“Тавантолгойгоо дахиад л зарчихаад ирэв үү”

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

“Тавантолгойгоо дахиад л зарчихаад ирэв үү”

Төрийн албан ёсны айлчлал бүрийн ард мэдээж хэрэг амжилттай, үр дүнтэй болов гэсэн дүгнэлт, үгүйдээ л албан тайлбар дагалддаг. Харин олон нийтийн хувьд энэ бүх айлчлалаар ямар яриа хэлэлцээрт ямар гарын үсэг зурсан гэх мэт албаны мэдээллийн нарийн ширийн нь тэр бүр ойлгомжтой бус байдаг болоод ч тэр үү төрийн өндөр дээд албан тушаалтнууд аль нэг улс оронд очоод хүндэт харуулаар угтуулаад ямар хүлээн авалтад ороод ирэв л гэх шахуу ойлголттой байдаг. Тиймдээ ч төрийн өндөр дээд тушаалтнуудаа төсвийн мөнгөөр зугаалж яваад ирэв гэсэн шүүмжлэл л хэлэх гээд байдаг шүү дээ. 

Төрийн албан ёсны айлчлал гэдэг бол зүгээр л гүйж очоод санал солилцоод ажил хэрэг яриад байх бус өмнө нь зохих албаныхны яриа хэлэлцээр, бэлтгэл ажил явагдсаны эцэст сая “тайз”-наа албан ёслол төдий нь ил харагддаг гэдгийг олон нийт мэддэггүй ч байж болох, бас мэдүүлэх шаардлагагүй ч байдаг байж болох. Дипломат албаны нарын ширийнийг жирийн бид нь ойлгохгүй өнгөрдөг нь ч бас олонтаа. Жишээлбэл, төдийгөөс өдий хүртэл, цаашид ч хөрш л байх хоёрхон улстайгаа бас л төдийгөөс өдий хүртэл сайн хөршийн гэсэн тодотголтой явж ирсэн мөртлөө өнгөрсөн жил өмнөд хөрштэйгээ харилцаагаа нэг шат ахиуллаа гэж зарласны учрыг тэр бүх анзаараагүй ч байж магад.

Мөнөөх чихэнд дасал болсон цаашид ч тийм л байх ёстой мэт байдаг сайн хөршийн хэмээх тодотголоо стратегийн түншлэлийн хэмээх нэр томьёогоор сольсныг гадаад харилцааныхан бол ихэд чухалчлан зарласан. Гүймэгхэн бодоод үзэхэд жирийн хөршийн харилцаатай байсны эн тэнцүү ижил төвшинд наймаа ярилцах хэмжээний түншүүд болсон гэдгийг ойлгоод үзэхүл бас л харилцаагаа шат ахиулсан үнэхээр ч ач холбогдолтой айлчлал болсон гэдгийг нь ухаж ойлгоход тийм ч хэцүү биш. Энэ мэтчилэн гадаад харилцааны нарийн асуудлууд л байдаг л биз.

Харин сүүлийн үеийн ямар ч албаны болоод өндөр дээд айлчлалын хувьд чих сэртхийлгэдэг болсон зүйл нь Тавантолгой хэмээх танил болоод содон үг. Ерөнхий сайд  болоод Ерөнхийлөгчийн айлчлалын талаарх тэр бүр өмнө нь анхаарал татаад байдаггүй асан албан мэдээн дундуур Тавантолгой гэсэн үг шургалаад ороод ирэнгүүт л хэн бүхний чих сэртхийдэг, сэртхийх нь ч аргагүй. Тэр тусмаа айлчлал бүрт л бидний хамгийн их сонирхдог болсон Тавантолгой хэмээх үгтэй холбоотой ямар нэгэн яриа хөөрөө сэдэрч, санамж бичиг тэргүүтэнд гарын үсэг зурах болов. Та бүхэн сүүлийн жил гаруйн турш болж байгаа төрийн өндөр дээд албаны айлчлалын албан ёсны мэдээг шүүрдээд харвал үүнийг бэлээхнээ анзаарна.

Эхэндээ тэд биднийг гуйдаг болов гэсэн олзуурхах маягийн үгээр илэрхийлэгддэг байсан тайлбар харин одоо Ерөнхий сайд ч Ерөнхийлөгч ч очсон улс болгондоо Тавантолгойгоо өмнөө барьж очоод арилждаг болов гэсэн хардлагаар солигдох ч шинжтэй. Жил гаруйхны өмнө болсон айлчлалуудад нөгөө тал Тавантолгой орд газрыг ашиглахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, манай талаас ч бүх талаар хамтрахад бэлэн байгаагаа дипломат ёсоор хариу хэлдэг байсан бол сүүлийн үед санамж бичиг, гэрээ тэргүүтэнд гарын үсэг зурав гэсэн “жинтэй” үгс сонсогдох болсноор ийм хардлага төрж байгаа хэрэг. Жишээлбэл, өчигдөрхөн эх орондоо дөрөө мултлаад байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Герман улсад хийсэн айлчлалын үеэр Эрдэс баялаг, эрчим хүчний яамны шинэ дэд сайд, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал тэргүүтэн гэрээ сэлтэд гарын үсэг зурж байгаа дүрсийг харуутаа л хэн нэг “Салхи Дамбий” /монголчуудад танил болсон хошин шогийн нэгэн дүрээр / “За, Тавантолгой дээр германчуудтай хамтрахаар болсон юм байна” гэж цуурах. Бүр даваадуулдаг нэг нь “Канадуудтай ч хамтарна, оросуудтай ч хамтарна, япончуудтай ч хамтарна гээд байсан. Одоо германчуудыг оруулаад ирж…” гээд л цуурна даа.

Харин яг уулзалт ярилцлагын албан мэдээг сийрүүлж харвал  Тавантолгойг түшиглэсэн коксын үйлдвэр байгуулах,  нүүрс шингэрүүлж түлш үйлдвэрлэх талаар ярилцсан бас гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурсан байгаа юм. Энэ мэтчилэнгээр сүүл үеийнхнээс дурдвал Япон, БНХАУ, ОХУ зэрэг улсад хийсэн төрийн айлчлалуудын хүрээнд Тавантолгойн орд газрыг хамтарч олборлож эзэмших гэхээсээ илүү дагалдах /уг нь бол хамгийн чухал нь/ буюу дэд бүтцийг бий болгох, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг нэмэгдүүлэх гэх мэт төслүүд илүү яригдсан, хэлэлцэгдсэн байдаг. Гэтэл бидний мэтийн “Салхи Дамбий” нарт болохоор Тавантолгойг л зарж идэх гээд тал тал тийш айлчлал хийгээд гүйгээд байх мэт харагдах. Үнэхээр ч тэд биднийг тоож, бид тэдэнд үнэрхэх болсон гол шалтгаан нь Монголын байгалийн баялаг тэр тусмаа дэлхийд томоохонд тооцогдож буй, олборлолтоо хийж эхлэх гэж дуншиж буй Тавантолгойн орд. Айлчлалын гол асуудлууд нь ч Тавантолгойг тойрч буй нь тодорхой. Харин өнөөхөндөө албан ёсны айлчлалын хамтран ажиллах саналуудыг Тавантолгойгоо зарж идэв гэж хардаад яахав. Үгүйдээ л албан ёсоор зарлаж байгаад хийж байгаа гэрээ хэлэлцээр. Харин дэлхийн хаана ч монголчуудыг үнэд хүргээд байгаа Тавантолгойн орд газрынхаа их олборлолт /одоо эхлүүлээд байгаа Зүүн Цанхийн олборлолтыг тооцоод/-ыг эхлүүлж, их ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах стратегийн шийдэл хаана байна вэ гэдгийг асуух нь зүйтэй болов уу? Өөрөөр хэлбэл, дэлхийгээр нэг гайхуулаад, уулаар бол бэл хормойнх нь чулуу шороог эмхлүүлэх төдий ажлаа бүтээгээд гэрээ байгуулаад яваад байдаг, харин стратегийн түншээ тодруулах гол ажил яасан бэ, ямар шатандаа явна вэ, хэзээ эцэслэн шийдэх вэ л гэж асуумаар байгаа хэрэг л дээ? Хамтарсан Засгийн үед л хэлэлцээрийн шатанд явж байна гэгдэж дуншиж байсан, засаг задраад бүр яах нь мэдэгдэхээ байсан бодлогын шийдэл хэзээ гарах бол?  

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж