамтарсан засаг байгуулсан гэрээгээ дүгнээч, намынхаа эв нэгдлийг хангахад анхаараач” гэсэн зүй ёсны л шаардлага тавьж, байр сууриа илэрхийлсээр ирсэн. Түүнээс Н.Энхбаяр гэдэг хүнийг өмөөрөөд, намаа нулимаад байсан зүйл байхгүй ээ. МАХН, МАН-ын удирдлагууд нэг намаас гаралтай, нэг үзэл бодолтой, нэг зорилгын төлөө зүтгэж явсан хүмүүс. Учир зүйгээ олон нэгдэж, хамтарч ажиллах санаачилгыг удаа дараа гаргаж, байр сууриа улиг болтлоо илэрхийллээ. Нэг намын нөхдөд эвлэрч болохгүй ямар шалтгаан байгаа юм бэ. Тэр байтугай сөрөг хүчнээ “өвөр”- төө урьж оруулаад хамтран ажилласан биз дээ. “Гээндээ ч, гоондоо ч бий” гэгчээр хоёуланд нь учир дутагдал бий. Түүнийг ярилцаад, алдаа гаргасан бол уучлал гуйгаад, нэг зүг рүү хараад явахад болохгүй гэх зүйлгүй.
-Та Н.Энхбаяртай холбоотой байдаг уу. Яагаад МАХН-ыг өмөөрөөд байдаг юм бэ?
-Яахаараа Монгол Улсын төрийн тэргүүн, намын дарга байсан хүнтэй уулзаж болохгүй гэж. Хааяа уулздаг.
-Таны хувьд Ардын нам, МАХН нэгдсэн нь дээр гэж үзээд байх шиг?
-Би намынхаа бусад гишүүний адил намын эв нэгдлийг хангах асуудлыг онцгой авч үзэх шаардлагатай гэж боддог. Энэ ч үүднээс байр сууриа олон удаа илэрхийлсэн. Гэтэл үүний төлөө санаа тавихын оронд намын удирдлага, түүнд ойр байдаг хэдэн хүн өөрсдийн амбиц, хэн нэгэнтэй бодох хувийн тооцоо, өс хонзон, муйхарлан зүтгэх туйлшралаас болж эцэстээ бүхэл бүтэн улс төрийн хүчинд аюул учирч болзошгүй байна. Энэ бүгд нь бидний санааг зовоож байгаа тул намын удирдлагад хүргэх үгээ бүхий л арга хэлбэрээр хэлсээр ирсэн. Чуулганы завсарлага болгоноор Сонгинохайрхан дүүргийн бүх хороогоор явж уулзалт хийдэг. Энэ удаад ч сонгогчидтойгоо уулзалт хийж байна. Иргэд танай нам дангаараа сонгуульд орвол байдал хүнд шүү гэж ярьж байна. Хэрвээ миний нэгдэж, хамтрах саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол гишүүдийн дунд санал асуулга явуулах хэрэгтэй. Зөвхөн өөрсдөдөө зориулж худал судалгаа хийвэл ямар ч үр дүнгүй. Харин гишүүдийн дунд бодитой судалгаа явуулж, МАН, МАХН-тай хамтрах, нэгдэх шаардлагагүй гэж олонхийн саналаар шийдвэл тэр мөчөөс хойш би нэг ч шүүмжилсэн үг дуугарахгүй.
-Танай намын дарга гишүүдээсээ хаана нэр дэвших тухай саналыг нь авсан гэсэн. Таны хувьд тойрогтоо нэр дэвшихийг эрмэлзэж байгаа юу?
-Гишүүдийг нэг нэгээр нь дуудаж, уулзаж нэр дэвших үү гэж саналыг сонссон юм билээ. Намайг дуудаж уулзахаар нь “нэр дэвшинэ” гэдгээ л хэлсэн.
-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн гээд үзчихлээ. Тэгэхээр чуулган эхэлмэгц үүнийг УИХ-аар хэлэлцэж таарах нь. Үүнийг аль өнцгөөс харж байна вэ?
-Цэцийн дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн. УИХ-ын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус, тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг пропорциональ 28 суудал руу гулсаж, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож болох заалтыг Сонгуулийн тухай хуульд оруулсан. Үүнийг тулгуур хуулийн “манаач”-ид хэлэлцээд Үндсэн хуулийн суурь зарчимд харшилсан гэсэн шийдвэрийг дунд суудлын хуралдаанаараа гаргалаа. УИХ-ын сонгуулийн тов зарлахад хориод хоног үлдээд байхад ийм шийдвэр гаргасан учир УИХ-ын хаврын чуулган эхлэхээр хэлэлцэж хүлээж авах эсэхээ шийдэх шаардлагатай болж байна.
-48-аас 28 руу гулсах шаардлагагүй боллоо гэсэн үг шүү дээ?
-Тийм л болох гээд байх шиг байна.
-Таны хувьд гулсана гэдгийг хэр зөв сонголт гэж бодож байв?
-Нэр дэвшигчдэд ээлтэй заалт. Энэ нь парламентад гурван өөр түвшингээр сонгогдсон гэх ялгарал бий болгох талтай. Тодруулбал, 26 тойрогт 48 мандатад өрсөлдөөд ялалт байгуулбал би “чадлаараа олон нийтийн саналыг авч сонгогдсон” түшээ гэдэгтээ бардам байна. Харин пропорциональ 28-даа багтан УИХ-ын гишүүн болсныг нь намын жагсаалтаар орж ирсэн нөхөр гэх хандлага гарч ирэхийг үгүйсгэхгүй. Харин тойрогт өрсөлдөөд өвдөг шороодсон ч гулсаад УИХ-ын гишүүн болсныг нь бүдэрсэн атлаа түшээ болсон гэж гоочилж мэдэх юм. Миний хувьд анхнаасаа гулсахыг дэмжиж байгаагүй.
-Энэ заалтыг УИХ хэрхэн хүлээн авах бол. Учир нь өөрсдийнх нь баталсан хууль Үндсэн хуулийг зөрччихлөө шүү дээ?
-Асуудлыг хэлэлцээд олонхиороо шийднэ.
-УИХ-ын сонгуулийг орон нутгийн сонгуультай хамтад нь явуулах хуультай. Гэтэл Ардын намынхан ингэх боломжгүй гэснээр хоёр нам багагүй маргалдаж буй. Таныхаар хамтад нь явуулах боломжгүй гэж үү?
-Уг нь энэ хоёр сонгуулийг хамтад нь явуулах нь зүйтэй. УИХ-ын сонгуулийн дараа орон нутгийн сонгууль үргэлжилнэ. Залгаад Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлдэг. Тиймээс хоёр жилд нь сонгуулиар амьсгалаад ажил хийх хугацаа бага болдог. Хөрөнгө хүч хэмнэж, хэт улстөржилтөөс хөндийрүүлэх сайн талтай ч энэ удаад техник технологи, ажиллах хүчний хувьд УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах боломжгүй юм шиг харагдаж байна. Одоо болтол цахим үнэмлэхээ тараагаагүй. Сонгуулийн санал тоолох машинаа ч суурилуулаагүй байна.
-Таны хэлдгээр цахим үнэмлэх нь ч хэвлэгдээгүй, Сонгуулийн тухай хууль яах нь тодорхойгүй байна. Тэгтэл гурван сарын дараа сонгууль болно. Тиймээс ирэх сонгууль будилаантай болох нь ойлгомжтой юм шиг ээ?
-Сонгуулийг шударга, будилаангүй явуулах ёстой. Бүтэхгүй, болохгүй гэж ярьж иргэдийг төөрөгдүүлэхийнхээ оронд бэлтгэлээ сайтар базааж, цахим үнэмлэх тараах ажлыг хурдавчлах шаардлагатай. Ажил хийе гэвэл гурван сар бага хугацаа биш шүү.
-Долоодугаар сарын 1-ний хэргийн шүүх хурал хэдэн удаа хойшиллоо. Гэрчээр С.Баяр, Н.Энхбаяр, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил нар шүүх хурлын үеэр ирсэн. Харин та энэ хэргийн буруутныг хаанаас хайх хэрэгтэй гэж боддог вэ?
-Хамтарсан Засгийн газар байгуулах нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэж тухайн үед байр сууриа илэрхийлж байсан. Хөдөлмөрийн баатар Б.Чимид, гавьяат хуульч С.Нарангэрэл багш нар ч тулгуур хууль зөрчинө, зарчим алдагдана, хяналтгүй болно гэж хэлсэн. Гэвч тухайн үед Ерөнхий сайд “Үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирлээ. Хамтрах нь түүхэн цаг үеийн шаардлага” гэж шахаж зүтгүүлсээр байгаад зөвшөөрүүлсэн. Сонгуульд ялалт байгуулчихаад сөрөг хүчнээ засагт урьж оруулсан нь хоёр шалтгаанаас үүдэлтэй гэж таамаглаж байгаагаа сонин хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлж л байсан. Энэ нь ч одоо баттай болж байх шиг байна. Сөрөг хүчингүй, хамтрахаар олигархиуд улс орны баялгийг цөлмөхөд хяналтгүй болж, хүссэнээ хэрэгжүүлж болно гэж тооцсон байлгүй. Нөгөөтэйгүүр долоодугаар сарын 1-ний үймээнээр галт зэвсэгт дөрвөн хүн өртөж амь насаа алдсан хэргийг замхруулах, буруутай этгээдийг олж илрүүлэх ажлыг удаашруулах зорилго агуулсан байж мэднэ. Уг нь долоодугаар сарын 1-ний асуудлыг тэр зундаа шалгаад хэн нь буруутайг олж тогтоогоод цаашид авч хэрэгжүүлэх зүйлээ тодорхой болгох шаардлагатай байсан юм. Долоодугаар сарын 6-ны өдөр шиг санаж байна, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс УИХ-д тодорхой чиг үүрэг, зөвлөмж өгсөн. Түүнийг нь хэрэгжүүлэхийн оронд хамтарсан засаг байгуулахдаа хамаг анхаарлаа тавьж шалгаж нягтлах нь удааширч, саармагжуулсан тал бий. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй явж байгаад жил зургаан сарын дараа л УИХ дээр ажлын хэсэг байгуулсан. Долоодугаар сарын 1-ний үеэр хүчний байгууллагын уялдаа холбоо ямар байсныг шалган тогтоох ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, хүний эрх зөрчигдсөн эсэх талаар судлах ажлын хэсгийг Х.Тэмүүжин гишүүн ахалж ажилласан. Тэгж цаг алдаж тус тусад нь ажлын хэсэг гаргаж байхаар тэр даруй цогцоор нь шалгаад дүгнэлт гаргах хэрэгтэй байсан гэж боддог. Ингэж хүчийг сулруулж, хугацаа алдаж удаашруулж гурван жил гаруй чимээгүй шахуу байчихаад Ардчилсан нам Засгийн газраас гарангуутаа байнга сөхөж ярьдаг болоод байгааг хүмүүс ажиглаж байгаа байх. Гэхдээ хэрэг хуучирдаггүй гэдэг. Буруутныг шалгаж тогтоох хэрэгтэй.
-Мэдээж хэн нэгэн галт зэвсэг хэрэглэсэн учир хүн буудсан байж таарна. Хэн ийм тушаал өгсөн нь илрэх болов уу?
-Илрүүлэх ёстой.
-УИХ-ын зарим гишүүн “Соёмбо” фракци байгуулах гэж байна гэх яриа байсан. Тэр дунд таны нэр байсан?
-Фракци байгуулах нь нам дотор байдаг л асуудал. Хүн айж цочоод гайхаад байх зүйл биш ээ. Ний нуугүй хэлэхэд гишүүд фракци байгуулах талаар байнга л ярьж байдаг. Миний мэдэж байгаагаар бол фракци байгуулах хүсэлтэй гишүүн 20 гаруй бий. Албан ёсоор бичиг хийгээд гарын үсэг зуруулсан зүйл одоохондоо алга.
-Ярилцсанд баярлалаа.
"Улс төрийн тойм" сонин