Найман ихэр хүүхэд төрүүлсэн Надя Сулеманы талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 14 хүүхдийн ээж Надя Сулеманд АНУ-ын Калифорни мужаас сар бүр хүүхдийн тэтгэмжинд 2,000 ам.доллар олгодог нь тогтоогдсоны дараа татвар төлөгчдөөс үзэн ядсан, заналхийлсэн утгатай е-мэйл, дуудлага тасрахаа больжээ. Калифорнийн иргэд түүний ярилцлага сэтгүүлд нийтлэгдсэний дараа “Бид чиний хүүхдүүдийг тэжээх гэж ажил хийдэггүй” гэж түүнийг утсаар загнах болсон аж. Бүсгүй “Closer” сэтгүүлд нүцгэнээр зургаа авахуулсны хөлсөнд 8,000 ам.доллар авсан ч төлбөр, зээлээ төлөөд юу ч үлдээгүй гэж ярьжээ. Надя Сулеман өнгөрсөн жил Опрагийн шоунд оролцохдоо өөрийгөө хүүхэд төрүүлэх дуртай ч мөнгөнд гар султай хүн гэж тодорхойлсон байна. Бүсгүй “Closer” сэтгүүлд түүний ярилцлага гарсны дараа менежер нь байсан нэгэн бүсгүй “Бид түүний хүүхдүүдэд Зул сарын бэлэг явуулахаар хүүхдүүдийн хувцасны хэмжээг нь удаа дараа асуулгасан боловч тэр мөнгийг нь өгчих гэсэн. Түүнээс хойш бид түүнийг тусламж, дэмжлэг хэрэггүй хүн гэж бодох болсон” гэжээ. Надя Сулеманд “Vivid Entertainment” 2009 онд насанд хүрэгчдэд зориулсан кинонд тоглох санал тавьсан ч тэрбээр татгалзсан хариу өгчээ. Надя саяхнаас фитнесийн багш болохоор мэргэжлийн курст суралцаж эхэлсэн бөгөөд хүүхдүүдээ унтаж байх үеэр фитнесийн багшаар ажиллахаар төлөвлөж байгаа гэнэ. 14 хүүхэд тэжээж, өсгөж буй бүсгүйд тогтвортой ажил хийх боломж бараг гардаггүй гэнэ.
Найман ихрийн ээжийг татвар төлөгчид загнав
Н.Энх