-Монгол Улс хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжихээ зарлалаа. Гэтэл зарим хүмүүс эрчим хүчний салбарыг хувьчлахгүйгээр эдийн засгийг “ногооруулж” чадахгүй хэмээн шүүмжилж буй. Энэ талаар та ямар бодолтой байна?
-Өнөөдөр дэлхийн улс орон хүрэн эдийн засгаас татгалзаж, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарах болсон байна. Монгол Улс ч гэсэн дэлхийн улс орнуудын адил хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих бодлого баримталж буй нь сайн хэрэг. Ногоон эдийн засагт шилжинэ гэдэг маань ногоон эрчим хүчийг хөгжүүлнэ гэсэн үг. Улс орнууд нар, салхи, уснаас цахилгаан, дулаан гаргаж авахыг илүүд үзэж байгаа. Монгол Улсад нар, салхи, уснаас эрчим хүч гаргаж авах хангалттай нөөц бий. Энэ оны сүүлээр гэхэд 50 МВт-ын салхин парк байгуулах байх. “Ньюком” групп өөрийн хөрөнгө оруулалтаар уг салхин паркийг барьж байгаа. Энэ парк баригдчихвал Монгол Улсын эрчим хүчний салбарт томоохон ахиц, дэвшил гарна. Мөн түүнчлэн Сэлэнгэ мөрөн, Эгийн гол дээр 250-350 МВт-ын усан цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа. Ерөнхийдөө Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих судалгаа хийж байна. Судалгаа хийгдсэний дараа үндсэн ажлаа эхлүүлэх юм. Дээрх ажлууд хэрэгжвэл Монгол Улс эрчим хүчний хувьд бусдаас хараат бус болно. Зарим хүн эрчим хүчний салбарыг хувьчлах хэрэгтэй гэсэн байр суурьтай байдаг л даа. Хүн хүний хувийн бодол шүү дээ. Гэхдээ эрчим хүчний салбарт хувийн хөрөнгө оруулалт огтхон ч хийгддэггүй гэж ойлгож болохгүй. Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх Сүлжээ хувьчлагдаад нэлээд хэдэн жил үр дүнтэй ажиллаж л байна. Дээр хэлсэн салхин паркийг хувийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа. Бас дээр нь хэд хэдэн компани салхин парк байгуулах зөвшөөрлөө манайхаас авсан. Эрчим хүчний салбарыг хувьчлахад эхлээд маш сайн судалгаа хийхгүй бол хэцүү. Бид өмнөх алдаагаа давтах ёсгүй юм.
-Ямар алдаа вэ?
-Багануурын дулааны цахилгаан станцыг өмнө нь хувьчилсан. Харамсалтай нь, маш үр дүнгүй ажил болсон л доо. Тиймээс уг станцыг төр эргүүлэн авсан шүү дээ. Эрчим хүчний салбар бол улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц салбар. Нэг компани эсвэл дэлгүүрийг хувьд гаргахад амархан байх л даа. Харин эрчим хүчний салбарыг сэтгэлийн хөөрлөөр хувьчилдаг асуудал биш ээ. Зөв л хувьчлахгүй бол улс орны эдийн засагт ч аюултай. Эрчим хүчний салбарыг дан төр хариуцаад явах боломжгүй. Гэхдээ бүгдийг нь бас хувьчлах нь дэмий. Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ, зарим томоохон эх үүсвэр нь төрийн мэдэлд үлдэж болох юм. Хувьчлалын нэг гол зорилго нь өртөг зардлыг бууруулж үр ашгийг дээшлүүлэх явдал гэдгийг мартаж болохгүй.
-Эрчим хүчний хэрэглээ өдрөөс өдөрт өсч байна. Барилга, уул уурхайн салбар хөгжихийн хэрээр эрчим хүчний салбарын ачаалал нэмэгдэх боллоо?
-Улс орон хөгжих тусам эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгддэг. Манай улс өдрөөс өдөрт хөгжиж байна. Улаанбаатар хотод эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсч байна. Тиймээс эрчим хүчний шинэ эх үүсвэрийг яаралтай барих нь хамгийн түрүүнд шийдвэрлэх асуудал болчихоод байгаа. Засгийн газраас тавдугаар цахилгаан станц барихаар бэлтгэл ажлаа эхлүүлээд байна. Цаг алдалгүй энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол эрчим хүчний салбар цаашдаа ачааллаа дийлэхгүйд хүрч магадгүй. Одоохондоо бол эрчим хүчний салбар боломжийнхоо хэрээр асуудлыг шийдвэрлээд яваа. Аль ч улс орны хувьд эрчим хүчний салбар амин чухал байдаг. Монгол Улсын хувьд үндсэндээ эрчим хүчээ нүүрснээс, багахан хэсгийг нь нар, ус, салхинаас үйлдвэрлэж байгаа. Хаа очиж бидэнд нүүрсний хангалттай нөөц байна. Мөн сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хангалттай боломж байгаа. Үүнийгээ ашиглахад бусдаас гуйлга гуйхгүйгээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн дүүрэн хангах бололцоо бий. Хэдхэн жилийн өмнө хөдөөгийн малчид лааны гэрэлд амьдардаг байлаа шүү дээ. Одоо хар, хотынхноос дутахгүй, гэрэл цахилгаантай, зурагтаа үзээд сууж байна. Энэ бол Монголын эрчим хүчний салбарт гарч байгаа ахиц дэвшил гэж бодож байна. Ялангуяа төвийн цахилгаан системээс алслагдмал, нүүдэлчин амьдралтай монголчуудад сэргээгдэх эрчим хүчний ашиг тус их шүү дээ. Хүн хийе гэвэл болохгүй, бүтэхгүй зүйл байдаггүй юм.
-Тавдугаар цахилгаан станцын асуудал юу болж байгаа вэ. Хэдэн жилийн өмнөөс л тавдугаар цахилгаан станцын сураг дуулдаад байдаг. Гэтэл өнөө хэр баригдсангүй?
-Төрийн өмчийн хорооноос тавдугаар цахилгаан станц барих тендерийг зарласан. Эхний шалгаруулалтад маш олон компани оролцсон гэж сонссон. Тэднээс одоогоор дөрвөн компанийг үлдээсэн юм билээ. Эцсийн шалгаруулалт ирэх тавдугаар сар гэхэд дуусчих байх. Өөрөөр хэлбэл, тавдугаар цахилгаан станцыг барих тендерийн ялагч тавдугаар сард тодрох болов уу.
-Засгийн газраас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Гэтэл зарим мэргэжилтнүүд 100 мянган айлын орон сууц барьчихлаа гэхэд эрчим хүчний бэрхшээл тулгарна гээд байгаа. Үүнийг шийдэх боломж байгаа болов уу. Үнэхээр Улаанбаатар хотын эрчим хүчний асуудал хүндэрсэн үү?
-Өнөөдрийн хувьд Улаанбаатар эрчим хүчний дутагдалд ороод хэцүүдсэн юм алга. Цаашдаа эрчим хүчний хэрэглээ өсөхийн хэрээр эх үүсвэр нэмж барих шаардлага гарах байх. Гэхдээ тавдугаар цахилгаан станцыг барьчихвал 100 байтугай мянган айлын орон сууц барьсан ч хангалттай байх юм. Хамгийн гол нь тавдугаар цахилгаан станц барих ажлыг яаравчлах шаардлагатай байгаа юм. Монголчууд юун дээр хугацаа алддаг вэ гэхээр шийдвэр гаргах төвшинд ярьж, маргалдсаар байгаад хамаг цагаа алддаг. Төрөөс эрчим хүчний салбарыг өргөжүүлэх үүднээс зарим ажил хийж байна л даа. Дарханы дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар өргөтгөх ажил энэ жилээс эхэлж ирэх жил дуусна. Чандаганы нүүрсний уурхайг түшиглэн 600 МВт хүчин чадалтай цахилгаан станц хувийн хөрөнгө оруулалтаар барих тусгай зөвшөөрөл олгогдсон. Дөрөвдүгээр цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал ч яригдаж байгаа.
-Тэгэхээр тавдугаар цахилгаан станц барьчихвал “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ямар ч асуудалгүй гэсэн үг үү?
-Тийм, ямар ч асуудалгүй. Тэгээд ч “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр 2016 он хүртэл шат дараатайгаар хэрэгжих юм билээ. Тэр болтол тавдугаар цахилгаан станц ашиглалтад орчихсон байх байлгүй дээ.
-Эрчим хүчний салбарынхан байнга л алдагдал ярьдаг. Тэгээд тэр алдагдлаа ард түмний нуруун дээр тохчихдог. Хэрэглэгчид хэзээ цахилгаан, дулааны үнийг бас нэмчих бол гэж бас айдаг…?
-Эрчим хүчний салбар үнэхээр алдагдалтай ажиллаж байгаа. Гэхдээ алдагдлаа ард түмний нуруун дээр тохдог гэж хэлж болохгүй. Хэрвээ хувийн нэг компани байсан бол дуртай үнээ хэлнэ биз дээ. Бид бүр болохоо байсан тохиолдолд нарийн судалгаа, тооцоон дээр үндэслэж үнэ тарифтаа өөрчлөлт оруулдаг. Өнгөрсөн жил цахилгаан, дулааны үнийг нэмсэн. Өнөөдрийн байдлаар цахилгаан дулааны үнэ тогтвортой байгаа. Төрөөс төвийн бүсийн эрчим хүчний алдагдлыг нөхөх зорилгоор жилдээ 15 тэрбум төгрөгийн татаас сүүлийн хоёр жил өгч байна. Бидний хувьд ард иргэддээ дарамт учруулахгүй замаар шат дараатайгаар цахилгаан дулааны үнийг аажмаар нэмээд 2014 он гэхэд эрчим хүчний салбарт үнийг өртөгт нь хүргэж алдагдалгүй байлгах бодлого барьж байна.Засгийн газрын зүгээс 2014 он хүртэл татаас өгөөд түүнээс хойш өгөхгүй гэдгээ мэдэгдсэн, тэр болтол ард түмэнд дарамт учруулахгүйгээр шат дараатай, нарийн судалгаатайтайгаар үнийг өөрчлөөд 2014 он гэхэд эрчим хүчний салбар биеэ даагаад явах ёстой.
-Эрчим хүчний салбар дахь үнийг чөлөөлснөөр харин ч ард түмэнд дарамт учрах биш үү. Өнөөдөр л гэхэд хэрэглэсэн цахилгаан, дулааныхаа мөнгийг төлж чадахгүй эрчим хүчний хэрэглээгээ хязгаарлуулсан өрх цөөнгүй байгаа. Ядуурал ихтэй манай улсын хувьд эрчим хүчний үнийг чөлөөлөх нь иргэдэд дарамт болох байх?
-Ерөнхийдөө хоёр жилийн дараа ахуйн хэрэглээ нэг кВт.ц нь 115 төгрөг байхаар тооцож байгаа. Гэхдээ сардаа 150 кВт.ц цахилгаан хэрэглэдэг айлын үнэ тариф өнөөдрийнхөөс нэг их өөрчлөлт орохгүй. Түүнээс дээш цахилгаан хэрэглэдэг айлуудын эрчим хүчний хэрэглээг цаашдаа нэг кВт нь 115 төгрөг байхаар тооцож байгаа.
-Монгол Улс эрчим хүчийг Хятад, Оросоос худалдаж авдаг. Тавдугаар цахилгаан станц баригдаж, сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжсэн тохиолдолд гаднаас цахилгаан худалдаж авахгүй байх боломжтой юу?
-Монгол Улс гаднаас эрчим хүч худалдаж авдаг нь үнэн. Ямар ч байсан одоохондоо энэ хэвээрээ л байх болов уу. ОХУ-аас цахилгаан эрчим хүч худалдан авах нь дан ганц хатуу түлш нүүрсээр ажилладаг эх үүсвэрүүдтэй манай улсын хувьд системийн найдвартай, тогтвортой ажиллагааг хангадаг учиртай юм. Монгол Улс жилдээ 4,4 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч боловсруулдаг. Харин 210 сая кВт.ц-ыг гаднаас авдаг юм. Үүнийг харьцуулахад хамаагүй бага байгаа биз дээ.
-Монгол Улсын эрчим хүчний салбар хөгжлийн шинэ шатандаа ирж байгааг зарим мэргэжилтнүүд ярьдаг. Гэтэл танай салбарт тэр гэрэл гэгээ нь өнөөхөндөө харагдахгүй л байна шүү дээ?
-Салбарын хөгжлийг үе шаттайгаар дүгнэвэл, 2008-2011 онд эрчим хүчний салбарт тоног төхөөрөмж, технологийн засвар өргөтгөл, шинэчлэлийг хийж найдвартай ажиллагаагаа дээшлүүлсэн. Бүс нутгийн эрчим хүчний системүүдийг эх үүсвэрээр хангах зарим бэлтгэл ажлыг хангасан байгаа. 2011-2016 онд жилээс жилд өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах эрчим хүчний системийн томоохон эх үүсвэрүүд, дамжуулах өндөр хүчин чадалтай гол шугамууд шинээр барих төслүүдийг хэрэгжүүлнэ. Энэ үе нь Монголын эрчим хүчний салбарт байгаль орчинд халгүй, орчин үеийн үр ашиг бүхий шинэ техник технологитой эх үүсвэрүүд бий болсон, салбарын хөгжлийг шинэ шатанд гаргасан технологийн дэвшлийн үе байх болно гэж тооцож байна.