Ногоон гэрлээр батлагдах донорын хууль

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Ногоон гэрлээр батлагдах донорын хууль

Энэ долоо хоногт УИХ-ын хав­рын ээлжит чуулган хуралдах бөгөөд хэд хэдэн хуулийн төслийг батлахаар төлөвлөжээ. Ин­гээд УИХ-ын даргын захирамж гарч хэлэлцэх асуудлын дарааллыг баталсан юм. Хамгийн түрүүнд хэлэлцэх хуулийн төсөл нь Байгаль орчны багц хуулиуд болох 10-н төсөл багтсан бөгөөд ямар өөрчлөлт хийж буй талаар өмнө нь манай сонин дэлгэрэнгүй танилцуулсан. Энэ удаад жагсаалтын хоёрт бичигдсэн Донорын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс ямар өөрчлөлтийг хүлээж болох талаар хүргэж байна. Уг хуулийн төсөл нь хэлэлцүүлэгт орж ирснээс хойш “ногоон гэрлээр” явж байгаа  юм. Тиймээс ч “зайлшгүй батлах шаардлагатай” гэх дардастайгаар чуул­ганы  хэлэлцэх асуудлын нэлээд урдуур хэлэлцүүлэхээр болжээ.

ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛСАН НЬ

Сүүлийн жилүүдэд манай оронд эд, эрхтэн шилжүүлэн суулгах /бөөр, үе, нүдний эвэрлэг, ясны чөмөг, үүдэл эс, зүрх судас, элэг, мэдрэлийн судас, арьс/ мэс засал эмчилгээний тоо нэмэгдэх болсон гэнэ. Гэтэл эдгээр мэс ажилбарыг хийхэд ганц асуудал үүсдэг нь шилжүүлэн суулгах эрхтэн аж. Гэвч ийм эрхтэнг хуулийн дагуу зөвхөн ах, дүү, төрөл төрөгсдөөс сонгох ёстой болдог байна. Хэдий эдийн тохироо нь нийцэх эд, эрхтэнээ бэлэглэхийг хүссэн эрүүл хүн байсан ч хамаатан биш л бол яаж ч болдоггүй гэнэ. Өмнө нь буюу 2000 онд батлагдсан Донорын тухай хууль нь иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахын тулд хүмүүнлэг сэтгэлээр сайн дураараа цус, эд эрхтэнээ үнэ төлбөргүй өгөх, донорын цус, эд эрхтэнг эмчилгээний зориулалтаар хэрэглэхээр авах, боловс­руулах, хадгалах, тээвэрлэх, хэрэг­лэх, экспортлох, импортлох донорын үйлсийг сурталчлах, түүнд иргэдийг татан оролцуулахтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа боловч иргэдийн эрүүл мэнд, амь насыг аврахын тулд сайн дураараа хүмүүнлэг сэтгэлээр эд эрхтэн, цусаа үнэ төлбөргүй өгөх тухай зохицуулалт байгаа ч төрөл төрөгсөд гэх ганц шалгуур хязгаар болчихдог байна. Мөн хуулийг шинэчлэхийг ДЭМБ-ын зөвлөж, Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2009 оны 38 дугаар тогтоол дээр ч энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэний дагуу хуулийн төслийг боловсруулжээ.

ЗАСГИЙН ГАЗРААС ДЭМЖЛЭГ ХҮЛЭЭВ

Аливаа хуулийн төслийг боловс­руулснаа Засгийн газрын хуралдаанд оруулж, холбогдох яамдаас санал авч УИХ-д илгээдэг журамтай. Энэ журмын дагуу хуулийн төс­лийг Засгийн газрын 2011 оны арван­хоёр­дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанд оруулан хэлэлцсэн билээ. Хурлын талаарх мэдээллийг тухайн үеийн Эрүүл мэндийн сайд С.Ламбаа өөрийн твиттер хуудсандаа “Засгийн газрын хуралдаанаас “Донорын тухай хуульд нэмэлт өөрч­лөлт оруулах тухай” хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ” хэмээн бичжээ.

ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИВ

Засгийн газраас дэмжлэг авсан төслөө Эрүүл мэндийн сайд С.Ламбаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барив. Энэ нь 2012 оны нэгдүгээр сарын 20 байв. “Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2009 оны 38 дугаар тогтоолоор Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар баталсан нь “Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг боловсруулах хууль зүйн үндэслэл болсон. Мөн хуулийн төслөөр донорын цус, эд эрхтэнийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхээр авах, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, экспортлох, импортлох донорын асуудлын хууль эрх зүйн тогтолцоог сайжруулах тухай төсөлд тусгасан” гэж сайд УИХ-ын даргад танилцуулав. УИХ-ын дарга хэлэлцэх журам ёсоор холбогдох байнгын хороод хэлэлцээд явах болно гэдгийг амлалаа.

БАЙНГЫН ХОРОО ТӨСЛИЙГ “ХЭЛЭЛЦЭЦГЭЭЕ” ГЭВ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2012 оны хоёрдугаар сарын 1-ний хуралдаан. Хуулийн төслийн танилцуулгыг ажлаа хүлээж аваад удаагүй байгаа Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар хийсэн юм. Тэрбээр, одоо мөрдөж байгаа Донорын тухай хууль нь донор шилжүүлэх тухай зарим эрх зүйн харилцааг зохицуулах тал дээр дутагдалтай. Тодруулбал, зөвхөн төрөл садангууд хоорондоо донор болох заалттай байгаа нь иргэдэд зайлшгүй донор шаардлага гарсан үед хүндрэл учруулдаг. Тиймээс сайн дурын үндсэн дээр донор болж болдог байх, эд эрхтэний болон цусны донорын тухай ойлголтуудыг жигдлэх гэх мэт зорилгын үүднээс энэ хууль батлагдсан гэв. Эрүүл мэндийн сайд солигдсон хэдий ч эрүүл мэндийн салбарын чухал хуулийн төсөл зогсох ёсгүй гэж хуралд оролцогчид онцолж байсан бөгөөд шинэ удирдлагатай болсноор өмнөх ажил зогсдог явдал энэ хуулийн төсөл дээр харин давтагдахгүй нь тодорхой болов. Түүнчлэн “донортой холбоотой санхүүжилтийг төр хариуцна гэсэн заалт одоогийн хуульд байгаа ч мөнгө нь ямар шугамаар орж ирэх нь тодорхойгүй. Улмаар санхүүжилт гацдаг” гэсэн шүүмжлэлийг Цусны сэлбэлт судлалын үндэсний төвийн дарга Д.Улаанхүү танилцуулж хуулийн зохицуулалт шаардаж буйг онцолсон юм. Тогтоолын төслийг хэлэлцэхийг 100 хувийн саналаар дэмжиж намрын чуулганаар амжаад батлуулах нь зүйтэй гэцгээж байв.

НАМРЫН ЧУУЛГАНД АМЖСАНГҮЙ

2012 оны хоёрдугаар сарын 16-ний пүрэв гариг. Эрүүл мэндийн үеийн сайд асан С.Ламбаа, Л.Гүндалай нар чуулганы нэгдсэн хуралдаан дээр “нэгдэж” байсан нь Донорын тухай хуулийн өөрчлөлтийг намрын чуулган завсарлахаас өмнө амжаад батлах санал байлаа. Энэ талаар гишүүн С.Ламбаа “Одоо 23, 24-нд элэг шилжүүлэн суулгах гээд хууль гарахыг хүлээж буй хүмүүс байна. Энэ хууль хүн амын эрүүл мэндтэй холбоотой асуудал болохоос биш улс төржүүлэх зүйл байхгүй” гэж учирлаад хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахыг хүсч байв. Гэвч чуулган завсарлах дөхсөн үед дахиж шинээр төсөл нэмж оруулахгүй гэж УИХ-ын дарга үзсэн тул тус хууль ирэх чуулганыг хүлээхээс аргагүй болов. Харин УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Одоо гишүүд ингээд яваад өгнө. Тэгээд дөрөвдүгээр сард ирнэ. Ирэнгүүтээ сонгууль гээд бас л яваад өгнө. Тэгээд сонгуулийн шоугаа хийнэ. Шоу дуусангуут “долдугаар сарын 1” болно. Ийм байж болохгүй. УИХ хуралдах дөрвөн сарын хугацаа л байна. Энэ хугацаанд жижиг гэлтгүй энэ хуулийг баталмаар байна” гэж эсэргүүцэж байв.

ЖАГСААЛТЫН ХОЁРТ БИЧИВ

Намрын чуулган завсарладгаараа завсарлаж, ээлжит бус чуулган дундуур нь хуралдсан ч сонгуулийн хуультайгаа ноцолдсоор мөн л дуусав. Ингээд хаврын чуулган эхлэх цаг ч ирэв. Дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийх УИХ-ын хаврын чуулганаар ямар асуудлуудыг хэлэлцэх тухай Монгол Улсын Их Хурлын даргын захирамж гарав. Дугаар 47. “Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг дор дурдсанаар тогтоосугай: 1.Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг дор дурдсанаар тогтоосугай: 1/ Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах багц тухай хуулийн төслүүд; 2/ Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” гээд цааш үргэлжилжээ. Хэлэлцүүлгийн шат бүрт дэмжлэг хүлээж байсан уг хуулийн төсөл удахгүй УИХ-ын хэлэлцүүлэгт орно. Гишүүдийн зүгээс “аль хэдийн батлах ёстой байсан” гэх үнэлгээтэй хууль тун удахгүй батлагдах нь ийнхүү ойлгомжтой болж байна. Энэ хуулийг хүлээж буй хүмүүст хэлэх зүйл байна. “Удахгүй боломжтой болно” гэж.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж