Жокович Майамид гурав дахь цомоо хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Жокович Майамид гурав дахь цомоо хүртлээ

АНУ-ын Флорида мужийн Майами хотод болсон Мастеруудын 1000 ангилалд багтах “Sony Erisson Open” тэмцээний аваргаар дэлхийн тэргүүн теннисчин Новак Жокович тодорлоо. Тэрбээр шигшээ тоглолтод Их Британийн Энди Муррейг 6:1, 7:6-аар буулган авч, тус тэмцээний гурав дахь цомоо хүртсэн байна.

Жоковичийн хувьд тус тэмцээний 2009 оны шигшээд шалгарахдаа Энди Муррейд ялагдаж байсан бөгөөд тэрбээр сүүлийн хоёр жил дараалан тус тэмцээнд түрүүлээд байна. Жокович тус тэмцээнд түрүүлснээрээ 660 мянган ам.доллар хүртэж, чансааны 1000 оноо хүртсэн бол Муррей 320 мянган ам.доллар хүртэж чансааны 600 оноо хүртлээ.

Мөн эмэгтэйчүүдийн хосын төрөлд тус тэмцээний тавд эрэмбэлэгдсэн ОХУ-ын теннисчин Мария Кириленко болон Надия Петрова нар Италийн Сара Эрани, Роберта Винчи нарыг 7:6, 4:6, 10-4-өөр буулган авсан байна. ОХУ-ын теннисчин Петровагийн хувьд тус тэмцээний хосын төрлийн 2010, 2011 оны шигшээд шалгарч байсан бөгөөд энэ жил тус тэмцээнд нутаг нэгт Кириленкотой хослон цомын эзэн боллоо. Харин хосын төрлийн шигшээд шалгарсан Италийн хосууд оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээний шигшээд ОХУ-ын Кузнецова болон Вера Звонарева нарт ялагдаж байсан билээ.

Дашрамд дуулгахад, оны хоёр дахь “Их дуулга” болох “Роллан Гаррос” буюу Францын нээлттэй тэмцээн тавдугаар сарын 28-наас зургадугаар сарын 10-нд болно.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж