“Инээж буй хүүхэд Монголын ирээдүй”

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

“Инээж буй хүүхэд Монголын ирээдүй”

“Би аюулгүй, цэвэр орчинд сурч, боловсрох эрхтэй. Харамсалтай нь үе тэнгийн маань олон хүүхэд өнөөдөр энэ эрхээ эдэлж чадахгүй байгаа. Ирээдүйд хүүхэд бүхэн энэ эрхээ эдэлж, хүнд хүчир ажил хийхгүй байгаасай гэж хүсдэг”. Энэ бол 12 настай хүүгийн хүсэл. Үе тэнгийн найзуудаа хөдөлмөр эрхлэхийг болиулж, сурч боловсроход нь санаа зовсон жаал хүү.  

Хүүхдийн эрхийг хамгаалах талаар олон ажил хийсэн

Дээр өгүүлсэн хүүгийн хүсэл биелэгдэхэд тун ойрхон  байгааг албаны хүмүүс ярив. Харин “Нарантуул” зах дээр очоод харвал харин ч эсрэгээрээ. Гэсэн ч өнгөрсөн жилийн байдлаар хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн тоо 63,4 хувиар буурсан гэх мэдээлэл байна. Мөн зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо тодорхой хэмжээгээр буурсан гэдгийг ч албаны хүмүүс хэлсэн юм. “Өнгөрсөн жилийн гуравдугаар сараас хойш хүүхдийн эрхийг хамгаалах талаар олон ажил хийсэн. 21 аймгийн хүүхдийн байгууллагууд ч энэ ажилд идэвхийлэн оролцсон. Бид тодорхой ажлуудыг жил дараалан хийх болно” гэж Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга Д.Алтай ярилаа.

Хүүхдийн ордны хурлын танхимд өчигдөр хүүхдүүдэд тулгарч буй асуудлын талаар багачууд, томчууд  хуралдав. Харин үүдэнд нь хүүхдүүдийн зурсан зураг, наамал, хатгамалын үзэсгэлэн гарчээ. Тэд хүсэл мөрөөдөл, эх түүх, ирээдүйгээ өөрсдийн бүтээлээрээ томчуудад ойлгуулахыг хүссэн бололтой. Эцэг эх, багш нараа дагуулж ирсэн хүүхдүүд л тус чуулганы “утга учир нь” байлаа. Харин хурлын танхимд хийсэн ажлаа тайлагнаж буй даргын илтгэлээс залхсан бололтой, тэд нэг, нэгээрээ сэмхэн гарч харагдсан. Үнэндээ хүүхдүүд хэн нэгэн даргын хуурайдуухан илтгэлийг сонсохын тулд энд ирээгүй байх л даа.

“Би мэдээгүй”

Үе тэнгийнхэн нь дарга нарын чихэнд өөрсдийнх нь бэрхшээл, зовлонг хүргэхээр чуулж буйг зах дээр тэрэг түрдэг жаалууд мэдээгүй байна лээ. Тэд уг нь өөрсдөө байсан бол илүү ихийг ярих байсан биз. Хэдийгээр бага насны хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн тоо буурсан талаар албаны хүмүүс ярьж байгаа ч “Нарантуул” зах дээр таван жилийн турш тэрэг түрсэн жаалхүү одоо ч тэндээ ажилласан хэвээр байна лээ. Түүнээс уг чуулганд яагаад оролцоогүйг асуухад “Би мэдээгүй шүү дээ. Тэгээд ч тэнд худлаа ярьдаг хүмүүсийн үгийг сонсч сууснаас оройны хоолныхоо мөнгийг олоод ээжийгээ, дүү нараа баярлуулсан нь дээр. Дарга нар бид нарыг ямар тоох биш” гэж Д.Түвшин нэртэй  тэр жаал хэвлүүхэн хариулсан. Гэхдээ бодлоо өөрчилсөн бололтой, “Хэрвээ тийм хурал болоод намайг урьсан бол би шууд л очно. Надад юу тулгарч байгаагаа хэлэхийг үнэхээр хүсч байна” хэмээн санаа алдангуй өгүүлнэ лээ.  Дарга нар тавьсан тайлангаа хүүхдүүдийн халуун алга ташилтаар “мялаалгаж” суухад харин асуудалтай эзэд нь энэ талаар юу ч мэдээгүй байх.  Өнгөрсөн оны судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 6950 хүүхэд хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа гарчээ. Үүнээс тэвчишгүй хөдөлмөрийн тоонд багтах хүнд хөдөлмөрийг 1200 хүүхэд эрхэлдэг гэсэн судалгаа гарсан байна. Хэдийгээр судалгаагаар ийм тоо гарсан ч амьдрал дээр яг хэд байгааг хэн ч мэдэхгүй. Мөн 2011 онд гэхэд зам тээврийн ослоор 12 хүүхэд хорвоог орхиж, 879 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн байна.

Монгол Улсын Засгийн газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Онцгой байдлын ерөнхий газар, Замын цагдаагийн ерөнхий газар, Дэлхийн зөн Монгол зэрэг байгууллагуудын санаачилсан “Хүүхэд насаа хайрлая” үндэсний чуулган өчигдөр Монголын хүүхдийн ордонд ийнхүү болж өнгөрсөн юм. Энэхүү үндэсний чуулганд 21 аймгийн 250 гаруй хүүхэд хүрэлцэн иржээ. Гэхдээ тэднийг хөдөлмөр эрхэлдэг гэж эндүүрэв зээ. Төрд ажилладаг томчуудад үгээ хүргэхийг хүссэн хүүхдүүдийн төлөөлөл. Тэнд тэрэг түрдэг, бохь зардаг, гудамжинд дуу дуулдаг, хог түүдэг нэг ч хүүхдийг оролцуулж үгийг нь, үнэнийг сонсоогүй нь л хамгийн харамсалтай байлаа. 

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж