Мъянмарын ардчиллын гэгээ ба сүүдэр

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Мъянмарын ардчиллын гэгээ ба сүүдэр

Мъянмар улс буюу монголчуудын Бирмийн холбоо хэмээх хуучин нэрээр нь сайн мэддэг оронд парламентын нөхөн сонгууль болж сул байсан 45 суудалд 17 намын нэр дэвшигчид өрсөлдсөнөөс сөрөг хүчний Ардчиллын төлөө үндэсний лиг намынхан 44 суудал авч үнэмлэхүй ялалт байгууллаа.

Амьдралынхаа 20 шахам жилийг гэрийн хорионд өнгөрөөсөн Ардчиллын төлөө үндэсний лиг намын тэргүүн, Нобелийн шагналт хатагтай Аун Сан Су Ки өөрийн өрсөлдсөн тойрогтоо 80 хувийн санал авчээ. Ингэснээр сүүлийн 20 жил эрх чөлөөг хүссэн энэ орны иргэдэд ардчиллын гэгээ бага боловч туссан хэрэг боллоо. Хэдийгээр 1990 онд болсон бүх нийтийн сонгуулиар Аун Сан Су Ки-н Ардчиллын төлөө үндэсний лиг нам баттай ялалт байгуулсан ч цэргийн дэглэмийнхэн тус намыг засгийн эрхэнд гаргаагүйгээр үл барам намын тэргүүн хатагтай Аун Сан Су Ки-г баривчлан гэрийн хорионд оруулж байв.

Цэргийн дэглэмийн ноёрхолд байсан тус улсад өнгөрсөн 2011 оны гуравдугаар сарын 30-нд хагас зуун жил оршин тогтносон цэргийн хунт албан ёсоор тарж иргэний Засгийн газарт засгийн эрх шилжсэн юм. Хэдий тийм ч Мъянмарын засгийн эрх 78 настай цэргийн дарангуйлагч Тан Швегийн гарт үлдсэн хэмээн олон улсын шинжээчид үзсээр ирлээ. Хуучны Бирм, өнөөгийн Мъянмарын холбоонд 2010 оны арваннэгдүгээр сарын 7 буюу “Октябрийн баярын” өдөр 20 жилийн хугацаанд анх удаа парламентын бүх нийтийн сонгууль болсон ч парламентын суудлын 77 хувь 1962 оноос хойш улс орныг захирсан цэргийн дэглэмийнхний мэдэлд үлджээ. Энэ сонгуулийн дараахан сөрөг хүчний лидер хатагтай Аун Сан Су Ки гэрийн хорионоос суллагдаж ардчилагчид баяр хөөр болон угтаж байв.

Монголтой нэгэн зэрэг 1990 онд ардчилал руу алхаад цэргийн дэглэмийн өмнө хүчин мөхөсдсөн Мъянмарын сөрөг хүчний хувь заяаг монголчууд ажигласаар ирсэн. Мьянмар улсад Монгол Улстай нэгэн зэрэг 1990 онд анхны ардчилсан, чөлөөт сонгууль болж, хатагтай Аун Сан Су Ки-ийн тэргүүлсэн ардчилсан хүчин ялалт байгуулсан ч Мьянмарын цэргийн дэглэмийн эрх баригчид хүлээн зөвшөөрөхөөс татгалзан ардчилсан хүчний удирдагчийг гэрийн хорионд оруулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын ардчилсан хүчний удирдагч, Нобелийн энх тайвны төлөөх шагналт, ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэгч хатагтай Аун Сан Су Ки-д гэрийн хорионоос суллагдсан даруйд нь Монголын ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, цахилгаан утас илгээж байлаа. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Таныг Мъянмарын засаг захиргаа ямар нэгэн нөхцөлгүйгээр гэрийн хорионоос сулласан тухай мэдээг нэн баяртай хүлээж авлаа.

Хүний эрх, эрх чөлөөг хангах, нийгмийн ардчиллыг хөгжүүлэх нь аливаа улс үндэстний тогтвортой хөгжлийн үндэс гэдэгт миний бие бат итгэлтэй байдаг бөгөөд Монгол Улс, монголчууд 20 жилийн өмнө ардчиллын төлөө тэмцэж, олж авсан эрх чөлөө, олонхийн засаглалын тогтолцоогоо бэхжүүлэх, боловсронгуй болгохоор ажиллаж байгааг та сайн мэдэх билээ.   Ардчиллыг тогтоон хөгжүүлэх, шударга, сонгуульт засаглалын төлөө таны үйл хэрэг зөвхөн улс орондоо төдийгүй Азийн бүс нутаг, олон улсад үлгэр дууриал болж, Мънямар үндэстний бэлгэдэл болсны зэрэгцээ ард түмнийхээ сайн сайхны төлөө тэмцэгч хүн бүрт урам зориг өгч байдаг юм. Таны энэхүү цуцашгүй тэмцэл, эгэлгүй хатан зоригийг Монголын ард түмэн үнэлж, ямагт дэмжиж ирсэн билээ. Мъянмарын ард түмний эрх чөлөө, хөгжлийн төлөөх таны мохошгүй тэмцэл амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн үгтэй цахилгааныг тухайн үед илгээж байв.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн оны аравдугаар сард Брюссель хотноо болсон Ази-Европын дээд хэмжээний уулзалтад оролцож үг хэлэхдээ Монгол Улсын ардчилсан хөгжлийн 20 жилийн ойн туршлагын тухай ярьж, адилхан нөхцөлд анхны чөлөөт сонгууль явуулж байсан Мьянмарын өнөөгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлсэн юм.   

Энэ дөрөвдүгээр сарын 1-ний ням гаригт болсон парламентын нөхөн сонгуульд Аун Сан Су Ки-ийн нам ялсан нь Мъянмарын ардчилалд гэгээ болж буй ч олон улсын ажиглагчид сүүдэртэй талыг нь мөн дурдаж байна.

Хориод жилийн тэртээ бодит ялалтыг нь хүлээн зөвшөөрөөгүй цэргийн дэглэмийнхэн энэ удаа үнэмлэхүй ялалтыг сөрөг хүчиндээ өгсөн нь АНУ, барууныхны анхааралд эерэгээр өртөж ардчиллыг хүлээн зөвшөөрдөг гэсэн имиж бүрдүүлэхээр зохиосон заль байж болох юм гэсэн хардлага сэрдлэг ч гарч эхэлжээ.

Ямар боловч гэрийн хорионд олон жил суусан ч сөрөг хүчнээ тэргүүлсээр ирсэн хатагтай Аун Сан Су ки-н нам нөхөн сонгуульд ялсан нь Азийн ардчилалд нэгэн шинэ урсгал нэмээд байна.

                        Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж