Видео хэлэлцүүлэгт хамрагдсан аймгууд дундаас энэ талаарх ажлын биелэлтээрээ Өвөрхангай аймаг үлгэр жишээ байсан тухай ажлын хэсэг онцолж байсан юм. Түүнчлэн зарим аймагт жилийн ажлын хүрээнд хүрч ажиллах зорилтот бүлгээ тодорхойлоогүй, зөвхөн жилийн ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа зэргээр тунхагийн шинжтэй ажиллаж байгаа нь хангалтгүй байна гэж ажлын хэсгийн гишүүд дүгнэсэн байна. Тиймээс салбар хороодын үйл ажиллагааг эрчимжүүлж, жилийн ажлыг зохион байгуулахад идэвх санаачлагагүй оролцож байгаа салбар хороодын дарга нар, орон нутгийн удирдлагуудад арга хэмжээ авах шаардлагатай байгаа гэнэ. Мөн үлдсэн хугацаанд өрхийг дэмжих жилд чиглэсэн үйл ажиллагаа, хүний нөөц, санхүүгийн боломжийг зөв хуваарилан, үр дүнтэй ажиллах зүй ёсны шаардлага байгааг мэдээллээ. Энэ талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд Т.Гандигаас тодрууллаа.
-Хэлэлцүүлэг өрнүүлсэнээр хөдөө орон нутагт энэ талаарх ажлын биелэлт хэр байна вэ?
-Өрхийн хөгжлийн чилэлээр ажлыг хангалттай хийхгүй байгаа аймгууд байна. Үүнд аймгийн дарга нь ч сул, ахлах мэргэжилтнүүд ч сул байгаа нь нөлөөлнө л дөө. Төлөвлөгөөгөө ч гаргаж мэдэхгүй аймгууд харагдсан. Тэгэхээр энэ аймгуудад хатуухан сануулга, чиглэл өгөх ажил хэрэгч уулзалт боллоо. Хөдөө орон нутгаас үүрэг даалгавар биелүүлсэн, боломжийн шатандаа явж байгаа нь Өвөрхангай аймаг байсан. Өрхүүдийн мэдээллийг нэгдсэн байдлаар эмхэтгэсэн байсан. Гагцхүү иргэдийн өөрсдийн оролцоо ер нь үгүйлэгдэж байна гэдэг нь ажиглагдаж байна.
-Өрхийн хөгжлийг дэмжихийн тулд оновчтой судалгааг ихээхэн онцолж байгаа?
-Тэгэхээр аливаа ажлын үндэс суурь нь тэр талаарх мэдлэг мэдээлэл гэж хэлж болно. Ямар түвшний өрхүүд байгаа, тэдгээр нь хаана байгааг гаргаж ирэх ёстой. Үүн дээр тулгуурлаж, ямар эрэлт хэрэгцээ байгааг харж болно. Жишээлбэл, өрхийн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд ганц хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлаар зохицуулагдах юм биш. Мэдээж ажлын байрыг нэмэгдүүлэх нь чухал, гэтэл тэр өрх дотор эрүүл хүүхэд байх ёстой. Ерөнхий сайдын санаачлагаар хэрэгжиж эхлээд байгаа эрүүл хүүхдийн асуудлын түвшин энэ өрхийн хөгжлийг дэмжих бодлогтой яаж уялдуулах уу гэдэг нь мөн л чухал. Хичнээн хүүхэд суурь өвчтэй байгаа юм, вакцинжуулалтанд хамрагддаггүй айл өрх хаагуур байдаг юм бэ гэдгийг хөдөө орон нутаг, улс даяар нэгдсэн мэдээллийг гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, өрхийн хөгжлийг дэмжихийн тулд эрүүл боловсролтой хүүхэд ирээдүй болно гэдгийг орхигдуулж болохгүй.