“Дисс тү жоорналистс”

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

“Дисс тү жоорналистс”

Хип хопчид биендээ “Diss” хийцгээдгийг та нар мэдэж байгаа байх. Цэцээ гэж нөхөр Жийг, Жий нь Цэцээгийнхээ сул тал, алдаа оноог шуудхан л хэлчихнэ. Нэг хүний тухай биш нийтлэг залуусын хэв маягийг цаагуураа хэлнэ. Бүдүүлэг үг хэллэг ашиглах байсан ч хамаагүй хэлмээр үг байвал хэлж л орхино. Гэхдээ бие биедээ хандаж хэлсэн үгнээс нь авах зүйл их тул сонсогчдод нь таалагдаж, энэ нь хип хопийн нэг төрлийн жанр болчихсон хөгжсөөр л явна. “Чамайг унтаж байхад чи хичээл дээрээ. Хөлсөөрөө олсон мөнгөө хөлөндөө углаж байна. Хоногийн зургаан цагт нь би унтана, бусад цагт нь сэргэлэн” гээд өөрийгөө өөд нь татаад нэгнийгээ хөөрхөн шоглочихно. Эдгээр дуунууд нь хараалын үгсээр дүүрэн ч “Бусдын бүтээлийг битгий хуулбарла. Унтаж байх хооронд чинь ажиллаж байгаа хүн илүү зүйл бүтээж байна. Чи өөрийнхөөрөө бай, бусдыг бүү дуурай” зэрэг авчихмаар санаа нэлээдгүй. За ингээд “дисс” гэдгийг мэдэхгүй нэгэнд нь тайлбарлах гээд жаахан сунжирчихлаа. Гол асуудалдаа оръё. Гол асуудлаас өмнө, “энэ чинь хэн болчихоод сэтгүүлчид рүүгээ дайраад байгаа юм бэ гэж бодож байгаа бол эндүүрсэн байна” гээд хэлчихье. Намайг ингэж шуудхан хэлэхээс өмнө цаагуураа нэг нэгнээ дисслээд л байгаа шүү дээ.

Шинэхэн хип хопчид өөрсдийгөө таниулахын тулд анхны архагуудаа дисслэж, хэрүүл өддөгийн адил хэний ч сонсоогүй автораас Баабар,  Шархүү мэтийнхний нийтлэлийн араас үг чулуудах, нийтлэл бичсэнийг нь асуудал болгох нийтлэлчид олшров. Эсвэл “манай Ээгий ерөнхийлөгч нэг удаа надад”, “С.Баяр хөгшөөн тийм юм байдаггүй юм”, “Хүрэлсүх бид хоёр”, ”“хэвлэлийн магнатынхаа хувиар улс төрийн магнат таньтай уулзаж байгаагийнхаа хувьд” гэх зэргээр ярилцлага авахдаа өөрсдийгөө гол дүр болгох ч “мода” ид дэлгэрч буй бололтой. Хэдий өөрсдийгөө “хөөргөх” нь диссийн нэгэн утга учир мөн ч үнэмшихийн аргагүй түүх зохиох, уянгын халилаар үнэнийг баллах, хэрээг цагаанаар будах эрх ямар ч сэтгүүлчид байхгүй. 

Хип хопчид нэгнийгээ хайрын дуунаас өөр зүйл дуулдаггүй гэж хатуухан шүүмжилдгийн адил “жоорналистс” дунд ч мөн үргэлж нэг дуу дуулдаг нь бий. Угтаа тэдэнд шуудхан хэлэхэд, олиггүй юм бичиж суухаар огт бичихээ больчихсон нь дээр.  Муухан, сенсаацлах гэж оролдсон муухан бичлэгээс чинь болж үндсэн асуудал улам бүдгэрч байна. Бараг сэтгүүлч бүхэн цөмийн хаягдал булах нь гэж бичсэнээс болж жин­­хэнэ баримт­тай мэ­дээл­лийг хэн хэзээ хөндөж тавьсныг ч мэдэх ар­га­гүй болсон нь үнэн биз дээ. Ингэж жин­хэнэ үнэнийг төө­рөгдүүлсэн сэ­дэв цаана нь зөндөө бий.

Өө бас, Нэртэйгээр нь сэт­гүүлчид шүүхийн шийдвэрээс өмнө дүгнэлт гаргаж болно гэж хэлчихээч. Үндсэн хууль уншиж үзээгүй байж болно, гэхдээ л сэтгүүлч хүн юм бол “шүүхээс гэм бурууг нь тогтоотол хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй” гэх заалтыг мэддэг баймаар юм.  “Хүчиндэгч Н.Мөнх-Оргилийн шүүх хурал болно”, “Эх орноосоо урвасан Ц.Жаргалсайханы бие муудлаа” гээд л хэзээний гэм бурууг нь тогтоочихсон тууж явна. ”Ёстой л Rokit bay -гийн хэлдэг шиг “дахиад ингэвэл ээж аавд чинь муу мэдээ хүргэнэ шүү” гэмээр санагдана шүү дээ. Ээ дээ ингээд хэлээд байвал манайхаан, дисслээд байх зүйл байгаад л байна шүү. Урд нь байх ёстой ганц зүйл хэлээд төгсгөчих үү. Улс төрчдөөс салах юмсан.

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж