Гадаад үг цээжлэх easy way

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Гадаад үг цээжлэх easy way

Гадаад ертөнцтэй харилцаа холбоо эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед дор хаяж ямар нэг гадаад хэл мэдэхгүй бол амжилтанд хүрэх боломжгүй болжээ. Тэгвэл гадаад хэл богинохон хугацаанд яаж сайн сурах вэ? гэсэн асуудал хүн бүрийн, тэр тусмаа залуу хүн бүрийн санааг зовоож байгаа нь ойлгомжтой. Гадаад хэл сурахад олон үг цээжлэх явдал хамгийн хэцүү даваа болдог. Ихэнх гадаад хэл сурагчид маань үгнүүдээ системгүй цээжилдэг. Ингэж цээжлэхэд хэрэгтэй үгнүүдээ эргэж санахад хэцүү байдаг. Харин мнемоникийн тусламжтайгаар нэг дор олон гадаад үг, үсэг баттай цээжлэх боломжтой. Ямар ч хэлний үгнүүд бүгд цаанаа тодорхой нэг л утга илэрхийлдэг. Жишээлбэл, монголоор “алим” гэдэг жимсийг оросоор “яблоко”, англиар “apple”, солонгосоор “са гва” гэнэ. Харин энэ олон үгний цаана нэг л төрлийн жимс байна. Тийм болохоор бид утгыг нь мэдэж байгаа болохоор сурч байгаа хэл дээрээ дуудлагыг нь л цээжлэх хэрэгтэй болно. Ингэхийн тулд тогтоох гэж байгаа зүйлээ тодорхой дүрслэх хэрэгтэй. Олон үг цээжлэх хэрэгтэй бол тус бүрийх нь утгыг дүрслээд бүгдийг нь хооронд нь өмнө үзсэн аль нэг аргаараа холбоно. Дараа нь дуудлагуудыг нь дүрс болгонтойгоо холбож өгнө. Эцэст нь давталтын үечлэлийн дагуу цээжнээсээ давтахад л хангалттай.

Гадаад үгнүүд цээжлэх өөр арга бол тэдгээрийг бодит орчинд нь цээжлэх явдал юм.

Бид эргэн тойрныхоо эд зүйлийн утгыг илэрхийлсэн үгнүүдийг хамгийн их хэрэглэдэг. Тэгэхээр цээжлэх үгнүүдийн утга нь бэлэн байна л гэсэн үг. Тэр нь таны амьдардаг хот, аймаг, сум, танай гэр, өрөөнүүд чинь, сурдаг сургууль, ажлын газар байж болно. Тэнд танд хэрэгтэй сандал, ширээ, ор, дэвсгэр гэх мэт бүх зүйл байх ёстой. Хүний тухай үгс цээжлэх гэж байгаа бол найзыгаа гэртээ авчраад (оюун санаандаа) түүний эрхтнүүдийг нэг бүрчлэн тогтоож болно. Мөн үйл үгс цээжлэх үедээ хүнтэй туршилт хийдэг лаборатори төсөөлөх хэрэгтэй. Тэгээд цээжлэх гэж байгаа үгсээ тодоор төсөөлөн гадаад дуудлагыг нь дээр нь байршуулна. Бодит үгсийг шууд, хийсвэр үгсийг бэлгэдлийн, дуудлагын төстэй байдал дээр тулгуурласан гэх мэт дурын аргаараа дүрс болгон хувиргаж цээжлэнэ.

Зурагт толь худалдан авч бүх зурагнуудыг нь нэг нэгэнгүй анхааралтай ажиглан дүрст нийлэмж үүсгэн цээжлээрэй. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг үгсийн толь худалдан авч цээжилсэн ч болно. Энэ аргаар Ой тогтоолтын Дэлхийн 7 удаагийн аварга Доминик О’Брайен 1 цагийн дотор 320 герман үг цээжилж байсан юм. 1цагт 50 гадаад үг цээжлэх манай сургалтанд хамрагдсан нэг охин 17 минутанд 50 англи үг цээжилж дээд амжилт тогтоож байсан юм.

Гэхдээ цээжилсэн үгсээ идэвхтэй давталтын аргаар 8, 24 цаг, тэгээд 2 хоногийн дараа давтан батжуулахаа бүү мартаарай. Дараа нь 2 долоо хоногийн дараа давтана. Энэ үед мартагдсан үгсээ давтахад дахин мартагдахгүйгээр цээжлэгдэнэ. Эцэст нь хамгийн гол зүйл бол сурсан үгсээ ашиглах явдал юм. Танд хэрэгтэй бол та санана.

Dagiimaa
http://hajime.blog.gogo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж