Америкчуудын худалдан авалт нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Америкчуудын худалдан авалт нэмэгджээ

АНУ-ын хэрэглэгчдийн худалдан авалт сүүлийн долоон сард эргэн нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл гарч эхэллээ. Хэдийгээр нэг галлон буюу 3.78 литр шатахууны төлөө америкчууд дөрвөн ам.доллар төлж байгаа ч ирээдүйдээ итгэлтэй болж байгаа бөгөөд худалдан авалтад зарцуулах мөнгө нь ч нэмэгдэж байгаа гэнэ. АНУ-ын Худалдааны яамны төлөөлөгч өнгөрөгч баасан гаригт хэлэхдээ өнгөрсөн хоёрдугаар сард худалдан авагчдын мөнгө зарцуулсан хэмжээ 0.8 хувиар өссөн дүнтэй байсан гэж дурджээ. Тэр дундаа тансаг хэрэглээ болох авто­машины худалдан авалт эрс өссөн гэнэ. Автомашины худалдан авалт он гараад бараг хоёр дахин өссөн аж.

Мөн Америкийн худалдан авагч­дын дунд судалгаа явуулсан зарим хүрээ­­лэнгийн зүгээс өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад америк­чуу­дын худалдан авах сонирхол 75.3 хувиас 76.2 хувь болон өссөн гэж дүгнэжээ. Үүний шалтгаан нь аажим аажмаар тогтворжиж байгаа эдийн засгийн ахиц олон нийтийн зүгээс айдсаа даван гарахад хүргэж байна гэжээ. АНУ-ын хөрөнгийн бирж дээрхи худалдан авалт болон худалдан авагчдын худалдаа хийх сонирхол гээд аль, аль үзүүлэлт нь хүлээж байгаагүй хэмжээгээр өссөн гэх дүгнэлтэд хүргэжээ. Худалдан авагчдын итгэл найдвар жилийн эхний хагаст  хадгалагдан үлдэж худал­дан авалт нэмэгдсэнээр эдийн засгийг царцааж байгаа таагүй нөлөөллийг зөөллөнө гэж ажиглагчид үзэж байна.

Гэхдээ нөгөө талаасаа америк­чуу­дын худалдан авалтын өсөлт нь шата­хуун, эрчим хүчний хэрэглээ зэрэг өдөр тутмын хэрэглээний барааны өсөлттэй холбоотой гэдгийг ч шинжээчид зөвшөөрч байна. Тухайлбал, орон сууцны төлбөр огцом нэмэгдсэн нь үүний жишээ болж байгаа аж. Энэ долоо хоногийн эхээр гэхэд л нэг галлон ахуйн хэрэглээний хий бараг дөрвөн ам.доллар болж байгаа нь оны эхэнд байсан үнээс 62 центээр нэмэгдсэн гэсэн тооцоо гарч байна. Энэ долоо хоногийн эхэнд АНУ-ын супермаркетийн томоохон сүлжээ болох Wall-Mart-ийн төлөөлөгч хэлэхдээ сүүлийн хоёр сард ахуйн хэрэглээний хийн үнэ “салхины хурдаар” нэмэгдсэн нь худалдан авагчдын санааг зовоож байгаа тухай мэдээлжээ. Тэгэхдээ эдийн засагчдын үзсэнээр бол ойрын жилүүдэд болж байгаа хэт халуун цаг агаарын байдлаас болж халаалтын хэрэглээ багасч байгалийн хийн үнэ буурсан нь нөхцөл байдлыг зөөллөж байгаа бөгөөд энэ оны хувьд ч ийм байдал давтагдаж хандлагатай гэж таамаглаж байгаа гэнэ. 

Харин америкчуудын орлого өнгөрсөн сарын дүнгээр 0.2 хувь өссөн нь тэдний худалдан авалтдаа зарцуулсан зардлыг бага зэрэг нөхөх боловч бүхэлдээ бол тэдний хэмнэж үлдээх мөнгөний хэмжээ бага гарч байгаа гэж эдийн засагчид тооцоолж байна. Америкчуудын орлогоосоо зарцуулалгүй хэмнэж байгаа мөнгөний хэмжээ гурван жилийн өмнөх үеийхээс 3.7 хувиар унасан бөгөөд энэ нь сүүлийн гурван жилийн хугацаанд гарч байгаа хамгийн муу үзүүлэлт болжээ. Мөн үүний зэрэгцээ америкчуудын татвар болоод инфляцид “тануулаад” цаана нь үлдэх орлого нь сүүлийн хоёр сар дараалан нэмэгдсээр байгаа зарим барааны үнийн өсөлтөөс болж үрэгдэж болзошгүй байгаа гэнэ. Энэ байдал арай гэж сэргэж ирж байгаа америкчуудын худалдан авалтын өсөлтийг зогсоочих вий гэж шинжээчид болгоомжилж байна.

М.НАСТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж