УИХ-ын дарга ОУПХ-ны Ерөнхийлөгчтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга ОУПХ-ны Ерөнхийлөгчтэй уулзав

ОУПХ-ны ээлжит чуулганд оролцож байгаа Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл энэ сарын 1-ний өдөр тус холбооны Ерөнхийлөгч ноён Авдулаухад Радитэй уулзаж ярилцав.

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл ноён Авдулаухад Радийг ОУПХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргээд ОУПХ-ны бүхий л үйл ажиллагааг Монгол Улс талархан дэмжиж идэвхитэй оролцож ирсэн, энэ удаагийн Ассамблейд ч парламентын олон гишүүн оролцож чуулганаар хэлэлцэж буй асуудлын талаар өөрсдийн талаар санал бодлоо хуваалцаж байгааг тэмдэглэлээ.

Монгол Улс хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийн төлөө тууштай замнаж, улс  орны эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байгааг Улсын Их Хурлын дарга онцлоод Монгол, Мароккогийн харилцаа, хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Мөн ноён Ерөнхийлөгчийг тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урилаа.

Дэлхийн нэр хүндтэй энэхүү байгууллагын Ерөнхийлөгчөөр сонгогдоход нь дэмжлэг үзүүлсэн, түүнчлэн Монгол Улсын парламент ОУПХ-ны үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байдаг, энэ удаагийн чуулганд ч ихээхэн ач холбогдол өгч өргөн бүрэлдэхүүнтэй оролцож санал бодлоо илэрхийлсэнд ноён Ерөнхийлөгч талархал илэрхийлээд удахгүй болох сонгуульдаа амжилт гаргахыг ерөөв. Мөн олон улсын хурал чуулганд мөр зэрэгцэн сууж байсан, Монголын талаар олон ном уншсан, баримтат кино ч үзэж байснаа дурсаад ОУПХ-ны шугамаар Монголд очиж болох юм гэдгээ хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж