Ялалт, бас ялагдалд хүргэх намын “лист”

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Ялалт, бас ялагдалд хүргэх намын “лист”

Нэг. Тавин саяын татвар

Ардчилсан намын гишүүд, нэр дэвшигчдийн сонгууль болгоноор толгой өвтгөдөг ганц асуудал нь нэр дэвшигчдээс авдаг 50 сая төгрөгийн татвар. УИХ-ын сонгуульд нэр дэвшихийн тулд намынхаа Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-нд сонгогдсон байх ёстой, намынхаа анхан шатны байгууллагаас. ҮЗХ-ны гишүүний жилийн татвар нь бас нэг сая төгрөг. Дээр нь намынхаа хороонд жил бүр 100 мянган төгрөгийн татвар төлөх ёстой. Ингээд нэг нэр дэвшигчид ноогдох татвар 54 сая 400 мянган төгрөг болж байгаа юм. Мэдээж хувийн томоохон бизнесгүй, сарынхаа цалингаар амьдардаг, судалгаа шинжилгээ, олон нийтийн байгууллагын ажил эрхэлдэг хүнд бол ахадсан л тоо. Гэхдээ ядаж байхад энэ татварынх нь мөнгөөр нам нь сонгуулийнхаа фонн сурталчилгааг босгодог гэж байгаа. Ямар МАН-тай адил төрийн мөнгөөр сонгууль хийгээд сурчихсан биш. Тэгэхээр нэр дэвшигчдийн хувьд “Надад 50 сая төгрөг байхгүй” гэж намдаа гомдоллох нь үр ашиггүй зүйл болж байгаа юм. Харин энэ мөнгийг яаж босгох вэ гэдэг нь асуудал. 

Өнгөрөгч 2008 оны сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшээд ялагдсан Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн Р.Бурмаа СЕХ-той жил гаруй заргалдаж, гурван шатны шүүхээр явж байж “2008 оны сонгуулийн дүнд өөрчлөлт оруулахуйц хэмжээний булхайг СЕХ-ны дарга Х.Баттулга эрх мэдлээ ашиглан зохион байгуулжээ” гэдэг дүгнэлтийг ҮДШ-ээс гаргуулж чадсан билээ.

2008 оны УИХ-ын сонгуулиар “МАХН-д долоон тойргоо луйвардуулчихлаа” хэмээн тухайн үеийн Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж мэдэгдэж, тойргууд дээр саналыг дахин тоолох, тооллогын дүн зөрсөн тохиолдолд санал хураалтыг дахиулахаар шахаж байсан. Гэвч Ардчилсан намынхнаас хэн нь ч Р.Бурмаа шиг бүтэн жилийн турш шүүхээр явж, СЕХ-г яллаж чадаагүй л юм даа. Тэгэхээр шударга ёс, шударга сонгуулийн төлөө тэмцэж ялсан Сонгогчдын боловсрол төвийн тэргүүний ялалт бол Ардчилсан намын бас нэг үнэтэй “капитал”. Өөр хэн ч үүнийг хийгээгүй шүү дээ, алдсан долоон тойргийнхоо оронд таван сайдын суудал аваад л амаа хамхицгаасан. Капитал гэдэг зөвхөн материаллаг байдлаар оршдоггүй.

Сонгууль болсноос хойш бүтэн зургаан сарын дараа гишүүнийхээ үнэмлэхийг авсан Х.Тэмүүжин гишүүн УИХ-ын танхимд орж ирсэн цагаасаа хойш долдугаар сарын 1-ний хэргийг шүүлгэхээр тэмцсэн, УИХ-д өмнө нь болж байгаагүй Нээлттэй сонсгол гэх зүйлийг анх оруулж ирээд долдугаар сарын 1-ний хэрэг дээр иргэдийн нүдийг нээж өгсөн гээд хүний эрх, эрх чөлөөний асуудал дээр харин ч Ардчилсан намыг Ардын намаас ялгах ялгаралтай, үнэлэх үнэлэмжтэй харагдуулж байгаа олон залуус энэ намд олон байгаа. Гэхдээ тэднийг улс төрд орж ирэхэд өмнө тавьж байгаа босго нь ердөө 50 сая төгрөг гэдэгт би лав итгэхгүй байна. Мөнгөтэй нь мөнгөөрөө, өнгөтэй нь өнгөөрөө өрсөлддөг энэ хорвоо дээр Ардчилсан намыг ардчилсан харагдуулж чадах тэр хүмүүсээ өмнөө бариад, нүүр царайгаа хийгээд, мөнгөтэй нь мөнгийг нь төлөөд, араас нь чаргуулдаад сонгуульд ордог бас нэг жишиг байдаг. Үнэ төлбөргүй юм гэж энэ хорвоо дээр байдаггүй биз дээ. Боловсрол ч, мэдлэг туршлага ч, хөдөлмөр ч, хувь хүн өөртөө ч үнэ цэнэтэй. Харин үүнийг улс төрийн нам хэрхэн үнэлж цэгнэж, ямархуу менежмэнт хийхээс их зүйл шалтгаална. Мөнгөтэй нь мөнгөөрөө аархаад, “зохицуулдаг баатар” болоод давхиад байвал намдаа ч хорлонтой, өөртэй ч хохиролтой байж мэднэ.   

Хоёр. Намын жагсаалт

Ардчилсан намын авдаг 50 саяын татварыг жишээ болгон авсан нь санамсаргүй зүйл биш. Үндсэн хуулийн Цэц УИХ-ын тухай сонгуулийн хуулийн 28 хувийн босгыг “Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчмыг зөрчсөн” гэж үзсэнээс болж мажоритари тойрогт нэр дэвшээд ялагдсан нөхөр пропорциональ суудал руу гулсаж орох боломж хаагдаж байгаа бололтой. Хэдийгээр Цэцийн дунд суудлын шийдвэрийг УИХ хүлээж авахгүй байх боломжтой ч энэ нь зөв үү, буруу юу гэдгээсээ үл хамаараад УИХ дахь олонхийн шийдвэрээр явах магадлалтай. Харин босго үгүй болж, мажоритари тойрогт нэр дэвшсэн нөхдүүд зөвхөн мажоритари тойргоосоо, пропорциональ тойрогт нэр дэвшсэн нь пропорциональ тойргоосоо сонгогддог болбол яах вэ?

Ямар ч байсан өмнө нь зөвхөн “сонгуулийн холимог тогтолцоотой” гэдгийг харуулах төдий байсан пропорциональ суудлын ач холбогдол илүү нэмэгдэнэ. Өмнө нь “гулсдаг” тойрог руу гуйж байсан нөхдүүд намын жагсаалт руу хошуураад ирэхдээ ч магадгүй. Гэхдээ тэр жагсаалтыг хэн гаргах вэ, намын дарга уу, ҮЗХ, Бага хурал уу, тэд ямар шалгуураар гаргах вэ гэдэг нь пропорциональ тойргийг үнэд оруулах гол зүйл болж байгаа. Мэдээж халааснаасаа мөнгө гаргахгүй, тойрог дээр очиж шар махтайгаа хатахгүйгээр намын нэрээр УИХ-д ороод ирье гэх сонирхолтонгууд гарч л таарна. Тийм хэмжээнд намаа сурталчлаад, нүүр царай болоод, жагсаалтыг тэргүүлээд явах хэмжээний улс төрийн лидерүүд ч байгаа. Харин тэднийг хэн, хэрхэн эрэмбэлэх вэ гэдэг л асуудал.

Хэрвээ сонгуулийг цэвэр пропорциональ системээр явуулах байсан бол жагсаалтын хамгийн эхэнд намын дарга, дараа нь ерөнхий нарийн бичгийн дарга нар зогсч таарна. Энэ намын нүүр царай болж, сонгуульд гол хариуцлагыг үүрч орж байгаа гэдэг утгаараа. Гэтэл цаана нь дахиад мажоритари 48 тойрог байгаа тохиолдолд, тэд бас тухайн тойргууд дээр намаа төлөөлж, нүүр царай болж очно /Р.Гончигдорж Архангайд илүү рейтингтэй байвал Архангайнхан нам дугуйлахдаа Ардчилсан нам руу илүү ханарна гэсэн үг/ гэдэг утгаар парламентын суудлын 2/3-ыг эзэлж буй мажоритари тойргуудыг ч гэсэн сул орхиж болохгүй. Эсрэгээрээ намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нь нийт орон даяар санал асуулга явуулахад сул гишүүдээсээ бага рейтингтэй байвал бас яах вэ.

Тэгэхээр тойрог сайтай /тойрогтоо чансаа өндөртэй нь гэсэн үг/ нь тойрог руугаа, тойроггүй ч гэсэн нийт улс орны хэмжээнд үнэлэгдсэн, дараагийн парламентад одооныхоос арай илүү шинэлэг уур амьсгал, шинэ нөхцөл байдал, илүү эрүүл саруул өөрчлөлт оруулж ирж чадна гэсэн хэсэг нь намын жагсаалт руу орох хэрэгтэй болж байна. Хэрвээ намын удирдлага, эсвэл удирдах дээд байгууллага /бүлэг фракцид хуваагдаж, тохиролцоо хийсэн ердөө л 220 хүний шийдвэр шүү дээ/ шийдсэн гээд баахан мөнгөө төлсөн “хэн ч биш” гуайг оруулаад ирвэл энэ нам унах нүхээ ухлаа л гэсэн үг. Эсрэгээрээ олон жил УИХ-д суусан, сайд, дарга хийсэн туршлагатай гээд гаргаж ирлээ ч гэсэн энэ хугацаандаа амьдарч буй нийгэм, олон нийтээс авсан үнэлэмж нь хэр юм, юу хийж бүтээсэн юм гэвэл бас л хэцүүхэн болоод явчихна. Тэгээд МАН шиг “шинэ залуу боловсон хүчин” нэрээр баахан тэрбумтнуудын хүүхдүүдийг гаргаж ирээд угаасаа олигархийн гэгдээд байгаа Монголын төрийг улам “олигархи” болгох уу?

Үүнд л улс төрийн намууд өөрсдөө хариулт өгөх хэрэгтэй болж байна. Ядахдаа жагсаалтад орж байгаа нөхдүүддээ тавьж байгаа шалгуураа ил болгож, олон нийтэд зарлах хэрэгтэй шүү дээ. Харин үүнийг намууд хийж чадах уу, чадна гэвэл аль нам нь эхлэх вэ? Эсвэл баахан “нуувар” хүүхэд гаргаж ирээд, сонгуулийн дараа амьтны хараал идээд явах уу, үгүй бол тэднийгээ ил зарлаж ороод сонгуульд ялагдал хүлээх үү? Тэртэй тэргүй намууд сонгуулийн өмнө нэр дэвшигчдийнхээ жагсаалтыг ил зарлах учиртай, сонгогчийн санал өгөх кабинд тэр 28 хүний нэр хадаатай байх ёстой гэж хуулинд заасан болохоор “муу нуухаар сайн илчил” гэдэг л болох байх даа.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж